Хайх

Линдси Лохан: #MeToo хөдөлгөөний талаар ярьж байгаа эмэгтэйчүүд сул дорой харагддаг

Линдси Лохан: #MeToo хөдөлгөөний талаар ярьж байгаа эмэгтэйчүүд сул дорой харагддаг

Болсон явдлыг олон жилийн дараа бус тэр дор нь мэдэгдэж байх хэрэгтэй

Text: Бюро 24/7

Жүжигчин, дуучин Линдси Лохан сүүлийн үед Холливүүдэд хүчтэй өрнөж байгаа #MeToo хөдөлгөөний талаар өөрийн бодлоо хуваалцлаа. Жүжигчин бүсгүй The Times сонинд өгсөн ярилцлагадаа бэлгийн дарамтанд өртсөн эмэгтэйчүүд энэ тухай ярихдаа сул дорой харагддаг хэмээн мэдэгджээ.

Сэтгүүлч Линдсигээс #MeToo хөдөлгөөнтэй холбоотой хувийн туршлага байгаа эсэхийг нь лавлахад тэрээр "Надад үнэхээр хэлэх зүйл алга. Би өөрөө туулж үзээгүй зүйлийнхээ талаар ярих боломжгүй. Үгүй гэж үү? Сонсооч, би эмэгтэйчүүдийг дэмждэг. Хүн бүр өөрийн гэсэн туршлагатай. Хэрэв тодорхой нэг цагт ямар нэг зүйл болж өнгөрвөл та үүнийг тэр дор нь л хэлэлцэнэ. Та цагдаад хандсанаар үүнийг баримт болгоно. Би өөрийгөө үзэн ядна гэдгээ мэдэж байгаа ч эмэгтэйчүүд ийм зүйлийн талаар (#MeToo) ярихдаа сул дорой харагддаг. Үнэн хэрэгтээ тэд их хүчирхэг шүү дээ. Мөн анхаарал татахын тулд ийм зүйл ярьж байгаа бүсгүйчүүд ч байгаа. Харин энэ нь жинхэнэ болж буй үйл явдлаас анхаарлыг холдуулж байна" хэмээн хариулжээ.

Эргэн сануулахад #MeToo хөдөлгөөн Холливүүдэд дөнгөж өрнөж эхэлж байх үед Линдси Лохан олон арван эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн хэмээн буруутгагдаж байгаа продюсер Харви Вайнштейны талд зогсож байсан юм. Жүжигчин бүсгүй өнгөрсөн аравдугаар сард Харви Вайнштейны эхнэр дизайнер Жоржина Чепменд хандсан бичлэгийг Instagram хуудастаа нийтэлж байсан билээ (одоо устгагдсан). Тэрээр Чепмен нөхрөө дэмжих хэрэгтэй гэдгийг онцолж "Би одоо болж байгаа зүйлсийг зөв гэж бодохгүй байна. Харви хэзээ ч надад ямар нэг муу зүйл хийж байгаагүй" гэж хэлж байсан юм.

Дашрамд дурдахад продюсер Харви Вайнштейныг өнгөрсөн тавдугаар сарын 25-нд Нью-Йорк хотод явж байхад нь баривчилсан билээ. Хэрэв шүүх түүний гэм буруутайг тогтоовол Харви Вайнштейн бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлэх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх