Хайх

Pantone институт 2019 оны гол өнгийг зарлалаа

Pantone институт 2019 оны гол өнгийг зарлалаа

Өөдрөг сэтгэлгээ, цог золбоо, баяр хөөрийг илэрхийлэх "Амьд Шүр"

Text: Бюро 24/7


Уламжлал ёсоор жил бүрийн арванхоёрдугаар сард Pantone өнгөний институт ирэх оны гол өнгийг нэрлэдэг билээ. Тэгвэл 16-1546 кодтой "Living Coral" буюу "Амьд Шүр" хэмээх нэртэй өнгө 2019 оны гол өнгөөр тодорсон байна.

Далай тэнгисийн ёроолын хад асганд хүйгээр амьдардаг, ургамал мэт суумал амьтан болох шүр хорхойн өнгө өөдрөг сэтгэлгээ, цог золбоо, баяр хөөртэй мэдрэмжийг төрүүлэх ажээ. Pantone институтийн тэргүүн Леатрис Эйсман "Дижитал технологи, олон нийтийн сүлжээний хэрэглээ нэмэгдсээр буй өнөө үед амьд харилцааг умартаж, бодит бус зүйлд ууссаар байна. Үнэн хэрэгтээ байгаль дэлхий бол хамгийн үнэн зүйл бөгөөд “Living Coral” өнгө тэрхүү бодит үнэнийг илэрхийлэх болно” хэмээн тайлбарласан байна.

Дашрамд дурдахад Pantone институт өнгөрсөн 20 жилийн туршид жил бүрийн онцлох өнгийг тодорхойлсон ба сонгогдсон өнгө нь тухайн жилдээ хувцас загвар, урлаг, дизайн гээд бараг бүхий л салбарт онцгой байр суурь эзэлдэг уламжлалтай билээ. Эргэн сануулахад "Ultra Violet" буюу нил ягаан өнгө нь 2018 оны гол өнгөөр нэрлэгдээд байсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх