Хайх

Шилдэг уран бүтээлчид энэ жилийн Грэммиг алгаслаа. Яагаад?

Шилдэг уран бүтээлчид энэ жилийн Грэммиг алгаслаа. Яагаад?

Хэн, ямар шалтгаанаар хүрэлцэн ирсэнгүй вэ?

Text: Buro.Mongolia


Грэмми шагнал гардуулах ёслол бол хөгжмийн ертөнцийн хамгийн чухал арга хэмжээ гэдэгтэй маргах зүйл үгүй. Гэхдээ энэ удаагийн ёслолд салбарын гол уран бүтээлчид хүрэлцэн ирээгүй нь нэг зүйлийг илтгэх гэлтэй. Бейонсе, Рианна, Тейлор Свифт, Кендрик Ламар, Childish Gambino, Эд Ширан, Ариана Гранде, Jay-Z зэрэг бид бүгдийн хайртай дуучид бүгд энэ оны Грэммиг алгассан юм. Зарим нь ажлын хуваарь давхацсаны улмаас ирж чадаагүй бол, зарим нь зүгээр л сонирхолгүй байж, харин зарим нь зохион байгуулагчидтай санал зөрөлдсөн учраас ёслолд оролцохгүй байхаар шийджээ. Юутай ч 61 дэх удаагийн Грэмми гол ододгүйгээр урьд өмнөх шиг ээ тод гялалзаж чадсангүй ээ. Үүнээс гадна дуучин Дрейк оны шилдэг рэп дуу шагналыг "God's Plan" бүтээлээрээ хүртэхдээ тайзнаа гарч ирэн Грэммигийн ач холбогдлыг үгүйсгэсэн утгатай үгс хэлснээр ёслолын эргэн тойрон дахь шуугианыг бүр ч дэврээлээ. "Сэтгэлийнхээ гүнээс уран бүтээлээ туурвидаг мэргэжил нэгт нөхдүүддээ хандан хэлэхэд бид бусдын бодол дээр тулгуурласан спортод өрсөлдөж байна. Энэ чинь NBA биш шүү дээ. Хэрвээ хүмүүс чиний дууг дуулдаг бол, хэрвээ тоглолтыг чинь үзэхээр хөдөлмөрлөж олсон мөнгөө зарцуулан тасалбар аван ирдэг бол чи аль хэдийнэ хожсон гэсэн үг. Чамд энэ зүй хэрэггүй ээ." Хэмээн Дрейк хэлсэн юм.

Тэгэхээр хэн, ямар шалтгаанаар Грэмми шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирээгүйг доороос харцгаая.

Бейонсе ба Jay-Z

Шилдэг уран бүтээлчид энэ жилийн Грэммиг алгаслаа. Яагаад? (фото 1)

Хэрвээ та санаж байгаа бол Бейонсегийн "Lemonade" цомог 2017 оны Грэммид ялалт байгуулж чадалгүй Аделийн "25" цомгийн дараа хоёрдугаар байранд жагссан. Мөн Jay-Z-гийн "4:44" цомог 2018 онд Грэммигийн нийт найман төрөлд нэр дэвшсэн ч нэг ч ялалт байгуулж чадаагүй гээд Картер гэр бүлийнхэнд Грэммитэй холбоотой таагүй дурсамжууд бий. Хэдийгээр тэдний хамтран бүтээсэн "Everything Is Love" цомог энэ удаад Оны шилдэг Контемпорари цомгоор шалгарсан ч уран бүтээлчид голлох төрлүүдэд нэр дэвшээгүй тул ёслолд оролцохгүй байхаар шийджээ.

Тейлор Свифт

Шилдэг уран бүтээлчид энэ жилийн Грэммиг алгаслаа. Яагаад? (фото 2)

Тейлор Свифт бол нийт 10 Грэмми шагналын эзэн. Гэхдээ түүний сүүлд гаргасан Reputation цомог энэ удаад ердөө нэг төрөлд нэр дэвшсэн бөгөөд энэхүү төрөлдөө ялалт байгуулж чадсангүй. Хамгийн гол нь Свифт 2016 оноос хойш Грэммигийн ёслолд оролцоогүй ба энэ талаар ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Юутай ч тэрээр яг одоо Лондон хотноо кино зураг авалтад оролцон тун завгүй байгаа.

Childish Gambino

Шилдэг уран бүтээлчид энэ жилийн Грэммиг алгаслаа. Яагаад? (фото 3)

2018 онд Дональд Гловер Грэммигийн тайзнаа дуулж, үүгээр ч барахгүй "Awaken, My Love!" цомгоороо хамгийн гол төрлүүдэд өрсөлдсөн ч ялалт байгуулж чадаагүй. Харин энэ онд түүний "This Is America" бүтээл Оны Шилдэг Дуугаар тодорч тус шагналыг хүртсэн хамгийн анхны рэп дуу болон Грэммигийн түүхэнд бичигдсэн юм. Мөн Гловер энэхүү бүтээлээрээ шилдэг бичлэг, шилдэг видео клип төрлүүдэд ялалт байгуулсан ч өөрийн биеэр шагналаа хүртсэнгүй. Тэрээр мөн энэ жил Грэммигийн тайзнаа дуулах урилга авсан ч татгалзсан хариу өгсөн юм.

Ариана Гранде

Шилдэг уран бүтээлчид энэ жилийн Грэммиг алгаслаа. Яагаад? (фото 4)

Ариана Грандегийн "Sweetener" цомог энэ оны Грэммигээс Шилдэг Поп Цомог шагналыг хүртсэн ч дуучин бүсгүй зохион байгуулагчидтай санал зөрөлдсөний улмаас ёслолд оролцсонгүй. Тодруулбал тэрээр анх Грэммигийн тайзнаа дуулах төлөвлөгөөтэй байсан ч түүний санал болгосон дуунуудыг зохион байгуулагчид хүлээн зөвшөөрөөгүй тул Гранде ёслолд оролцохоо больж энэ талаар олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ бичсэн байгаа. "Дуу хөгжим бол миний хувьд улс төр биш, ямар нэгэн тоглоом биш. Энэ нь харин юуны түрүүнд урлаг бөгөөд бие биенээ дэмжин, шударга байхтай шууд холбоотой зүйл юм" хэмээн Гранде бичжээ.

Кендрик Ламар

Шилдэг уран бүтээлчид энэ жилийн Грэммиг алгаслаа. Яагаад? (фото 5)

Ламар өөрийн карьерын туршид нийт 12 Грэммигийн шагнал хүртсэн. Гэхдээ тэрээр гурван ч удаа нэр дэвшиж байсан ч Оны Шилдэг Цомог төрөлд ялалт байгуулж чадаагүй байдаг. Юутай ч энэ онд ёслолын зохион байгуулагчид Ламарт тайзнаа дуулах санал тавьсан ч тэрээр татгалзсан хариу өгч арга хэмжээнд хүрэлцэн ирээгүй юм.

Рианна

Шилдэг уран бүтээлчид энэ жилийн Грэммиг алгаслаа. Яагаад? (фото 6)

Рианна ч бас карьерынхаа туршид чамгүй олон Грэмми хүртсэн чадварлаг уран бүтээлч. Гэхдээ тэрээр шинэ цомог гаргалгүй гурван жил болж байгаа бөгөөд хөгжмийн ертөнцөөс түр хугацаанд хөндийрөн гоо сайхан, загварын салбарт хүчээ үзэж байгаа билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх