Хайх

Түймэрт шатсан Парисын дарь эхийн сүмийг сэргээн босгоно

Түймэрт шатсан Парисын дарь эхийн сүмийг сэргээн босгоно

Хамтын хүчээр

Text: Бюро 24/7


Өчигдөр шөнө Парис хотын зүрхэнд орших 850 жилийн настай Нотр Дам буюу Парисын дарь эхийн сүм түймэрт автаж, Францын төдийгүй дэлхийн түүх, соёл асар их гарз хохирлыг амсаад байна. Үүнтэй холбогдуулан бид Готик архитектурын бэлгэ тэмдэг болсон Францын түүхэн дурсгалт католик шашны сүмийн ирээдүйн талаар сурвалжиллаа.

Түймэр гарсан шалтгаан

Одоогийн байдлаар түймэр гарсан шалтгааныг албан ёсоор тогтоогоогүй байгаа ч Францын цагдаа нар санамсаргүй байдлаар гал алдсан хэмээн үзэж байгаа гэдгийг CNBC мэдэгджээ. Тодруулбал Парисын дарь эхийн сүмд 6,8 сая ам.долларын өртөгтэй сэргээн засварлах ажил хийгдэж байсан бөгөөд энэ үеэр гал алдсан байх магадлалтай хэмээн гал сөнөөгчид таамаглаж байна.

Түймрээс "аврагдсан" эд зүйлс

XIII зуунд баригдсан католик шашны сүмийн модон орой болон дээвэр шатаж үгүй болсон ч гал сөнөөгчид сүмийн үндсэн хоёр цамхаг болон фасадыг үнсэн товрог болохоос аварч чаджээ. Хотын дарга Анна Идальго сүмд хадгалагдаж байсан гол урлагийн бүтээлүүд болон үнэлэгдэшгүй ховор шашны эд зүйлсийг түймрээс хамгаалж чадсан болохыг Twitter хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тухайлбал Есүс Христийн титэм, Гэгээн Льюисийн цамц болон бусад хэд, хэдэн түүхэн дурсгалт эд зүйлсийг гал сөнөөгчид шатаж үгүй болохоос аварчээ.

Францын тэрбумтан сүмийг сэргээн засварлахад тусална

Kering группийн ерөнхий захирал, тэрбумтан Франсуа Анри Пино Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлахад зориулж 113 сая ам.долларын тусламж үзүүлэх болсныг CNN мэдэгдсэн байна. Дашрамд дурдахад Kering групп нь Gucci, Balenciaga, Bottega Veneta зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийг эзэмшдэг билээ.

Францын ерөнхийлөгч "Бид хамтдаа Нотр Дамыг сэргээн босгоно"

Франц улсын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэхүү түймрийг "эмгэнэлт үйл явдал" хэмээн нэрлэж, Францын ард түмэн болон католик шашинтнуудын төлөө залбирахаа мэдэгдсэн байна. Үүнээс гадна тэрбээр амь биеэ үл хайрлан уйгагүй ажилласан гал сөнөөгчдөд талархал илэрхийлсэн юм. Мөн Макрон өнөөдрөөс эхлэн Парисын дарь эхийн сүмийг сэргээн засварлах ажилд зориулж хөрөнгө босгоно гэдгээ мэдэгдэн "Бид хамтдаа Нотр Дамыг сэргээн босгох болно" хэмээн амлалт өглөө.

цааш үзэх