Хайх

Westworld цувралын хоёрдугаар улирлын трейлер цацагдаж, нээлтийн тов зарлагдлаа

Роботуудын бослого

Text: Бюро 24/7


Зураг:

АНУ-ын Үндэсний хөл бөмбөгийн лигийн "Super Bowl" тэмцээний үер дэлхийн шилдэг брэндүүдийн сурталчилгаа, телевизийн шоуны шинэ трейлерүүд цацагддаг уламжлалтай. Тэгвэл HBO телевиз 2018 оны "Super Bowl" тэмцээний үеэр шинжлэх ухааны уран зөгнөлт "Westworld" цувралын хоёрдугаар улирлын трейлерийг нийтэлсэн байна. Хэрэв та энэхүү цувралын нэгдүгээр улирлыг үзэж амжаагүй байгаа бол нийтлэлийг цааш уншихгүй байхыг зөвлөе.

Жонатан Ноланы бүтээсэн "Westworld" цувралд андроид роботуудын амьдардаг сэдэвчилсэн паркийн тухай өгүүлдэг байгаа. Чинээлэг хүмүүс асар өндөр төлбөр төлж энэхүү хиймэл ертөнцөд хүрэлцэн ирэх бөгөөд роботуудтай хүссэн зүйлээ хийх эрхтэй байдаг. Харин роботуудын оюун ухааныг тогтмол "арчиж" байдаг тул өөрсдөд нь юу тохиолдсоныг тэд огт санахгүй. Гэхдээ футурист паркад ямар нэг алдаа гарсны улмаас зарим роботууд өмнөх явдлаа санаж, тэр ч бүү хэл жинхэнэ хүн биш гэдгээ олж мэддэг.

Шинэ трейлерээс харахад цувралын хоёрдугаар улиралд роботууд өөрсдийн гэсэн шинэ ертөнц байгуулах зорилгоор паркийг бүтээсэн Delos корпораци руу дайрч, бослого гаргаж байна. Гэхдээ The Hollywood Reporter вебсайтын мэдээллэснээр энэхүү трейлерт багтсан зарим хэсгүүдийг найруулагч Жонатан Нолан зөвхөн "Super Bowl"-д зориулж бүтээсэн тул цувралд багтахгүй байх магадлалтай гэжээ.

Дашрамд дурдахад "Westworld" цувралын шинэ трейлерт Канье Уэстийн "Runaway" дууны аяыг ашигласан байна.

Энтони Хопкинс, Эван Рэйчел Вуд, Тэнди Ньютон, Жеймс Марсден нарын тоглосон "Westworld" цувралын хоёрдугаар улирал 2018 оны дөрөвдүгээр сарын 22-нд HBO телевизээр гарна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх