Хайх

Женнифер Лоуренс, Гильермо дель Торо, Даррен Аронофски: Венецийн кино наадмын хөтөлбөр зарлагдлаа

Женнифер Лоуренс, Гильермо дель Торо, Даррен Аронофски: Венецийн кино наадмын хөтөлбөр зарлагдлаа

74 дэх удаагийн

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Дэлхийн хамгийн эртний кино наадам болох Венецийн олон улсын кино наадмын 2017 оны хөтөлбөр зарлагдлаа. Энэ жил 74 дэх удаагаа зохион байгуулагдах гэж буй кино наадмын гол шагнал болох "Алтан арслан"-д нийт 21 кино өрсөлдөхөөр болжээ. Өрсөлдөх бүтээлүүд дунд Жорж Клуни, Даррен Аронофски, Гильермо дель Торо зэрэг шилдэг найруулагчдын кинонууд багтаж байна. Тухайлбал Даррен Аронофски энэ жил Женнифер Лоуренс гол дүрд нь тоглосон "Mother!" нэртэй аймшгийн киногоо танилцуулах бол, Гильермо Дель Торо "The Shape of Water" гэх романтик аймшгийн кино толилуулах болно. Харин жүжигчин Жорж Клуни "Suburbicon" нэртэй өөрийн долоо дах киногоор өрсөлдөхөөр болжээ. Клунигийн найруулсан гэмт хэргийн сэдэвтэй энэхүү триллер киноны зохиолыг Коэны ах дүүс бичсэн юм.

 

Энэ удаагийн кино наадмыг найруулагч Александр Пэйнийн "Downsizing" нэртэй уран зөгнөлт, инээдмийн кино нээнэ. Мэтт Дэймон гол дүрийг нь бүтээсэн энэхүү кинонд нэгэн хос өөрсдийгөө жижиг хэмжээтэй болгосноор илүү хялбар бөгөөд хэмнэлттэй амьдарна гэж боддог. Түүнчлэн энэ жилийн Венецийн кино наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Эдгар Райт, Ильдико Эньеди, Мишель Франко, Йонфан гэх найруулагчид, жүжигчин Ребекка Холл, Анна Муглалис, Жасмин Тринка, мөн кино шүүмжлэгч Дэвид Стрэттон нар багтаж байна. Харин шүүгчдийн багийг "BAFTA", "Golden Globe" шагналын эзэн, америкийн жүжигчин Аннет Бенинг тэргүүлэхээр болжээ.

Женнифер Лоуренс, Гильермо дель Торо, Даррен Аронофски: Венецийн кино наадмын хөтөлбөр зарлагдлаа (фото 1)

Венецийн 74 дэх удаагийн кино наадам 2017 оны наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 9-нийг хүртэл Венецийн Лидо арал дээр зохион байгуулагдана. Та Венецийн кино наадамд өрсөлдөж буй бүтээлүүдийн бүрэн жагсаалтыг эндээс үзээрэй.

цааш үзэх