Хайх

Оскар 2018: Урьдчилсан таамаг

Оскар 2018: Урьдчилсан таамаг

Америкийн кино академийн шагналд ямар бүтээлүүд нэр дэвших магадлалтай байна вэ?

Text: Buro.Mongolia


Зураг:

Оскарын 90 дэх удаагийн кино наадмын өрсөлдөөн яг одоо жинхэнэ ид үедээ явж байгааг энгийн үзэгчид төдийлөн сайн мэдэхгүй байх. Энэ оны хамгийн чухал кино наадмууд ар, араасаа зохион байгуулагдаж дууссан тул одоо Оскарын шагналд ямар бүтээлүүд өрсөлдөх талаар таамаглаж болно гэсэн үг юм. Оскарын наадмын үеэр ямар кинонууд өрсөлдөхийг урьдчилан таамаглахын тулд ердөө л Канн, Венец, Торонто болон Теллурайдын кино наадмын ялагчдыг харахад л хангалттай. Тэр дундаа Теллурайдын кино наадам энд маш чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг онцлох хэрэгтэй.

Нэр дэвшигчдийн жагсаалтанд үзэгчдээс маш муу үнэлгээ авсан бүтээлүүд ч бас оролцох боломжтой. Энэ удаад өнгөрсөн Венецийн кино наадамд хамгийн их шуугиан тарьсан Даррен Аронофскийн "Mother!" кино шүүгчдийн анхаарлыг татна гэдэгт итгэлтэй байж болно. Уг кино нь нэлээд зөрчилдөөнтэй бүтээл болсон гэж хэлж болно. Энэхүү кино нь эхлээд кино наадмын үзэгчдэд маш сөрөг сэтгэгдэл төрүүлж, дараа нь кино шүүмжлэгчдээс төдийлөн өндөр үнэлгээ авч чадаагүй юм. Эцэст нь CinemaScore вебсайт уг кинонд "F" үнэлгээ өгч, масс үзэгчид ч энэхүү бүтээлд асар муу дүн тавьсан байгаа. Кино театрт гарч байгаа бүтээлүүдийг үнэлдэг энэхүү вебсайтын түүхэнд ердөө л 19 кино ийм үнэлгээ авч байсан юм. Хэдийгээр "Mother!" кино 90 дэх удаагийн Оскарын шагналд "Оны шилдэг кино" төрөлд өрсөлдөх магадлал тун бага боловч Женнифер Лоуренс "Шилдэг эмэгтэй жүжигчин" төрөлд тав дах удаагаа нэр дэвших магадлалтай байна.

Оскар 2018: Урьдчилсан таамаг (фото 1)

Аймшгийн ба комик зохиолоос сэдэвлэсэн кинонууд. Энэ удаад "Wolverine"-ий тухай гурав дах буюу эцсийн кино болох "Logan" Оскарын шагналд нэр дэвших бүрэн боломжтой байгаа юм. Хэрэв уг кино нэр дэвшсэн тохиолдолд энэ нь комик зохиолоос сэдэвлэсэн бүтээлүүдийн хувьд эргэлт хийсэн үйл явдал болох болно. Мөн мэргэжилтнүүд энэ онд нээлтээ хийсэн, хүмүүсийн гол ярианы сэдэв болсон "Get Out" нэртэй триллер кинонд ч найдлага тавьж байгаа. Хэдийгээр дээрх жанрын кинонуудад шүүгчид төдийлөн дуртай байдаггүй ч "Logan" болон "Get Out" кинонууд нь "Шилдэг кино зохиол" төрөлд нэр дэвших боломжтой юм.

Оскар 2018: Урьдчилсан таамаг (фото 2)

Торонтогийн кино наадмын санаанд оромгүй бүтээл. "The Disaster Artist" бол Оскарын шагналд нэр дэвших хамгийн бага найдлагатай кино. Гэхдээ уг бүтээлийг шүүмжлэгчид аль хэдийнээ Жеймс Франкогийн хамгийн сайн кино гэж нэрлээд байна. Хачирхалтай нь "The Disaster Artist" бол түүхэн дэх хамгийн муу киноны нэг гэгддэг Томи Вайсогийн "The Room" киноны зураг авалтын талаар өгүүлдэг намтарчилсан инээдмийн бүтээл юм. Хэрэв Жеймс Франко дэлхийн хамгийн муу киноны тухай өгүүлэх өөрийн бүтээлээрээ Оскарын шагнал хүртвэл энэ нь үнэхээр санаанд оромгүй үйл явдал байх болно.

Оскар 2018: Урьдчилсан таамаг (фото 3)

Магадгүй Гари Олдманы анхны Оскар. Кино шүүмжлэгчид Гари Олдманыг "Darkest Hour" киноны Уинстон Черчиллийн дүрээр Оскарын шагнал хүртэнэ гэдэгт маш итгэлтэй байгаа гэдгийг дурдах хэрэгтэй. Хамгийн анх бөгөөд цорын ганц удаа тэрээр 2012 онд "Tinker Tailor Soldier Spy" киногоороо "Шилдэг эрэгтэй жүжигчин" төрөлд нэр дэвшиж байсан удаатай. Гэвч харамсалтай нь Гари Олдман, Жан Дюжарденд ("The Artist") ялагдсан билээ.

Оскар 2018: Урьдчилсан таамаг (фото 4)

Динамо ажиллагаа. Мэргэжилтнүүд Кристофер Ноланы дайны сэдэвтэй "Dunkirk" киног зөвхөн техникийн хэсэгт төдийгүй "Шилдэг кино", "Шилдэг найруулагч" гэх зэрэг үндсэн төрлүүдэд нэр дэвших бүрэн боломжтой гэж үзэж байна. Хэдийгээр өмнө нь түүний "Memento", "Inception" гэх бүтээлүүд Оскарын наадамд нэр дэвшиж байсан ч, Нолан нэг ч удаа "Шилдэг найруулагч" шагналыг хүртэж үзээгүй билээ.

Түүнчлэн өнгөрсөн Каннын кино наадмаас "Шилдэг найруулагч" шагнал авсан София Коппола энэ жилийн Оскарын наадмын маш хүчтэй өрсөлдөгч байх болно. Түүнчлэн Кэтрин Бигелоу өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийсэн "Detroit" киногоороо өрсөлдөх өндөр магадлалтай байна.

Оскар 2018: Урьдчилсан таамаг (фото 5)

цааш үзэх