Хайх

Cartier -ын гайхамшигт ордонд зочлохуй

Cartier -ын гайхамшигт ордонд зочлохуй

Брэнд дотор

Text: Buro.Mongolia


Үнэт эдлэлийн салбарын төрхийг 170 жилийн турш тодорхойлж байгаа Cartier ордон ихэнхидээ энгийн хүмүүст хаалттай байдаг ч Buro24/7-д тусгайлан хандсан юм. Cartier-ийн захирал Пьер Райнеро биднийг Парис дахь ордондоо урьж загвар, уламжлалынхаа талаар ярьж өглөө

Cartier-ийн ордонгоос хагас зууны өмнө буюу 1899 оны 12-р сард  Луи Картье үнэт эдлэлийн жижиг дэлгүүрээ Рю де ла Пэ 13 гэдэг газар нээсэн юм. 1912 онд нэг давхар дээрээ нэмж дахин гурван давхар барьсан бөгөөд компанийн удирдлагууд болон дизайнер, дарханууд нь энд байрлаж байв. Өнөөдөр удирдлагын өрөө нь тавдугаар давхартаа, нийт 100 гаруй ажилтантай байрлах аж. Дээр нь энд Cartier-ын бүхий л түүх, сонирхолтой мэдээллүүдийг хадгалсан архив бий бөгөөд, тэдний гол үзэсгэлэнд тооцогддог байна.

Пьер Райнеро "Энэ газар бол их утга учиртай " хэмээн өөрийн яриагаа эхэлсэн юм. "Cartier-ийн хувьд Францын бусад дүүргүүдэд хэд хэдэн үнэт эдлэлийн газартай ба тэр байтугай Швейцарьт цаг хийдэг үйлдвэртэй билээ. Саяхан бид цүнхний шинэ цуглуулгаа гаргасан бөгөөд Италид үйлдвэрлэсэн юм. Гэхдээ энэ бүхэн 100 гаруй жилийн өмнө энд, энэ байшинд л эхэлсэн" гэж тэр ярьлаа.

Cartier -ын гайхамшигт ордонд зочлохуй (фото 1)

Cartier -ын гайхамшигт ордонд зочлохуй (фото 2)

Cartier -ын гайхамшигт ордонд зочлохуй (фото 3)

Өглөөний 10:30. Бид дэлгүүрээр дамжин түүхт барилга дотор орлоо. Хэдий дэлгүүр 11:00 цагаас онгойдог ч ажилтнууд нь үнэт эдлэлүүдээ байрлуулах ёстой тул цагийн өмнө ирсэн байв. Цааш явахдаа бид зураачаас өнгөлөгч хүртэлх 60 гаруй хүмүүсийг харсан юм. Тэнд анир чимээгүй байсан бөгөөд бага зэргийн чимээ гаргахад л тэдний нарийн хийцтэй ажлыг бусниулах магадлалтай тул бид ч мөн чимээ гаргахгүй байхыг хичээлээ.

"Cartier-ийн ажилтан байна гэдэг бол нэр хүндтэй, бахархмаар ажил. Ажилчдаа бид 15 настайгаас нь авч 10 жилийн хугацаанд зааж сургадаг билээ. Бүгд л ажлаа энгийн чулуунаас эхэлдэг бөгөөд сургуулиа амжилттай төгссөн нэг нь л аль нэг үнэт чулуутай харьцах боломжтой болдог. Гэхдээ ажилдаа бас үнэт эдлэлд дурласан нэгэн л энд бүх насаа өнгөрүүлдэг."

Cartier -ын гайхамшигт ордонд зочлохуй (фото 4)

Cartier -ын гайхамшигт ордонд зочлохуй (фото 5)

Пьер бидэнд гоёл чимэглэл хэрхэн бүтдэг талаар ярьж өгөв. Бүх зүйл туршилтын загвар хийхээс эхэлнэ. Хэлбэрийг нь хуванцараар хийж олон удаагийн туршилт хийнэ. Техникийн үзлэгийг амжилттай давсан үед л алт болон цагаан алтаар цутгах бөгөөд үүнээс хойш ид шид эхэлнэ. Арав гаруй мэргэжилтэн жижиг хэсэг бүр дээр ажиллах ба хамгийн нарийн зүйлсийг хүртэл олон шат дараалалтайгаар өнгөлдөг байна. Нэмж хэлэхэд Cartier өнгөлөх ажлаа зөвхөн эмэгтэй ажилчдад даалгадаг байна.

Бид үнэт эдлэл хийхэд хэр их хугацаа зарцуулдаг талаар сонирхсон юм. Энгийн жижиг зүйл дээр хүртэл ийм олон шат дараалалтай, ийм олон хүн ажиллаж байгаа тул их хугацаа зарцуулна гэдгийг бид гадарлаж байсан юм. Пьер хариулахдаа: "Үнэт эдлэл маань ямар нэгэн үдэшлэг эсвэл улаан хивсэн дээр гарах хүртэл дархчууд маань ойролцоогоор 500 цаг ажилладаг гэв. Бэлэн болсон гоёлын чулуу болон металлын грамм, чанарыг шинжээчид сайтар шалгадаг."

Cartier -ын гайхамшигт ордонд зочлохуй (фото 6)

Cartier -ын гайхамшигт ордонд зочлохуй (фото 7)

"Чулууны чанар бол Cartier-ийн гол зүйл юм. Хамгийн жижиг чулууг хүртэл 2003 онд НҮБ-ээс баталгаажуулсан Кимберли сертификатын схемтэй тохирч буй эсэхийг сайтар нягталдаг байна. Зөвхөн дээд зэргийн цэвэр, үнэт чулуу болон цэвэр металлыг л бид ашигладаг" гэж тэр үргэлжлүүлэн ярьлаа.

Cartier -ын гайхамшигт ордонд зочлохуй (фото 8)

Cartier -ын гайхамшигт ордонд зочлохуй (фото 9)

Тэд зарим үнэт эдлэлүүдээ өндөр нууцлал доор хийдэг бөгөөд Cartier-ийн дарханууд нууц ажилтны адил хийж буй ажлынхаа талаар хэнд ч цааш ярьдаггүй байна. Нууцлал бол тэдний хамгийн чухал шаардлага юм.

Пьер цааш ярихдаа "Манай үнэт эдлэл худалдаанд гарахаас хоёр жилийн өмнөөс бид ажлаа эхлүүлдэг. Нэгдүгээрт энэ урт хугацаа нь үнэт чулууны чимхлүүр ажилд зарцуулагддаг юм. Мөн ямар өнгийн чулуу олсноосоо хамаарч цуглуулгын санаагаа гаргадаг. Манай багийнхан ойролцоогоор 3 сар гаруй хугацаанд санааныхаа талаар ярилцдаг. Дараа нь дизайнерууд 100 гаруй загвар гаргаснаас бид 15-20 санааг нь сонгож авдаг " гэж Пьер хэлэв. Тэрбээр "Бусад газрууд захирлын шийдвэрээр л ажлаа хийдэг бол бид зураач, дизайнер, инженер, дархан гээд багаараа ажилладаг онцлогтой" гэлээ.

Cartier бол дэлхий ертөнцөд хаалттай компани биш. Тэд Instagram-д нэг сая гаруй дагагчтай ба үүгээр тэдний орчин үеийн маркетинг технологиос хоцроогүй гэдгээ харуулж байгаа юм.

"Бусад газрууд захирлын шийдвэрээр л ажлаа хийдэг бол бид зураач, дизайнер, инженер, дархан гээд багаараа ажилладаг онцлогтой"

Бид цааш хонгилоор явахад хананд Cartier-ийн үйлчлүүлэгчдийн зураг өлгөөтэй байв. Тэнд түүхэн үнэт эдлэлүүд байсан бөгөөд жишээ нь ирвэсний толгойн хэлбэртэй бас галт шувууны дүрстэй эмэгтэй халаасны цаг байв.

Пьер цааш бахархалтайгаар "Өөр ямар ч газарт бидэн шиг ийм мэргэжилтнүүд байхгүй. Энэ бол баталгаатай. Бид ажилтандаа өндөр шаардлага тавьдаг. Cartier-ийн ирээдүй тэднээс л шалтгаална. Олон жилийн сургалтын дараа бид хамгийн шилдэг төгсөгчдийг сонгон авдаг. Тийм учраас манай багт хамгийн шилдэгүүд ажилладаг гэж хэлж болно. Тэд үнэнч бас юу хийхээ мэддэг. Ямар түвшний хүмүүст ямар бүтээл хийж буйгаа ойлгодог. Энэ бүтээлүүд нь үйлчлүүлэгчдэд маань үе дамжин үлддэг. Өдөр бүр бид олон зуун дамжин үлдэх бүтээлүүдийг хийдэг. Энэ бол бидэнд маш чухал мөч. Бид түүхийг бүтээж байна шүү дээ."

Пьерээс "Хэзээ нэгэн цагт танайх хэн нэгний захиалгаас татгалзаж байсан үе байгаа болов уу?" гэсэн нэгэн эвгүй асуултыг асуув. Тэрбээр "Бид маш олон захиалга авдаг. Гэхдээ Cartier-ийн үнэ цэнийг ойлгодог хүмүүстэй л бид хамтран ажилладаг. Үнэ биш үнэ цэнэ. Манай мастеруудын хүч хөдөлмөр гайхалтай хүмүүстэй хамт, гайхалтай мөчүүдэд байх нь чухал. Бид хүч хөдөлмөр, чөлөөт сэтгэлгээг үнэлдэг. Элизабет Тейлор, Софи Лорен, Диана гүнж гээд гайхалтай хүмүүстэй хамтран ажилласнаараа бид бахархдаг." Таны асуултанд хариулахад "Тиймээ бид хэсэг бүлэг хүмүүстэй хамтардаг, энэ бол үнэн. Гэхдээ манай үйлчлүүлэгч болсноор та үүрд манай үйлчлүүлэгч хэвээр үлдэнэ. Үнэнч байдал гэдэг бол Cartier-ийн хувьд хоосон үг биш. Бид уламжлал, үйлчлүүлэгчдийнхээ өмнө үүрэг хүлээсэн" хэмээн тэр бахархалтайгаар хэллээ.

Cartier -ын гайхамшигт ордонд зочлохуй (фото 10)

Cartier -ын гайхамшигт ордонд зочлохуй (фото 11)

цааш үзэх