Хайх

Дуудлага худалдаагаар зарагдсан дэлхийн хамгийн үнэтэй бугуйн цагууд

Дуудлага худалдаагаар зарагдсан дэлхийн хамгийн үнэтэй бугуйн цагууд

Хоёр Rolex ба нэг Patek Philippe

Text: Г.Тэмүүлэн


Их Британийн Phillips дуудлага худалдааны ордон нь хамгийн үнэтэй урлагийн бүтээл, үнэт эдлэл, тэр дундаа нэн ховор цагны дуудлага худалдаа зохион байгуулдгаараа алдартай. Бид тус ордны зохион байгуулсан дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнээр зарагдаж, дэлхийн дээд рекордыг тогтоосон бүх цаг үеийн хамгийн үнэтэй, маш ховор, өөрийн гэсэн онцгой түүхтэй гурван бугуйн цагийг танилцуулж байна.

Вьетнам улсын сүүлчийн эзэн хааны цаг Rolex Bao Dai

Өнгөрсөн оны тавдугаар сард Женев хотод зохиогдсон Phillips Geneva Watch цагны дуудлага худалдааны үеэр Rolex брэндийн 6062 кодтой бугуйн цаг 5 сая ам.доллараар зарагдаж, тухайн үедээ дуудлага худалдаанд зарагдсан хамгийн үнэтэй Rolex цаг болж байсан юм. "Oyster Perpetual" эх биетэй энэхүү хосгүй бүтээл нь Вьетнам улсын сүүлчийн эзэн хаан Бао Дайд тусгайлан зориулж урласан загвар гэдгээрээ онцлогтой. Уг бугуйн цаг нь сарны байрлалыг харуулдаг гурван календарь бүхий хар өнгийн нүүртэй, 18 каратын цэвэр алтаар урласан, дэлхийд ердөө гурван ширхэг бүтээгдсэн бугуйн цаг юм. Мөн Бао Дайгийн энэхүү цаг нь тэгш тоотой цагны байрлалууд дээр очир эрдэнэ суулгаж өгсөн цорын ганц бүтээл юм. Сонирхуулахад Бао Дай 1926-1945 оны хооронд Вьетнам улсын хаан ширээнд сууж байсан бөгөөд 1954 онд Женевт энхийн хэлэлцээр хийж явахдаа 6062 кодтой энэхүү Rolex цагийг худалдан авч байжээ.

Ган хийцийн Patek Philippe 1518

Тэгвэл 2016 онд Швейцарийн тансаг зэрэглэлийн бугуйн цаг үйлдвэрлэгч Patek Philippe брэндийн 1518 кодтой ган цаг Женев хотод зохиогдсон Phillips Bacs & Russo цагны дуудлага худалдааны үеэр 11,1 сая ам.доллаар зарагдаж, дэлхийн дээд рекордыг тогтоож байв. Зэвэрдэггүй гангаар хийсэн энэхүү бугуйн цаг нь дэлхийн хамгийн анхны сарны байрлалыг харуулдаг мөнхийн календарьтай, хронограф үйлдэлтэй, асар ховор загвар юм. Анх 1941 онд үйлдвэрлэгдсэн уг загвар нь дэлхийд ердөө дөрвөн ширхэг байдаг. Харин дуудлага худалдаанд 11,1 сая ам.доллараар зарагдсан 1518 кодтой энэхүү бугуйн цаг нь цувралынхаа анхны бүтээлд тооцогддог байна.

Пол Ньюманы домогт Rolex Paul Newman Daytona

2017 оны аравдугаар сард Нью-Йорк хотод зохиогдсон Phillips цагны дуудлага худалдааны үеэр Оскарын гурван удаагийн шагналт Америкийн домогт жүжигчин, авто уралдаанч Пол Ньюманы Rolex Daytona цаг 17,752,500 ам.доллараар зарагдаж дэлхийн түүхэнд үлджээ. Уг дуудлага худалдааны дараа Paul Newman Daytona загвар нь дэлхийн хамгийн үнэтэй зарагдсан цаг болж дээд рекордыг тогтоосон байна. Анх 1969 онд бүтээгдсэн 6239 кодтой тус бугуйн цаг нь сайжруулсан ган материалаар хийгдсэн бөгөөд хурдны хэмжилтийг заадаг, цөцгийн цагаан өнгийн нүүртэй винтэж загвар юм. Түүх сөхөхөд энэхүү цаг нь Пол Ньюманы хувьд маш онцгой байр суурь эзэлж байсан гэдэг. Түүний гэргий, алдарт жүжигчин Жоан Вудворд 1972 онд буюу Пол Ньюманыг авто уралдааны спортод дөнгөж хөл тавьж эхэлж байх үед тус цагийг бэлэглэж байжээ. Жоан Вудворд цагны арын хэсэгт "Drive Carefully Me" буюу "Болгоомжтой жолоо бариарай" гэсэн бичгийг тусгайлан сийлүүлсэн байна. Мэдээж хэрэг Phillips дуудлага худалдааны ордон Пол Ньюманы цагны шинэ эзний нэрийг нууцалж байгаа бөгөөд тэд зөвхөн түүнийг энэхүү цагийг өөрийн болгохын тулд 12 минутын турш үнэ хаялцсан гэдгийг мэдэгджээ.

Rolex Mongolia

Утас: 7777 7797, Хаяг: Шангри-Ла Молл 1 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх