Хайх

Байкалын загварын долоо хоног: Monalun намар-өвөл 2016

Байкалын загварын долоо хоног: Monalun намар-өвөл 2016

Text: Ж.Чинбат


Улаан-Үүд хотод Байкалын загварын долоо хоногийг дизайнер Б.Номуунгэрэлийн Monalun марк хааж, намар-өвөл 2016 цуглуулгаа амжилттай танилцууллаа

Monalun маркийн дизайнер Б.Номуунгэрэлд хэд хэдэн давуу тал бий. Тэрээр эмэгтэйчүүдийн хүсэлд нийцсэн, өдөр тутмын амьдралд болоод үдшийн гоёлд өмсөж болохуйц гэгээлэг загвартай хувцас урладаг. Өнгөрсөн зун тэр яг ийм өнгө аястай цуглуулгаараа Улаанбаатарт өнгөний тэсрэлт хийсэн. Одоо энэ тэсрэлт Буриадын Улаан-Үүд хот руу шилжээд байна. Тэрээр Байкалын загварын долоо хоногт намар-өвөл 2016 болон хавар-зун 2016 цуглуулгаасаа танилцууллаа. 

Байкалын загварын долоо хоног: Monalun намар-өвөл 2016 (фото 1)

Шинэ цуглуулга ерөнхийдөө монгол захтай гоёлын даашинз, богино топ, хоёр талдаа өнгөтэй пальто, өмд, юбканаас бүрдсэн. Загваруудыг тод мөртлөө зөөлөн туяатай олон өнгөний тоглолт чимж өгчээ. Пит Мондрианы зургуудыг санагдуулам тэдгээр өнгөний хоорондын хослол маш чөлөөтэй, цоглог уур амьсгал төрүүлсэн харагдана. Мөн даашинз, пальто, юбканы доод хөвөөг чимсэн цэцэг, навчны хатгамлууд нь эмэгтэй хүний дотоод үзэсгэлэнг илтгэж өгсөн гэмээр санагдлаа. Өнгөний хувьд энэ оны загварын чиг хандлагад хамгийн хүчтэй ноёрхсон шар өнгө, пастель ягаан, усан цэнхэр, хар, хар ногоон зэрэг өнгөнүүдээс түүний загварууд бүрджээ. Дизайнер Б.Номуунгэрэл мөн цуглуулгадаа зориулсан өнгө өнгийн цүнх, бээлийнээс бүрдсэн аксесуар давхар танилцуулжээ.

Түүнийг загвараа толилуулж дууссаны дараа "Энэ жил Монголчууд Байкалын загварын долоо хоногийг дэлхийн түвшин рүү чиглүүллээ" гэж шоуг зохион байгуулагч Буриадууд Б.Номуунгэрэлд баярласан сэтгэгдлээ хуваалцсан байна.

цааш үзэх