Хайх

Buro Review: ISAIA брэндийн шинэ бутикээр зочлон намар-өвлийн шинэ цуглуулгатай танилцлаа

ISAIA брэндийн намар-өвөл 2019/20 цуглуулга

Text: Г.Тэмүүлэн


BURO. дижитал сэтгүүл Шангри-Ла Молл дахь ISAIA брэндийн шинэхэн бутикээр зочилж, намар-өвөл 2019/20 улирлын шинэ цуглуулгатай танилцлаа

ISAIA-гийн хослол өмссөн эрчүүд амьдралд хайртай, амьдралын хором мөч, жижиг деталь бүрээс үргэлж таашаал авч чаддаг. Тэд хэзээ ч дүрмийн дагуу тоглодоггүй. Цуцашгүй эрч хүч, амжилт, загварын нарийн мэдрэмжээ тодотгохыг хүсдэг эдгээр өв тэгш залуусын шаардлагад төгс нийцэж, сонголт нь болсон ISAIA брэнд Монгол эрчүүдэд албан ёсоор хүрээд гурван жил болж байна. Эрчүүдэд дээд зэрэглэлийн, орчин үеийн, биеийн галбирт төгс суусан, чанартай хослол санал болгодог тус брэнд өнгөрсөн баасан гарагт Шангри-Ла Молл дотор шинэ байршилд нүүсэн бөгөөд энэ чухал үйл явдлыг тохиолдуулан биднийг дэлгүүртээ зочлон намар-өвөл 2019/20 улирлын шинэ цуглуулгатай танилцахыг урьсан юм. Хэт хуучинсаг, хэтрүүлэгтэй эсвэл эв хавгүй хувцасласан эрчүүдийн цувааг халж, мэдрэмжтэй, өөртөө итгэлтэй, өө сэвгүй цэмцгэр бас загварлаг жентльмен эрчүүдийн давалгааг Улаанбаатар хотод үүсгэсэн ISAIA брэндийн шинэ цуглуулгыг туршиж үзэж, дүгнэлтээ хийлээ.

Buro Review: ISAIA брэндийн шинэ бутикээр зочлон намар-өвлийн шинэ цуглуулгатай танилцлаа (фото 1)

ISAIA брэндийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч Т.Зориг & Buro Mongolia ахлах редактор Г.Тэмүүлэн

Шангри-Ла Моллын нэг давхарт байрлах шинэхэн бутикийн хаалгаар ормогц төгөлдөр хуурын сонгодог ая эгшиглэсэн, зөөлөн, дулаан уур амьсгалтай, цэлгэр орон зай биднийг угтан авлаа. Дэлгүүрийн хана дагуу зөөлөн ягаанаас эхлээд гүн, гүнзгий ногоон хүртэлх олон палитраар солонгорох сорочкан цамц, хослолууд, арьсан куртканууд өлгөөстэй байсан нь хамгийн түрүүнд харц булааж байсан юм. Оргилуун дарс шимэн, шинэхэн орон зайг сонжиж байтал ISAIA брэндийн Монгол дахь салбарын үүсгэн байгуулагч Т.Зориг биднийг өөрийн биеэр угтан авч, шинэ цуглуулгаа танилцуулж, загвар бүрийн онцлогуудыг нь тайлбарлан өгсөн юм. Бид шинэхэн загваруудын өнгө, материал, эсгүүр, хээ гээд деталь бүрийг өөрсдийн нүдээр харж, гараар тэмтэрч, өмсөж үзэн төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахаар шийдлээ.

Италийн нарлаг Наполигоос гаралтай ISAIA брэндийн түүх энэхүү үзэсгэлэнт хоттой салшгүй холбоотой бөгөөд хотын өв соёл, амьдралын хэв маягийг брэндийн логоноос эхлээд хослолын хээ хүртэл нэвт шингээж өгсөн байдаг. Намар-өвлийн шинэ коллекци Наполи хотын Teatro di San Carlo буюу Сан Карло дуурийн театраас сэдэл, урам зориг аван бүтээгджээ. 1737 онд III Чарльз хааны зарлигаар баригдсан уг театр нь шинэ цуглуулгын өнгө, бүтэц, ерөнхий уур амьсгалыг бүхэлд нь тодорхойлж өгсөн бөгөөд шинэ коллекцийн бүх зураг авалт тэрхүү түүхэн дурсгалт театрт хийгдсэнээрээ онцлог болсон байна.

Шүрэн улаан, усан цэнхэр, гүн ногоон ба цайвар шаргал өнгөнүүд

Buro Review: ISAIA брэндийн шинэ бутикээр зочлон намар-өвлийн шинэ цуглуулгатай танилцлаа (фото 2)

Өнгө будгийн Pantone институтээс 2019 оны гол өнгөөр өөдрөг сэтгэлгээ, баяр хөөрийг илтгэх "Амьд шүр" болон олон янзын туяагаар гэрэлтэх "Мөхөж буй шүр" гэх устан үгүй болж буй шүрний өнгөнүүдийг тодруулсан билээ. ISAIA брэнд намар өвлийн шинэ коллекцид саарал, ногооноос гадна цайвар цэнхэр, хөх ягаан ба улаан гэсэн шүрний үндсэн өнгөнүүдийг баримталсан харагдлаа. Үүний зэрэгцээ шүр нь тус брэндийн төрөлх Наполи хотод амжилтыг бэлгэддэг бөгөөд олон жилийн туршид ISAIA-гийн бэлгэ тэмдэг болсоор ирсэн тул утга төгөлдөр эдгээр өнгөнүүдийг хослол, сорочкан цамц, куртка зэрэг бүхий л эд зүйлсэд тусгаж өгчээ. Мөн сүүлийн хоёр жилийн турш эрчээ алдалгүй загварын ертөнцөд ноёрхож байгаа гүн ногоон өнгө ч энэ жилийн шинэ коллекцид багтсан байна. Ерөнхийдөө улаан, усан цэнхэр зэрэг эрчүүдийн хувцаслалтдаа тэр бүр зоригтойгоор сонгож чаддаггүй өнгөнүүдийг уусган "зөөллөж" өдөр тутмын хувцаслалтдаа шингээхэд дөхөм болгож өгсөн нь анзаарагдаж байлаа. Шинэ цуглуулгад саарал, цэнхэр, ногоон, бор зэрэг эрчүүдийн хувцаслалтын үндсэн өнгөнүүдээс гадна цайвар шаргал буюу beige өнгийг онцолсон нь бараан, гүн гүнзгий өнгө давамгайлсан хүйтний улиралд өнгөлөг, цэмцгэр харагдах боломжийг олгох юм.

Контемпорари стилийн давхар энгэртэй гурван хос хослол

Buro Review: ISAIA брэндийн шинэ бутикээр зочлон намар-өвлийн шинэ цуглуулгатай танилцлаа (фото 3)

ISAIA брэнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд дан энгэртэй сонгодог хослол авчран, давхар энгэртэй хослолыг ихэвчлэн made-to-measure буюу тухайн хүний биеийн хэмжээнд тусгайлан тааруулж оёх захиалгын үйлчилгээнд санал болгодог байсан бол энэ удаад тэд загварлаг залууст зориулан давхар энгэртэй хантаазтай, гурван хос хослолыг бэлэн бүтээгдэхүүнүүддээ нэвтрүүлсэн байгаа. Давхар энгэртэй хослол нь нас тогтсон эсвэл ахимаг насны эрчүүдийн сонголт болж ирсэн бөгөөд биеийн галбирт сайн сууж өгдөггүй, нүсэр загвартай гэсэн ойлголт дэлгэрсэн байдаг. Харин ISAIA брэнд энэ хэвшмэл ойлголтыг эвдэн, давхар энгэртэй хослолуудаа харьцангуй өндөр зах, ханцуйн ухлаадастай болгосноор орчин үеийн, төгс суулттай, илүү хөнгөн, загварлаг болгон хувиргажээ.

Хоёр өнгийн дөрвөлжин хээ, микро эффект болон бусад шинэлэг деталиуд

Макро эффект бүхий том дөрвөлжин хээтэй хослолуудын эрин үе ерөнхийдөө өндөрлөж энэ жилээс эхлэн хослолын загварт хоёр өнгийн дөрвөлжин хээ хамгийн том трендүүдийн нэгт тооцогдож байна. ISAIA-гийн хослолуудыг илүү ойроос нарийвчлан харах юм бол жижиг дөрвөлжин хээг хүрээлэн том дөрвөлжин хээ уусгасан нь шинэлэг бас сонирхолтой шийдэл болжээ. Сүүлийн үед анхаарлын төвд байгаа бас нэгэн чиг хандлага нь бичил цэгүүдээс бүрдэх микро эффекттэй материал юм. Судал, дөрвөлжин хээний цаана үл ялиг үзэгдэх цэг бүхий микро эффект нь энэ намар өвлийн гол хээнүүдийн нэг тул ийм эффекттэй хослол өмссөнөөр орчин үеийн атлаа эмх цэгцтэй харагдах болно.

ISAIA брэнд нь тансаг, детальд төвлөрсөн, Наполигийн баялаг оёдлын уламжлалыг олон улс даяар экспортлох зорилготой ажилладаг тул гадуур хувцаснаас эхлээд өмд хүртэлх бүх эд зүйлсийг нарийн детальтай урласан байдаг. Жишээ нь хантааз, курткануудын арын хэсэг нь илгэн чимэглэлтэй, гар утас, түлхүүр багтаах олон тасалгаат доторх халааснууд нь гоёмсог улаан өнгийн оруулгатай, өмдний доторх хэсэг цэцгэн хээтэй гэх зэрэг маш нарийн деталиудыг шингээж өгчээ.

"Цамцан дээрх цамц"

Buro Review: ISAIA брэндийн шинэ бутикээр зочлон намар-өвлийн шинэ цуглуулгатай танилцлаа (фото 4)

Эрчүүд хослол өмсөхөөс татгалздаг хамгийн гол шалтгаан нь тав тухaa илүүд үздэгт байгаа юм. Биеийн хөдөлгөөнд саад болж, тухгүй мэдрэмж төрүүлдэг хослолоо хурдхан тайлахыг хүсдэг бол ISAIA-гийн хослолууд яг л "хоёр дах арьс" гэж хэлж болохоор эвтэйхэн байдаг. Учир нь пиджакны зөөлөн мөр болон өндөр суудалтай ухлаадасны тусламжтай биеийн хөдөлгөөнд саад болохгүй тав тухтай, чөлөөтэй байх боломжийг бүрдүүлсэн байна. Наполи нь нам дор газар байрлалтай, дулаан уур амьсгалтай бүсэд оршдог тул хослолыг биед хамгийн тухтай бөгөөд хөнгөн байдлаар урладаг. Тухайлбал Наполи хотынхон пиджакны эх биеийг оёсны дараа мөрийг нь залгадаг оёдлын техникийг ашигладаг бөгөөд тэд энэ аргачлалаа  "цамцан дээрх цамц" хэмээн нэрлэдэг. ISAIA шинэ коллекцийн хослолуудад тэрхүү техникийг ашигласан бөгөөд ийм аргаар пиджакны мөрийг хатуулгагүй бүтээснээр бүр ч эвтэйхэн, хөнгөн болсон байлаа. Товчхондоо биед маш тухтай, хөдөлгөөнд саад болохгүй, өдөр тутамдаа өмсөх боломжтой хослолууд бий болжээ.

Total look аргачлал

Buro Review: ISAIA брэндийн шинэ бутикээр зочлон намар-өвлийн шинэ цуглуулгатай танилцлаа (фото 5)

Монгол эрчүүдэд загварын мэдлэг олгож, зөв хувцаслалтын хэв маягийг түгээх зорилгыг тээн ажиллаж ирсэн ISAIA брэнд энэ удаагийн цуглуулгадаа "total look" бүрдүүлэх концепцод төвлөрсөн байна. Тухайлбал хослол, 100% Мирино ноосоор урласан цамц, пальто гээд нэг цуглуулгын эд зүйлсийг дээр дээрээс нь давхарлан, хооронд хослуулан өмсөхөд хоорондоо хялбархан зохицож, өнгөнүүд нь төгс уусан total look бүрдүүлж байлаа. Эрчүүдийн хувьд энэ нь маш чухал. Учир нь худалдан авсан цамц тань бусад хувцастай тань авцалдахгүй байх вий хэмээн санаа зовох шаардлагагүйгээр та шүүгээгээ шинэчлэх боломжтой юм.

Усны хамгаалалттай, загварлаг арьсан хүрэмнүүд

ISAIA брэнд өнгөрсөн хугацаанд цулгай материалтай гадуур хувцас түлхүү танилцуулж байсан бол энэ удаад хослолтой адил дөрвөлжин хээтэй, илгэн, савхин зэрэг илүү сонирхолтой материалтай загваруудыг туршиж үзэхийг санал болгосон байна. Жишээ нь ногоон, бор, цайвар шаргал өнгөтэй, илгэн, савхин, минжний үстэй зэрэг төрөл бүрийн арьсан хүрэмнүүдийг танилцуулсан юм. Эдгээр арьсан хүрэмнүүд нь бүгд Aqua leather буюу усны хамгаалалттай бүрэлттэй тул Монголын ааш нь олддоггүй цаг агаар, эрс тэс уур амьсгалд хамгийн тохиромжтой санагдлаа.

Энэ дашрамд дурдахад Premier Tailor брэнд Шангри-Ла Молл дахь ISAIA бутикийн хуучин байршлыг өргөтгөн "Ame" нэртэй концепци дэлгүүр нээж Gucci, Celine, Dior, Balenciaga, Saint Laurent гэсэн тансаг зэрэглэлийн таван брэндийг албан ёсны эрхтэйгээр Монголд оруулж ирэх гэж байна. Тун удахгүй нээгдэх энэхүү мульти брэнд дэлгүүр нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн загварын чиг хандлага, зөвхөн мэргэжлийн дизайнеруудын танд зориулан өгөх зөвлөгөө гээд огт өөр шоппинг туршлагыг мэдрүүлнэ гэдгийг Т.Зориг онцолсон юм.

ISAIA Mongolia

Хаяг: Шангри-Ла Молл, 1-р давхар, ISAIA дэлгүүр
Утас: 77221010, 80906070
Facebook: ISAIA Mongolia

Сэтгэгдэл бичих

цааш үзэх