Хайх

Бюро 24/7 тойм: Говь брэнд хавар, зун 2016 цуглуулга

Бюро 24/7 тойм: Говь брэнд хавар, зун 2016 цуглуулга

Gobi cashmere

Text: Ж.Чинбат


Говь брэндийн хавар-зун 2016 цуглуулгын шоу болж, органик хувцасны шинэ загваруудаа танилцууллаа. Шинэ цуглуулга романтик, богем, хипстер, минимал хэв маягтай, бүхэлдээ орчин үеийн төрхтэй болжээ

Шинэ цуглуулгыг танилцуулахын өмнө Говь брэндийн загварууд олон дизайнерын хамтын бүтээл болж гардаг онцлогийг дурдах хэрэгтэй. Тэд мөн олон жил Европ, Италийн шилдэг дизайнеруудтай хамтарсан цуглуулга гаргаж ирсэн уламжлалтай. Энэ 2016 оны хавар, зуны хувьд дизайнерууд цуглуулгаа Bohemian love, Simplicity, Color bomb болон дизайнер Ч.Сэндэмтэй хамтарсан загваруудаар бүрдүүлжээ. Шинэ цуглуулгад 1970-аад оны бохо, богем стиль, романтик, минимал, хипстер, ажил хэрэгч төрхүүд багтсан байна.

"Богем хайр"-ын сэдэв мэдээж 1970-аад оны бохо стилиэс улбаатай. Брэндийн 2015 оны намрын цуглуулгаас энэ хэв маяг шинэ улирлын загварт улиран орж ирсэн байна. Энэ удаад цацаг, илэг зэргийг ноолууран бүтээгдэхүүнд оруулж, шинэлэг загварууд гаргахыг зорьжээ. 

Зуны чихэрлэг, зөөлөн өнгийг санал болгох "Color Bomb" цуглуулгад 3D чимэглэл, гэрэлтдэг материал , хятадын тансаг торго зэрэг зүйлс харагдлаа. Тайзны ард эдгээр загваруудыг имэрч үзэхэд зөөлөн, нимгэн даашинзууд үнэхээр тансаг мэдрэмж төрүүлж байсан. Монголд зун оройдоо ихэвчлэн сэрүүн байдаг тул эдгээр загварууд бүсгүйчүүдийг зөөлөн илчээр тэвэрч, өдрийн цагаар сэрүүцүүлэх чадвартай болжээ.  

Цуглуулгын эхний хоёр хэсэг олон өнгө, сарнай сүлжмэлтэй титэм зэрэг романтик өнгө аяс мэдрүүлсэн. Харин тайзнаа Simplicity загварууд илүү тайван, удаан хэмнэл авчирлаа. Энгийн, минимал байдлыг эрхэмлэсэн пастель цэнхэр өнгийн даашинз болон цамц, ардаа товчтой сүлжмэл топ, шилбээр татсан урттай шулуун өмд зэрэг зөөлөн уур амьсгалтай хувцаснууд гарч ирсэн. Мөн улаан өнгийн захтай хөх саарал пальто,  кетэн дээр өмссөн сул загвартай өмд зэрэг нь хотын, чөлөөт уур амьсгалтай болжээ.  

Sendem цуглуулгыг танилцуулахдаа дизайнер Ч.Сэндэм "Ноолуурыг урлагтай хослуулж, хэрэглээг урлаг болгох зорилготой" гэж хэллээ. Хорин жил торгон зургийн чиглэлээр ажилласан түүний цуглуулгад Мадам Мари, Соно, Цагаан уул, Говь гэсэн хэсгүүд оржээ. Эдгээр загваруудын бүтээлч урмаа дизайнер 2015 онд Парист, Гэгээн Клодын шилтгээнд болсон Монголын соёлыг танилцуулах үзэсгэлэнд оролцохдоо авсан гэнэ. Тиймээс өөрийг нь урамшуулсан Мадам Маригийн нэрээр зарим загвараа нэрлэсэн байна. Мөн Соно, Говь, зэрэг загварууд нь түүний бага насны дурсамж, байгальд хайртай сэтгэлийнх нь илрэл гэлээ. 

Ийнхүү Говь брэнд өнгөлөг, өөдрөг уур амьсгалтай цуглуулгаараа Монголд урин цагийн салхийг хагалж, шинэ загваруудаа амжилттай танилцууллаа. Шоуны төгсгөлд зочид мөн шууд худалдан авалт хийх боломжтой байлаа. 

цааш үзэх