Хайх

Бюро 24/7 тойм: Nina Ricci, pre-fall 2017

Бюро 24/7 тойм: Nina Ricci, pre-fall 2017

Орчин үеийн ковбой охин

Text: Ө.Тодгэрэл


Nina Ricci ордны бүтээлч захирал Гийом Анри pre-fall 2017 улиралд АНУ-ын баруун зүгийн ковбой сэдвийг хөндсөн байна. Гэхдээ тэр уламжлалт биш, харин орчин үеийн, минимал шийдэлтэй ковбой стилийг дотуур хувцасны хэв маягтай хослуулсан харагдлаа. Савхин материалаар хийсэн нарийн мөртэй slip даашинз, товчтой комбинзон болон цайвар ягаан өнгийн дундаж урттай даашинз энэхүү гэнэтийн хослолын хамгийн тод жишээ юм. Дизайнер мөн эсрэг, тэсрэг байдал дээр тоглолт хийсэн байлаа. Тэр спорт маягийн силуэтийг дугуй дүрсээр зөөллөсөн нь саарал өнгийн урт парка хүрмээс харагдах болно. Гийом түүнчлэн эрэгтэйлэг зүйлсийг эмэгтэйлэг элементүүдтэй зэрэгцүүлсэн нь торон цамц ба жийнсэн юбканы хослолоос үзэгдэнэ. Цуглуулга бүхэлдээ пастель өнгөнүүдээс бүрдэж, дундуур нь цөөн хэдэн нүүрсэн хар өнгийн загварууд орсон байлаа.

"Би Nina Ricci-д ирээд хоёр жил өнгөрч байна. Энэ хугацаанд би өөртөө итгэлтэй, дэгжин бүсгүйн дүр төрхийг гаргахаар хичээж ажилласан. Өөрийгөө хэн болохыг мэддэг, юу хүсэж буйгаа тодорхойлж чаддаг, хүчирхэг эмэгтэйг би дотроо төсөөлдөг. Энэ улиралд би түүнийг баялаг өнгөнүүд болон зөөлөн элементүүдээр дүрслэхийг оролдлоо" хэмээн Гийом Анри WWD сэтгүүлд ярьжээ.

цааш үзэх