Хайх

Бюро 24/7 тойм: "Shangri-La Fashion Show-2018"

Улаанбаатар хотын загварлаг залуус нэг дор цугларлаа

Text: Ц.Намуун


"Shangri-La Fashion Show 2018" арга хэмжээ "Express Your True Color" уриан дор амжилттай зохион байгуулагдлаа

Есдүгээр сарын 21-ний өдөр Shangri-La Centre жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Shangri-La Fashion Show" арга хэмжээгээ олон нийтэд толилууллаа. "Express your true color" уриан дор зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээ нь тайз засал болон найруулгын хувьд урьдынхаасаа илүү шинэлэг байж, Улаанбаатар хотын загварлаг залуусыг нэг дор цуглуулж чадсан юм.

Энэхүү загварын шоунд Sisley, Timberland, Twinset, Gerard Darel, ГОЁО, Levi's, Dr.Martens, Miniso, Rinascimento, Зосон брэндүүд намар-өвлийн шинэ цуглуулгаа дэлгэсэн ба нүүр будалтыг Sonia Kashuk, харин үс засалтыг Grease Spa салон хариуцан ажиллажээ. Түүнчлэн дуучин Болд, Ука, хийлч Дээгий, UB Drums хамтлаг болон рэппер Mrs.M нар уран бүтээлээ хүргэсэн юм. Ингээд Shangri-La Fashion Show 2018 aргa хэмжээнд дэлгэгдсэн шинэ улирлын цуглуулгуудтай танилцацгаая.

Levi's, Timberland, Geox, Myrine

1990-ээд оны оld school хөгжим, тэр дундаа тухайн үеийн b-boy залуусын стилийг санагдуулам чөлөөт дүр төрхүүдээр "Shangri-La Fashion Show 2018" загварын шоу нээлтээ хийсэн юм. "Аавын" савхин хүрэм, найз залуугийн жийнсэн өмд, том логотой юүдэнтэй цамц, үслэг чимэглэлтэй жийнсэн хүрэм зэрэг Levi's-ийн шинэ цуглуулгаар дамжуулан энэ улирлын street style чиг хандлагыг тодорхойллоо. Түүнчлэн энэ хэсэгт минимал загваруудыг санал болгодог Myrine брэндийн сул эсгүүртэй даашинз, өргөн өмд, хэлхэгэр загварын хүрэм болон бэлхүүс тодотгосон бүс зэргийг Geox брэндийн гутлуудтай, хослуулан хайхрамжгүй, этгээд төрх бүрдүүлжээ.

Timberland, Sisley

Timberland болон Sisley брэндийн намар-өвлийн цуглуулгаас бүрдэх загварын шоуны хоёр дахь хэсэг загварлаг байдлыг эрэлхийлэгч шинэ мянганыханд зориулагджээ. Timberland брэнд камуфляж хээтэй бомбер хүрэм, цэргийн загвартай цамц, сул эсгүүртэй өмд, үүргэвч зэрэг нэрийн хуудас болсон чөлөөт загваруудаа дэлгэсэн бол, сонгодог загварын хослол, тренч цув, шулуун эсгүүртэй даашинз, цэцгэн хээтэй сорочка зэрэг ажил хэрэгч хэв маягтай хувцаснууд Sisley брэндийн шинэ цуглуулгад багтсан байлаа.

Gerard Darel, Camper, ГОЁО, Dr.Martens

Хүйтэн салхи сэвэлзэх бүрхэг намрын өдрүүдэд өнгө нэмэх загваруудыг Gerard Darel, Camper брэндүүд санал болгожээ. Gerard Darel брэндийн намар-өвлийн цуглуулгад багтсан цэцгэн хээтэй пижам хослол, тод өнгийн юбка зэрэг эмэгтэйлэг хэв маягтай загварууд нь Camper брэндийн этгээд, өвөрмөц гутлуудтай төгс зохицож байсныг дурдах нь зүйтэй болов уу. Түүнчлэн ГОЁО орчин үеийн, минимал шийдэлтэй ноолууран хувцаснуудаа Dr.Martens брэндийн алдарт "1460" загварын гутлуудтай хослуулж болохыг харууллаа.

Rinascimento, Zoson, Dr.Martens, Miniso

Анхаарал татам, сонирхолтой загварууд урладаг Rinascimento брэнд шоуны дунд хэсэгт загваруудаа танилцууллаа. Намар-өвлийн цуглуулгад бөмбөлгөн хээ, тод өнгийн судал, холограм эффект, гялалзсан материал гээд улирлын онцлох чиг хандлагуудыг илтгэсэн загварууд голчилсон юм. Мөн үндэсний хэв шинжийг орчин үеийн байдалтай уялдуулдаг Zoson энэ хэсэгт Miniso болон Dr.Martens брэндүүдтэй хамтран оролцлоо.

Twinset

Пастель өнгө, торон материал, цацаг, цэцгэн хээ гээд романтик хэв маягаараа бүсгүйчүүдийн дунд алдаршсан Twinset намар-өвлийн цуглуулгаараа загварын шоуг хаалаа. Энэ улирлын цуглуулгад багтсан твид хүрэм, хуниастай юбка, үслэг хантааз, сүлжмэл хослол зэрэг хараа булаах загварууд нь эмэгтэйлэг байдлыг тодотгожээ.

Facebook хуудас: Shangri-La Centre

Сэтгэгдэл бичих

цааш үзэх