Хайх

Эди Слиман Celine брэндийг үгүй хийсэн үү?

Эди Слиман Celine брэндийг үгүй хийсэн үү?

Хүн бүрийн сонирхлыг татаж буй загварын салбарын онцлох үйл явдал

Text: Buro.Mongolia


Дөрвөн хоногийн өмнөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон олон нийтийн сүлжээнүүдэд Эди Слиманы Celine брэндэд зориулсан анхны цуглуулгын талаарх халуун хэлэлцүүлэг өрнөж байна. "Бидний мэдэх Celine үгүй боллоо", "Celine биш Saint Laurent байна шүү дээ!", "Эди Celine брэндийн түүхийг хүндэлсэнгүй" зэрэг сэтгэгдлүүд ар, араасаа ундрах гэлтэй. Мэдээж Celine-ы өмнөх бүтээлч захирал Фиби Файлогийн үнэнч шүтэн бишрэгчид болоод ухаалаг, минимал стильд дуртай хэрэглэгчид шинэ дизайнерын танилцуулсан богино даашинз, нарийхан костюмаас бүрдэх рок-н-роллын ертөнцийг хараад цочролд орох магадлалтай. Гэхдээ Эди Слиманы уран бүтээл, ажлын арга барилыг мэддэг хэн бүхэн түүнийг хүрэлцэн ирсэн брэнд бүртээ логоноос эхлээд дизайн хүртэлх бүх зүйлд өөрчлөлт хийж, брэндийг бүхлээр нь өөрийн гэсэн гоо зүйн эрхшээлд оруулдгийг сайн мэднэ. Тэр бол юу хүсэж байгаагаа сайн мэддэг, зоригтой нэгэн бөгөөд хийсэн бүхэн нь үргэлж амжилтанд хүрч байсан түүхтэй.

Эди Слиман Celine брэндийг үгүй хийсэн үү? (фото 1)

Эди Слиман Celine брэндийг үгүй хийсэн үү? (фото 2)

Анх 2012 онд Saint Laurent брэндэд томилогдохдоо Эди брэндийн Yves Saint Laurent гэх түүхэн нэрээс "Yves" хэсгийг хасч, загварын ордны эртний уламжлалуудаас хазайн тэс ондоо чиглэлээр ажиллаж эхэлсэн. Тухайн үед Эди мөн л шүүмжлэлд өртсөн ч загварын ордон түүний удирдлага дор Kering группийн хамгийн хурдацтай хөгжиж буй брэндээр нэрлэгдэж, гурван жилийн дотор орлого нь хоёр дахин өссөн байдаг. Түүнчлэн үүнээс өмнө, 2000 онд, Эди Dior Homme-д бүтээлч захирлаар ирэхдээ эрэгтэй хувцасны салбарт хувьсал хийсэн гэж хэлж болно. Түүний бүтээсэн нарийхан эсгүүртэй хослол, скинни жийнсэн өмд зэрэг нь тухайн үеийн уламжлалт эрэгтэйлэг байдлыг үгүйсгэсэн ч, бусдаас хэдэн алхмаар түрүүлж сэтгэдгийг нь баталж, өнөөдрийн загварын ертөнцөд хүчтэй нөлөө үзүүлсэн билээ. Хамгийн гол нь брэндүүд Слиманыг гарсны дараа ч түүний эхлүүлсэн алсын харааг үргэлжлүүлдэг уламжлалтай. Тиймээс Слиманы өөрийн үзэл бодолдоо үнэнч, хүчирхэг байр суурь Celine-ыг ямар ирээдүй рүү чиглүүлэхийг таамаглахдаа түүний салбар дахь нөлөө, авьяас чадвар, туршлагыг нь мартаж болохгүй.

Эди Слиман Celine брэндийг үгүй хийсэн үү? (фото 3)

Эди Слиман Celine брэндийг үгүй хийсэн үү? (фото 4)

Мэдээж Фиби Файлогийн эрин үеийн, модерн эмэгтэйчүүдэд зориулсан, ухаалаг хувцаснуудад хүн бүр хайртай байсан. Фиби бүх насны, бүх төрлийн эмэгтэйчүүдэд зориулж хувцас урладаг байсан тул брэнд ийнхүү өргөн хүрээний шүтэн бишрэгчтэй болж чадсан билээ. Эмэгтэйчүүд Фиби Файлогийн хувцсыг өмсөх үедээ юуны түрүүнд өөрөөрөө байж, өөртөө итгэлтэй, тайван мэдрэмж авдаг байсныг онцлох дуртай. Фибигийн үеийн Celine маш үзэсгэлэнтэй, хүчирхэг байсныг үгүйсгэхийн аргагүй. Гэхдээ энэ нь өнгөрсөн цаг. Харин Celine by Hedi Slimane бол одоо болоод ирээдүй цаг. Түүний загварууд илүү шинэ мянганыхныг чиглэсэн нь тайзнаа гарсан нийт 96 төрх бүрээс илт харагдана. Хөгжмийн ертөнцөд дурласан, 1980-аад оны эсгүүртэй нарийхан хослол өмссөн, хүйсийн хязгаарт баригдаагүй, рок-н-ролл залуус Dior, Louis Vuitton зэрэг илүү гудамжны стиль рүү налайж байгаа брэндүүдээс тэс ондоо хэв маягтай, шинэ давлагаа юм. Тиймээс энэ нь ч Celine-ы хувьд шинэ хэрэглэгчдийг татаж, зах зээлийн тодорхой хэсгийг эзлэх ухаалаг алхам гэж зарим мэргэжилтнүүд үзэж байгаа.

Эди Слиман Celine брэндийг үгүй хийсэн үү? (фото 5)

Юутай ч загварын ертөнц үргэлж өөрчлөгдөн хувьсаж байдаг тул аливаа шинэ зүйлийг нээлттэй, хөнгөн байдлаар хүлээн авч сурах нь энэ салбарын салшгүй нэг хэсэг. Тэгээд ч энэ бол Эди Слиманы анхны цуглуулга бөгөөд шинэ Celine-ы түүх дөнгөж эхэлж байна. Харин шинэ цуглуулгын дараа хэдэн чухал асуултууд төрлөө. Эди өөрийн алдарт стилийг Celine-д авчирсан энэ үед ижил хэв маягаар үйл ажиллагаа явуулдаг Saint Laurent ордон цаашид яах бол? Хоёр брэндийн загварууд хоорондоо төстэй байх нь хэрэглэгчдийн сонголтод хэрхэн нөлөөлөх бол? Мөн хуучин Celine-ы ухаалаг стильд дурладаг байсан хэрэглэгчид шинэ Celine-ээс нүүр буруулах болов уу?

Та энэ талаар ямар бодолтой байна?

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх