Хайх

Futuristic Type брэнд "Интеркосмос Проект" нэртэй цуглуулга танилцууллаа

"Интеркосмос Проект"

Text: Бюро 24/7


Зураг:

Задгай сансрын чимээ шуугианыг сансрын хөлгөөс эх дэлхийтэй холбогдож байгаа дохиотой хольсон "сансарлаг" хөгжмийг 3D дуулга өмссөн футурист DJ тоглох зуур тайзнаа дөнгөж сая сансрын хөлгөөс буугаад ирчхэв үү гэмээр содон нүүр хувиргалттай моделиуд анхаарал татам деталиудтай футурист, space-age загваруудыг танилцуулж байв. Хөгжим, нүүр хувиргалт, загвар гээд бүгд нийлээд шоуны үзэгчдэд цоо шинэ мэдрэмж өгч чадлаа.

Өнгөрөгч арваннэгдүгээр сард зохион байгуулагдсан Байкалын загварын долоо хоногоор футурист, ретро-футурист чиглэлээр дагнан загваруудаа гаргадаг Futurustic Type брэнд ийм нэгэн цуглуулгыг дэлгэсэн юм. Futuristic Type брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч И.Мөнхтуяа энэхүү капсул цуглуулгаа "Интеркосмос Проект" гэж нэрлэсэн ба нэрээсээ эхлээд л анхаарал татна.

Бүх зүйл сүүлчийн 3000 төгрөгөөс эхлэлтэй буюу "Интеркосмос Проект" цуглуулга бүтсэн түүх

Дизайнер И.Мөнхтуяа энэ намар томилолтоор ОХУ-ын Улаан-Үд хотод хэд хоног ажиллажээ. Тэндээс буцахдаа нэг л "гоё долгион" тээж ирсэн ба уран бүтээлчдэд л мэдрэгддэг тэрхүү онцгой долгионоо алдахаасаа өмнө ямар нэг бүтээлч, шинэ санаа төрүүлэх зүйл хийх хэрэгтэй байсан гэнэ. Хамгийн хөгжилтэй нь Мөнхтуяа Улаанбаатар хотод ирэхдээ ердөө л 3000 төгрөгтэй үлдсэн байж. Түүгээр ч барахгүй үлдсэн 3000 төгрөг нь бэлэн биш кредит картад байсан бөгөөд бага дүнтэй болохоор гаргаж авах ч боломжгүй байв.

Ингээд түүний санаанд хамгийн түрүүнд "Сансар, од эрхсийн ордон" буюу Астро паркын тухай бодол орж иржээ. Хотдоо ирмэгцээ, шууд тийшээ зүглэж, үзэж сонирхох тасалбарын үнийг асуухад хачирхалтай нь яг 3000 төгрөг байсан байна. Карт уншихгүй гээд мобайл банкаар 3000 төгрөгөө шилжүүлэн Астро паркийг үзэж сонирхжээ. Ингэж энэ цуглуулга буюу "Интеркосмос Проект"-ийг эхлүүлэх санаагаа олсон байна.

Ер нь Монгол хүн анх сансарт ниссэн түүхт 1981 оныг эргэн дурссан загварууд бүтээж, шинэ залуу үеийнхэнд ОХУ болоод Монгол орны дотно холбоог дахин нэг сануулмаар санагджээ. Тэр даруй Астро паркаас "Интеркосмос" хөтөлбөрийн нэрийг ашиглаж болно гэх зөвшөөрлийг аваад шинэ цуглуулгын ажилдаа урам зоригтой орсон гэдэг.

График дизайнер Тэмүүжин Futuristic Type брэндэд зориулж "Интеркосмос", "Союз" зэрэг олон төрлийн шошгоны дизайныг цоо шинээр бүтээж, стилист Буянхишиг моделиудын нүүр хувиргалтыг санаачилсан бол загварын шоуны нүүр хувиргалтыг Anara's Make Up Studio гүйцэтгэсэн байна. Шоуны хамгийн чухал хэсэг болох хөгжмийг артист Инжээ зохиож, өөрөө тогложээ. Сансрын содон авиаг 1981 онд "Союз" хөлөг хөөрөх үеийн станцын эх бичлэгийн хэсгээс дээж авсантай хольж, Futuristic Type брэндийн шинэ цуглуулгад зориулагдсан цор ганц хөгжмийг зохиосон байна.

Futuristic Type бол Монголын цорын ганц футуристик хэв маягаар загваруудаа урладаг, футуризмыг түгээж буй брэнд. Цуглуулгын загварууд бол бүхэлдээ "Space Age Chic" буюу "Сансрын эриний шик" болон ретро-футурист хандлагын аль алиныг шингээсэн шийдэлтэй.

1960-аад оны дунд үеэс хүн төрөлхтөн сансар огторгуй, футуристик хэв маягт анхаарлаа хандуулах болсонтой зэрэгцээд Пьер Карден, Андре Куреж, Пако Рабан тэргүүтэй дизайнерууд ч мөн адил ирээдүйг зөгнөн дүрсэлсэн загваруудаа урлаж эхэлсэн байдаг. Загварын мэргэжилтнүүд үүнийг "Space Age" буюу "Сансрын эрин үе" хэмээн нэрийдсэн юм. Тэр цагаас хойш загварын салбар дахь футурист давлагаа бага багаар суларсан хэдий ч, 2000 оны эхээр футуристик хэв маяг эргээд хүчээ авсан байдаг.

Сүүлийн жилүүдэд Dior, Chanel, Balmain, Junya Watanabe, Marc Jacobs, Diane von Furstenberg зэрэг олон загварын орднуудын бүтээлүүдэд футуристик хэв маяг тусгалаа олсоор байна. Яг энэ цаг үед дэлхийн загварын ертөнцийн чиг хандлагатай зэрэгцэн нэг хэвийн, уйтгартай тойргоос гадуур сэтгэн, шинэ содон зүйлийг түгээж буй Futuristic Type брэндэд талархмаар санагдлаа.

Нийтлэлийг бичсэн Ж. Нандиа
Гэрэл зургийг Sentience Studio 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх