Хайх

Хуримын загварын долоо хоног, хавар 2017

Хуримын загварын долоо хоног, хавар 2017

Сүйт бусгүйн хувьсгал

Text: Ө.Тодгэрэл


Дөрөвдүгээр сарын 13-ний өдөр Нью-Йорк хотод хуримын загварын долоо хоног эхэллээ. Ирэх хаврын улиралд зориулж цуглуулга танилцуулсан шилдэг дизайнеруудын загвараас дүгнэхэд орчин үеийн сүйт бүсгүйн хэв маяг илүү энгийн болон хувирч байна

Oscar de la Renta

Сүйт бүсгүйн хүсэл жил болгон өөрчлөгддөг уламжлалтай. Энэ нь Oscar de la Renta-гийн сонгодог хэв маягтай үйлчлүүлэгчдэд хүртэл хамааралтай юм. Үүнийг ч тодотгох мэт Oscar de la Renta загварын ордны бүтээлч захирал Питер Коппинг "Бидний санал болгох загварууд орчин үеийн бүсгүйн хэрэгцээг хангаж байх үүрэгтэй" хэмээн загварын шоуны үеэр тайзны ард хэлсэн юм. 2017 оны хаврын улиралд дизайнер этгээд болон энгийн хурим зохион байгуулахаар төлөвлөж буй бүсгүйчүүдийн аль, алинд нь тохирох цуглуулга бүтээхээр зорьсон байна. Түүний цуглуулгад газар хүрсэн урттай дэгжин, эсвэл коктейл даашинзын урттай цэмцгэр загварууд багтжээ. Сонгодог загваруудаас дурдвал бэлхүүс барьсан, бүрээ дүрстэй торгон даашинз, торон нэхээстэй урт ханцуйтай даашинз, эсвэл маш энгийн мөргүй даашинз бий. Питер Коппингийн урласан загвар бүр маш хөнгөн, зөөлөн мэдрэмж төрүүлж, тайзнаа яг л хөвж буй мэт харагдаж байлаа. Цуглуулгын хамгийн том хормойтой, зааны ясан өнгөтэй, торгон материал, торон оруулгатай даашинз хүртэл тэрхүү үлгэрийн хөнгөн мэдрэмжийг өөртөө агуулжээ.

Carolina Herrera

Каролина Херрера энэ улиралд өвөрмөц зан чанартай хүмүүст тохирох, онцгой загварууд танилцууллаа. Түүний цуглуулга дахь бөмбөгөр хормойтой сонгодог гүнжийн загвар хүртэл ер бусын туяхан мэдрэмж төрүүлнэ. Даашинзны цээж хэсэг цэцгэн хатгамлаар бүрхэгдэж, харин хормой нь олон давхар нимгэн торон материалаас бүрджээ. Бусад загварын хувьд гэвэл ихэнхдээ маш орчин үеийн хандлагатай, цэмцгэр болсон харагдана. Мөнгөлөг хатгамалтай, нуруу хэсэгтээ эрвээхий зангиатай зааны ясан даашинз, сувдан товчтой энгийн өмдөн хослол, эсвэл дундаж ханцуйтай цув маягийн шик даашинз зэрэг нь ханхүүгээ хүлээн сууж буй гүнж биш, харин их хотын ажил хэрэгч бүсгүйн дүр төрхийг илтгэж чадах өвөрмөц загвар болжээ. 

Lela Rose

Лела Роузын хаврын загварын шоуг ерөнхийд нь "тайвширсан дэгжин төрх" хэмээн тодорхойлж болох юм. "Хурим гэдэг ойлголтын хүрээ тэлж, дүрэм өөрчлөгдөж байна" гэдгийг Лела Роуз онцлоод, нэлээн хожуу үед ойр тойрныхоо хүрээнд хуримаа хийж буй хүмүүсийг жишээ болгон ярьлаа. Тиймээс Роуз загвартаа тайван бөгөөд орчин үеийн хандлага гаргаж, өдөр тутмын аястай хуримын цуглуулга бүтээжээ. Цөцгий мэт цагаан өнгөтэй, өндөр суудалтай, нарийхан загварын өмд ба түүнтэй хослох бэлхүүс тодотгосон, мөргүй топ нь тэрхүү тайван, дэгжин төрхийн хамгийн тод жишээ болж байна.

Marchesa

Marchesa брэндийн үүсгэн байгуулагчид болох Жеоржина Чапмэн ба Керен Крейг нар энэ удаад ид шидийн цэцэрлэгт хүрээлэн гэх сэдэв сонголоо. Тэд сарнайн дэлбээ болон цэцгийн навчаар даашинзуудаа чимж, загвар өмсөгчдийг үлгэрийн дагина болгон хувиргажээ. "Цуглуулгын бүх загварууд ньюд туяатай байж, маш хөнгөн мэдрэмж төрүүлж байгаа. Бид орчин үеийн сүйт бүсгүйд зориулж сонгодог гэхээсээ илүү загварлаг дүрс бий болгохыг зорьсон" хэмээн Чапмэн ярьжээ. Сүүлийн үеийн нүцгэн мөрний трендийг дагасан мөр ил гаргасан даашинз эсвэл хормой нь салдаг хоёр янзаар өмсөж болох даашинз зэрэг нь дизайнерын дээрх хэлсэн үгсийн баталгаа гэлтэй.

Naeem Khan

Хавар, 2017 улиралд зориулж Наим Хан цуглуулгынхаа загвар бүрийг маш онцгой болгохыг хүссэн байна. Түүний даашинз болгон өөрийн гэсэн өвөрмөц түүх агуулж байгаа бөгөөд тэр нийт 23 загвараа гар урлалын нарийн аргаар чимжээ. Цуглуулга ерөнхийдөө алтан, цайвар ягаан ба цагаан өнгөнүүдээс бүрдэж, ихэвчлэн А дүрс бүхий газар хүрсэн урттай даашинзуудтай болсон байлаа. Гэхдээ дизайнер цуглуулга дунд ганц хоёр гэнэтийн загвар оруулсан харагдана. Тухайлбал жижиг гялалзсан хатгамалтай, урт ханцуйтай цамц ба леггинс хослол болон мөнгөлөг санжлагатай коктейл даашинз зэрэг нь хуримд өмсөхөд дэндүү энгийн мэт санагдана.

цааш үзэх