Хайх

Michel & Amazonka хавар, намар 2016 шинэ цуглуулга гарлаа

Michel & Amazonka хавар, намар 2016 шинэ цуглуулга гарлаа

Анхны үзэгч нь та

Text: Ж.Чинбат


Загвар өмсөгч Б.Ялгуун амилуулж, гэрэл зурагчин О.Төмөрбаатарын дуранд буусан Michel & Amazonka маркийн шинэ цуглуулгын танилцуулга гарчээ. Ингээд ирэх жил дизайнерууд бидэнд юу санал болгож байгааг үзэцгээе

Michel & Amazonka тав дах цуглуулгаа 21 загвартай, залуучууд руу чиглэсэн, чөлөөт стильтэй болгон гаргажээ. Тэдний өмнөх загваруудад түлхүү байсан гоёлын хувцас нь энэ удаа илүү өдөр тутамд өмсөх боломжтой пальто, топ, цамц, хүрэм, өмд, юбкаар солигдсон байна. Харин Сальвадор Дали бомбер хүрэмний дотроос ил гарч, пальтоны энгэрт заларчээ. Michel & Amazonka -гийн хувьд Дали уран бүтээлч талаасаа урам зориг өгөөд зогсохгүй сайхан залуу учраас өөрсдийн нэг билгэдэл болгон авч ашиглах дуртай гэлээ.

Цуглуулгын зурагнуудаас харахад цөөн тооны өнгө ашигласан, хоёр өөр төрлийн материал нэгтгэсэн загварууд гарчээ. Тухайлбал шифоныг өөр материал дээр нэгтгэж пальтонд тохиромжтой биетэй болгосон. Монголд хүссэн загвартаа ашиглах материал ховор байдгаас өөрсдийгөө чөлөөлөх гэсэн бүтээлч ажиллагаа нь сонирхолтой загвар гаргасан байна.  Жишээ нь даавууг алтлаг утсаар битүү дарж оён, давалгаа маягийн хээ зурсан нь өөрсдийн хэв маягийг хадгалаад зогсохгүй шинэлэг болж чаджээ.  Мөн өмнөх цуглуулгад их оруулсан торгыг энэ удаа тун багаар, материал дундуур хавсарган авсан харагдана.

Michel & Amazonka хавар, намар 2016 шинэ цуглуулга гарлаа (фото 1)

Цуглуулгын загварууд ерөнхийдөө А, H хэлбэрийг барьж хийсэн тул пальто нь шулуун хормойтой болсон ба драп, торго, үслэг материал хослуулжээ. Дизайнер Ч.Нямханд /Amazonka/ хэлэхдээ "Бид амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх дургүй болохоор ховор амьтны үслэг эдлэл хэзээ ч ашиглахгүй гэж бодож байна. Хэрэв үслэг хэрэглэх болвол энгийн эсвэл сайн чанарын дуураймлыг л хэрэглэнэ" хэмээн өөрсдийн бас нэг онцлогоо тодруулсан юм.

Michel & Amazonka хавар, намар 2016 шинэ цуглуулга гарлаа (фото 2)

Michel & Amazonka хавар, намар 2016 шинэ цуглуулга гарлаа (фото 3)

Шинэ цуглуулгыг чимж байгаа бас нэг содон зүйл нь монгол үндэсний хээ. Тэгэхдээ хаана байх, ямар өнгөтэй, хэрхэн үндсэн хувцастайгаа зохицох донжоо сайн олжээ. Пальтоны ханцуй дээрх элсэн цаг шиг хэлбэртэй, өлзий хээгээр холбогдсон хатгамал нь цуглуулгын хамгийн тод өнгөнүүд байлаа. Мөн японы кимоно, юкатагийн энгэрт цэцгэн хээ байдгаас тэд санаа авч хатгамалтай монгол хээг цамц болон пальтонд оруулж өгчээ.

Michel & Amazonka хавар, намар 2016 шинэ цуглуулга гарлаа (фото 4)

Michel & Amazonka хавар, намар 2016 шинэ цуглуулга гарлаа (фото 5)

Michel & Amazonka хавар, намар 2016 шинэ цуглуулга гарлаа (фото 6)

Ирэх 2016 оны хавар, намрын цуглуулгадаа Michel & Amazonkа хар, хар хөх, лайм болон олив ногоон өнгө голчлон ашигласан ба ихэвчлэн нарийн кантуудыг оёдол хооронд зааглан хийжээ. 

Эдгээр цуглуулгад загварын долоо хоногуудад уйгагүй ажилладаг streetstyle зурагчид урам өгсөн байна. Тиймээс загваруудаа орчин үеийн монгол залуус өмсөөд гудамжинд илүү загварлаг, чөлөөтэй хэрнээ энгийн харагдах байх гэж бүтээсэн гэв. Энэ санаа нь цуглуулгын зураг авалтаас мөн тод уншигдана.

"Эмэгтэйчүүд аль болох бага нүүр будалттай, хэтэрхий гангалахгүйгээр дотоод гоо сайхан руугаа хандах нь зөв гэж бодоод байгаа. Арьсаа гоё арчилдаг, зүгээр л уруулаа будаад гадагш гардаг ч юм уу, энгийн байх тусмаа гоё" гэж Amazonka тодотгож өгсөн юм.

Эцэст нь нэмж хэлэхэд тэд улирал бүр цуглуулга гаргахаас гадна сар болгон шинэ загвар нэмж байхаар төлөвлөсөн бололтой. Учир нь шинэлэг санаа орж ирснийг дор дор нь бүтээл болгон хүмүүст санал болгохыг хүсч байгаа юм байна.

цааш үзэх