Хайх

Миланы загварын долоо хоног: Gucci, намар-өвөл 2016

Миланы загварын долоо хоног: Gucci, намар-өвөл 2016

Зоригтой

Text: Ө.Тодгэрэл


Итали загварын ордонд шинэ амьдрал бэлэглэсэн Алессандро Микелегийн ачаар тоо томшгүй олон хүн этгээд бөгөөд хүйсийн ялгаагүй загвар сонирхох болсон. Брэндэд бүтээлч захирлаар ирснээс хойш тэрбээр цуглуулга бүрээрээ загварын ертөнцөд том нөлөө үзүүлсээр байна

Намар-өвлийн цуглуулгадаа дизайнер хэв маягаа огтхон ч өөрчилсөнгүй. Харин эсрэгээрээ тэр өмнөх сэдвээ улам өргөжүүлж, улам их зоригтой туршилт хийжээ. Түүний загваруудад тод өнгөнүүд, маш их хээ, шигүү байршилтай хатгамлууд болон хүйсийн стереотипийг эвдсэн чиг хандлага шингэсэн байна. Түүгээр ч барахгүй Микеле энэ удаад нэгэн шинэ сюрприз барьсан юм. Тэр өмнөх цуглуулгын гол баатрууд болох онц сурлагатан болон этгээд хүүхдүүдийн төрхийг авч үлдсэн хэрнээ дээрээс нь ковбой цамц, жийнсэн хүрэм, скейтбордын гутал зэрэг илүү эрэгтэйлэг элементүүдийг нэмжээ.

Миланы загварын долоо хоног: Gucci, намар-өвөл 2016 (фото 1)

"Миний дотоод сэтгэл миний бүтээдэг загваруудтай нийцдэг. Би өөрөө ийм хүн болохоор энэ чиглэлээр ажилладаг" хэмээн Алессандро Микеле шоуны дараа WWD-д товч ярилцлага өгчээ. Тэр тайзны ард энгийн хөх свитер ба хилэн өмд өмссөн байсан ч гэлээ түүний хуруу болгоныг чимэх бөгжнүүд яг л тайз дээр алхсан загвар өмсөгчдийнх шиг байлаа.

Миланы загварын долоо хоног: Gucci, намар-өвөл 2016 (фото 2)

Микелегийн хэлснээр тэр шинэ цуглуулгаа бүтээхдээ домогт дизайнер Валтер Албинигийн ажлаас түлхэц авсан гэнэ. Түүнчлэн цуглуулгын ретро аясын талаар асуухад тэр "Gucci-гийн түүхэн дэх хамгийн амжилттай үе 1970-аад онд байсныг та мэдэх биз ээ" гэж хариулжээ. 

Валтер Албинигийн хэв маяг Snoopy цамцтай хосолсон оптикал хээ бүхий бэлтгэлийн хослол ба дэрвэгэр хормойтой даашинз зэрэг цөөн хэдэн загварт мэдрэгдэж байсан ч цуглуулгын бусад загварууд бүхэлдээ Микелегийн уран сэтгэмж байлаа. Түүний бүтээсэн эмээгийн задгай энгэртэй цамц, эрвээхий зангиатай цамц, тансаг пижам хослол, үслэг оруулгатай угладаг гутал, том хүрээтэй нүдний шил зэрэг нь Gucci брэндийг илүү романтик бас зоригтой болгож байгаа юм. Намрын улиралд зориулж дизайнер бэлхүүс тодотгосон хослол, трапеци өмд ба анхаарал татам хээтэй үслэг хүрэм гэх загварууд дээр илүү анхаарал төвлөрүүлжээ.

Мөн WWD-гийн сурвалжлагч түүнээс хос хүйсийн чиг хандлагын талаар асуухад Микеле "Чи зүгээр л хүссэнээрээ хувцаслаж болно" гэсэн байна.

цааш үзэх