Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоногийн эхний өдрүүд: Calvin Klein, Fenty x Puma, Diane von Furstenberg

Нью-Йоркийн загварын долоо хоногийн эхний өдрүүд: Calvin Klein, Fenty x Puma, Diane von Furstenberg

Хавар-зун 2018 улирлын шинэ цуглуулгууд дэлгэгдлээ

Text: Buro.Mongolia


Calvin Klein

Calvin Klein брэндэд зориулсан анхны цуглуулгадаа дизайнер Раф Симонс АНУ-ын бэлгэ тэмдэг болсон жийнсэн материал ба ковбой соёлыг онцолж байсан бол, энэ удаагийн хоёр дах цуглуулгадаа тэрээр Америк маягийн мөрөөдөл болон аймшгийг харуулахаар зорилоо. Холливүүдийн "Carrie" аймшгийн кинонд гардаг цусны толботой даашинз, айдас төрүүлэм "The Birds" кинон дээрх савхин хүрэм, "Twin Peaks" цувралын Лора Палмерын цогцостой торыг санагдуулам цув зэрэг нь АНУ-ын бодит амьдрал дээрх аймшгийг илтгэж байгаа аж. Дизайнерын хэлснээр Холливүүдийн кино бүтээлүүдээс эрх чөлөө мэдрэгддэг бөгөөд ийм зэргийн эрх чөлөө нь загварын салбарт дутагддаг байна. Жил ирэх тусам хэрэглэгчдийнхээ хүсэлд нийцүүлэн хөгжих болсон загварын салбарыг Симонс эргээд уран зөгнөл, абстракт сэтгэмжийн чиглэл рүү оруулахыг хүссэн бололтой. "Аймшиг ба гоо үзэсгэлэн нь хоорондоо салшгүй холбоотой зүйлс юм" гэж дизайнер хэлжээ.



Fenty x Puma

Энэ улиралд Рианна экстрим спортын төрлүүдээс бүтээлч санаа авч, тод неон өнгийн оруулгатай, төрөл бүрийн тоноглол ба цахилгаанаар чимэглэгдсэн, зоригтой загварууд бүтээлээ. Тэрээр загваруудыг хооронд нь сонирхолтой байдлаар хослуулж, өөрийн хошин мэдрэмжээ нэмснээр маш эрсдэлтэй сэдвийг амжилттай цуглуулга болгож чадсан юм.



Diane von Furstenberg

Өнгөрсөн онд Diane von Furstenberg брэндийн бүтээлч захирлаар томилогдсон дизайнер Жонатан Саундерс хавар-зун 2018 улиралд зориулж 1970-аад оны эсгүүрүүдийг орчин үеийн материалтай хослууллаа. Диско маягийн даашинзууд, үслэг захтай савхин цув, А хэлбэрийн богино юбка, илгэн материалтай хүрэм, цацагтай цамц зэрэг нь бүгд 1970-аад оныг илтгэх түгээмэл загварууд юм. Санудерсын уран сэтгэмж зөвхөн өнгөний зохицолдоо, материал сонголтоор л илэрсэн гэлтэй цуглуулга ерөнхийдөө шинэлэг зүйлсээр дутагдаж байлаа.

цааш үзэх