Хайх

Алдартай дизайнерууд загварын карьераа хөгжүүлэхийг хүссэн хүмүүст зөвлөгөө өглөө

Виктория Бекхэм, Стелла Маккартни, Жонатан Андерсон болон бусад

Text: Бюро 24/7


Энтони Вакарелло
Энтони Вакарелло

"Загварын салбарт амжилтанд хүрэхийн тулд өөрийгөө итгэж болох хүмүүсээр хүрээлүүлэн, чадварлаг баг бүрдүүлэх хэрэгтэй. Яг л гэр бүл мэт дотно, найдвартай хүмүүс байх учиртай. Хэн ч энэхүү хүндхэн замыг ганцаараа даван туулахгүй".

 

 

Александр Вэнг
Александр Вэнг

"Энэ дэлхий дээр хэтэрхий олон эд зүйлс байна. Ихэнх эд зүйлс нь ямар нэгэн гүнзгий утга санаа агуулдаггүй төдийгүй хэрэглэгчдийн хэрэгцээг ч хангаж чаддаггүй. Бид шинэ зүйл бүтээх шаардлагатай эрин үед амьдарч байна. Таныг ирэхээс өмнө загварын салбар хэрхэн ажилладаг байсан нь огтхон ч хамаагүй. Та тэр системд уусах албагүй. Үүний оронд цоо шинэ, эрсдэлтэй зүйл бодож олоорой. Мөн мэдээж хэрэглэгчдийнхээ хүслийг тооцоолох хэрэгтэй".

 

 

Донателла Версаче
Донателла Версаче

"Хүмүүс таны шинэлэг санаа, шийдвэрүүдийг шүүмжлэх болно. Таны замд муу ч, сайн ч зөвлөхүүд тааралдах болно. Хамгийн гол нь өөрийн зөн совинг сонсож, итгэдэг хүмүүсийнхээ л зөвлөгөөг хүлээн авч байгаарай. Заримдаа загвартай ямар ч холбоогүй хэрнээ таны хүндэтгэлийг хүлээсэн нэгэнтэй ярилцаж, санаагаа тайлбарлаж өгөх нь их чухал байдаг. Тэд таны санааг цоо шинэ өнцгөөс харан маш тустай зөвлөгөө өгдөг юм шүү".

 

 

Жонатан Андерсон
Жонатан Андерсон

"Миний Мануэл Павесигаас суралцсан нэгэн үнэтэй сургамж байдаг юм. Тэр нь юу вэ гэхээр хэзээ ч битгий буулт хий. Миний хувьд энэ нь маш зөв зөвлөгөө юм. Учир нь загварын салбарт ажиллах үед маш олон төрлийн үзэл бодолтой тулгарах болно. Энэ бүгд нь таны хүчийг барж, төөрөлдөхөд хүргэж болзошгүй тул өөртөө л итгэ".

 

 

Пол Смит
Пол Смит

"Хийж буй зүйлийнхээ талаар асар их мэдлэгтэй бай! Загварт маш олон арван мэргэжил бий. Тиймээс энэ дундаас оновчтой сонголт хийж, сонгосон зүйл рүүгээ бүхэл биеэрээ шумбан ор. Таны сонгосон чиглэлд ямар боломж байгааг олж судлан туршлага хуримтлуулах хэрэгтэй. Амьдралынхаа туршид би агуулахад ч тэр, дэлгүүрт ч тэр ажиллаж үзсэн. Тэр бүх туршлага нь миний ирээдүйн ажилд маш чухал үүрэг гүйцэтгэсэн".

 

 

Стелла Маккартни
Стелла Маккартни

"Хамгийн гол нь хэтэрхий олон тийш үсчихгүй, өөртөө л итгэх хэрэгтэй. Өөрийн үзэл бодолдоо үнэнч үлдэхийн зэрэгцээ тансаг зэрэглэлийн амжилттай бизнес бүтээх боломжтойг та миний жишээ дээрээс харж болно. Эргэн тойронд юу өрнөж байгааг анхааралтай ажиглаж, хэрхэн өөрийн бүтээлээрээ дамжуулан дэлхийг өөрчлөхийг хүсэж буйгаа тунгаагаарай. Одоо зүгээр нэг хөөрхөн даашинз, гоёмсог цүнх бүтээх цаг өнгөрч байна шүү дээ".

 

 

Виктория Бекхэм
Виктория Бекхэм

"Шинэхэн уран бүтээлчдийн хувьд загварын салбар хүндхэн санагдаж болзошгүй. Тиймээс бүхий л боломжоо ашиглан мэргэжлийн хүмүүсээс мэдлэг олж аван суралцаж, мэргэжилтний туслахаар ажиллаж, бусдын алдаанаас суралцаж, боловсрол туршлагаа дээшлүүлээрэй. Карьерынхаа энэхүү эхний алхамд өөрийгөө мэргэжилтнүүдээр хүрээлүүлэх нь их чухал. Ингэснээр л та ихийг сурч, хэрэгтэй холбоо сүлжээ үүсгэх болно".

 

 

1 / 5

Сэтгэгдэл бичих

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт