Хайх

Ариунаа Сүри: Хэмнэл эвдсэн, монгол хэв маягийг минимал болгосон загварууд миний гарын үсэг

Ариунаа Сүри: Хэмнэл эвдсэн, монгол хэв маягийг минимал болгосон загварууд миний гарын үсэг

Мазаалайн хүч

Text: Ж.Чинбат


Загвар зохион бүтээгч Ариунаa Сүритэй бид шинэ цуглуулга, өөрийнх нь хэв маяг, загварын бизнесийг хэрхэн хийж байгаа болон хамгийн хайртай бахархал нь байсан жижигхэн динозаврын өндөгний тухай ярилцлаа

Ариунаа Сүриг анх Герман руу загвар зохион бүтээгчээр сурахаар явахад нь геологич ах нь нэгэн жижиг динозаврын өндөг бэлэглэжээ. "Чи үүнийг зүсүүлээд харах юм бол дотор нь өндөг шиг шараараа байгаа" гэж хэлж байжээ. Тэр олон жил энэ эрдэнэтэйгээ цуг загвар зохион бүтээгч болох замналаа туулсаар өнөөдөр Европ, Япон руу хувцасаа борлуулах том зорилго тавьсан уран бүтээлч болж хөгжсөн байна. 

Ариунаа Сүри хувцасны суурь эсгүүрийг эвдсэн хэрнээ, өдөр тутам өмсөхөд тохиромжтой өвөрмөц хувцас бүтээдэг загвар зохион бүтээгч гэж олон нийтэд танигдсан. Түүний хамгийн анх Японд Мерседэс Бенз загварын шоунд оролцсон Намар 2013 цуглуулгын зургууд нь одоо ч Vogue-гийн хуудаснаа бий. Түүний загвартаа ашигласан материал, эсгүүр, өнгө төрх байгальд илүү ойртсон сэдэвтэй, эрх чөлөөт бие даасан төрхийг гаргах сонирхолтойг нь илтгэдэг. Тэр Хавар, зун 2014 цуглуулгадаа мөн энэ онцлогоо өргөжүүлж "Ус" сэдвийг сонгон авч байсан бол хамгийн сүүлд гаргасан намар, өвөл 2016 цуглуулгадаа минимал, нүүдэлчин хэв маягаа хадгалж, илүү онгон дагшин говь нутаг, мазаалай баавгай нэмж, илүү хүчтэй мессеж хүргэхээр зорьжээ. Загвартаа ноолуур, нэхий, таар, савхи зэрэг ихэвчлэн монгол түүхий эд ашиглаж байгаа нь үндсэн сэдэвтэйгээ нийлээд түүнийг гадаад зах зээл дээр өвөрмөц, тогтсон хэмнэлийг эвдсэн уран бүтээлч болохыг нь илтгэж харуулдаг. Харин дизайнер бүсгүй ажил хэргээ хэрхэн явуулдаг болох талаар ярилцсанаа танд хүргье. 

Та Германы Evelin Brandt брэндэд ажиллаж, томоохон дизайнерууд хэрхэн ажилладагийг анзаарч байсан гэлээ. Тэгэхээр танд одоо өөрийн брэндээ тууштай хөгжүүлэх, эсвэл том брэндийн бүтээлч захирлаар томилогдох гэсэн хоёр сонголт байвал алийг нь сонгох вэ?

Мэдээж тууштай хөгжүүлэх гэдгийг сонгоно. Гэхдээ бас миний нэг мөрөөдөл бол бусад дизайнертай хамтарч ажиллан, нэг шугам гаргах юм уу, ямар нэг төсөл дээр нэгдэж ажиллаж үзэх хүсэл байдаг. Өнгөрсөн зун манай хамт олон Австрийн дизайнеруудтай хоёр долоо хоног хамтарч ажилласан л даа. Үүнийгээ бүр илүү өөр түвшинд хийж үзэх юмсан гэж боддог. Бас нөгөө талаар заавал ч үгүй нэр хүндтэй том дизайнер гэхээс илүүтэй ганцхан л байдаг зүйлийг нээж, ширэнгэн ойд амьдардаг омог, отгынхон л хэрэглэдэг даавууны арга барил ч юм уу, тийм ховор зүйл оруулах хүсэл надад бас байдаг. 

Ариунаа Сүри: Хэмнэл эвдсэн, монгол хэв маягийг минимал болгосон загварууд миний гарын үсэг (фото 1)

Та намар, өвөл 2016-2017 цуглуулгадаа Мазаалайн тухай сэдэв сонгосон. Түүнийг хувцсандаа ямар байдлаар оруулж өгсөн бэ?

Шинэ цуглуулгын сэдэвтээ би мазаалай баавгайг барьж авсан. Загвартаа оруулахдаа би говь нутгийн байгалийн онцлог, өнгө, газрын хэлбэрийг шингээж хийхийг хичээсэн. Баавгайны хоншоорыг эсгүүрээр гарган хувцасны мөрөнд оруулж өгсөн байгаа. Энэ загвар маань одоогоор Австрид байгаа учраас үзүүлэх боломжгүй байна. Монгол зураачаар мазаалайн зургийг нь зуруулж, савхи болон бусад материал дээр хэвлэж, мөн зарим загварт эсгийгээр жакард гаргаж хийсэн. Анзаарах юм бол хувцаснуудын эсгүүрт үелэмж, давтамж орж, байгалийн тогтоцыг илэрхийлсэн байгаа. 

Яагаад мазаалай вэ гэхээр тэр дэлхийд ганцхан Монголд байдаг амьтан. Мазаалай арав гаруй мянган км зам туулж нүүдэллэж амьдардаг. Гэтэл говьд уул уурхай их тэлж байгаагаас мазаалайн идэш тэжээлийн өвс, ургамлууд нь устаж байгаа зэрэг олон аюул тулгарч байгаа. Тиймээс загварын салбарыг маш их хүн сонирхдог болохоор би загвартаа мазаалайг оруулж, өөрийнхөө чадах зүйлээр дуу хоолой болъё гэж зорьсон.

Та энэ цуглуулгаа Монголд, өнгөрсөн оны сүүлээр танилцуулсан. Одоо энэ жил ямар төлөвлөгөөтэй байгаа вэ?

Одоо гадагшаа танилцуулах ажил байгаа. Монголд яагаад эрт танилцуулсан бэ гэхээр Дархан Минжтэй хамтарч хийсэн учраас өвлийн улирлаа угтаж хийх хэрэгтэй байсан. Энэ удаа цуглуулгаа Европд танилцуулах бодолтой байгаа. Мэдээж Японыг орхихгүй. Тэгэхдээ Мерседес Бенз шоугаар бол арай чадахгүй. Өөр загварын шоу, экспонуудад оролцохоор төлөвлөсөн.

Монголын ноолуур бол төгс, тансаг материал. Тэгэхдээ арьс, нэхий цоорхой ихтэй, томоор ашиглаж болдоггүй, зүйж оёх шаардлага гардаг. Энэ Европын зах зээлийг сонирхоход хэр асуудал болж байна вэ?

Бид загвараа хэрхэн гаргахаас л шалтгаална. Тухайн дизайнер классик хэв маягийн, зүйрлүүлж хэлэх юм бол Жиоржио Армани стилийн төгс эсгүүртэй, сайн арьстай хувцас хийе гэвэл мэдээж хэрэг манай арьс тохирохгүй нь ойлгомжтой. Тэгэхдээ загвартаа нийцүүлж тухайн арьсыг ашиглах боломж бас байгаа. Би хийсэн загвараа зөв байна уу, хүмүүс хүлээж авч байна уу гэдгийг анзаарч хардаг. Гадны хүмүүс үүнийг маш их тоож, энэ нь ч бараг гоё юм байна гэж ойлгодог. Хувцсанд ашигласан арьс нь өөрөө эрүүл гарал, үүсэлтэй байна гэдэг нь том давуу тал юм. Шивээнд хатгагдаж цоорсон арьс өөрөө байгаль дээр эрх дураараа бэлчиж явсан малаас гаралтай гэдгийг илтгэдэг. Гадны мэргэжилтнүүд үүнийг хараад арьсыг нь сайн болгох гэж химийн бодис ашиглаагүй юм байна гэдгийг мэдэж болно. Сайн арьсны төлөө фермд амьтныг хашч, хориогүй гэдгийг эдгээр арьс шууд илэрхийлж чадна. Мал бол буянтай амьтан. Эзнээ тэжээж, арьс шир, ноолуураа ашиглуулж байгаа Монголын том баялаг. Тэгэхээр үүнийгээ бид зүй зохистой танилцуулвал хүмүүст хүрч байна.

Монголын циркчид нэгнээ их дэмждэг нь гоё санагддаг. "Манай циркчид" гээд л. Загвар ч бас нэгдмэл цул байж, нэг зорилгын төлөө амьсгалдаг байж чадна. 

Та ер нь өөрийнхтэй чинь адил боловсруулсан арьсны ирмэгийг хэвээр нь үлдээсэн шийдэлтэй загварууд харж байв уу?

Тийм ч олон биш боловч ганц хоёр, бүр боловсруулаагүй түүхий байдлаар нь ашигласан зүйл харж байсан. Тэгэхдээ үүнийг эхнээсээ Голландын дизайнер, арьс шир боловсруулдаг үйлдвэрүүд анзаарч, мэдсэн байна. Дэлхийд арьс боловсруулалтаараа тэргүүлдэг Голландын Шталл үйлдвэрийн 20 орчим хүн өнгөрсөн жил Монголд ирж судалгаа хийсэн. Тэд Монголын дизайнер, арьс ширний үйлдвэрүүдтэй уулзаад явахдаа хамгийн сүүлд манай урланд зочлон ирсэн. Тэгээд "Танай брэнд зөв зүйлээ барьж авчээ. Монгол арьсаар Итали, Испанийн төгс боловсруулсан дээд зэргийн хүрэмтэй адил зүйл хийх боломжгүй. Тиймээс та хэд зөв шийдэл олж, хийж байгаад баярлаж байна" гэж ярьж байсан. Үүний дараа нэг Голланд дизайнер Ханс Уббинк "Адуу, мал" гэсэн нэртэй брэнд гаргаж, арьсны эмжээрийг хэвээр нь үлдээсэн энэ хэмнэлийг хүртэл оруулаад хийчихсэн байсан.

Үүнийг та өөрийн санаагаа алдаж байна гэж үзэх үү, дэлгэрч байна гэж бодож байна уу?

Дэлгэрч байна гэж тооцож байна. Энэ чиглэлээр гадны хүмүүс илүү олон хүмүүст хүрэхүйц хийгээд, худалдан авагчид нь гайхаж, баярлаж хүлээж авч байгаа. Бидэнд ч бас ийм боломж бий. Үүнийг гадаадад хийж, амжилт гаргахын тулд манай брэнд мэргэжлийн, өндөр түвшинд хийх гэж зорьж, том шоу, экспод оролцож, худалдан авагчдыг татах гэж үзэж байгаа. Тэгэхдээ бас л манайд сайн боловсон хүчин дутмагаасаа болж хүчин мөхөсддөг тал бий.

Загварын шоу, экспод орох хоёр ямар ялгаатай вэ?

Монголд бол жижиглэн зах зээлийнхээ худалдан авагчдад үзүүлж, нэр хүндээ өсгөх гэж загварын шоу хийдэг. Гадны зах зээл дээр мэдээж загварын шоунд оролцохдоо бөөний худалдан авагчдын сонирхлыг татах гэж ордог. Мэдээж шоуноос загваруудыг хараад худалдан авагчид тэр дороо шийдвэр гаргахгүй, дараа, дараагийн олон бизнес уулзалт явагдах болно. Экспоны хувьд ямар экспод оролцож, хаана нь өөрийнхөө танилцуулгыг хийж байгаагаас их зүйл хамаардаг. Гол хэсэгт нь, хамгийн анхаарал татсан цэгт байх уу гэдэг чухал. Эсвэл арай хямд, захын байрлал сонгох юм бол үр дүн өөр гарна. Гол нь өөрсдөө хүмүүсийн анхаарлыг хэрхэн татаж, гайхаж догдлон хүлээн авах сэтгэгдэл төрүүлэх нь л чухал. Үнэхээр тэгж чадаад, 50-100 сонин сэтгүүл дээр гарч хүмүүсийн анхаарал татаж чадсан бол амжилттайд тооцож болно.

Танай багт 20 орчим хүн ажилладаг гэлээ. Үйл ажиллагааны зардлаа борлуулалтаараа нөхөөд явах боломж хэр байна вэ?

Яг цэвэр Монголд хийсэн борлуулалтаараа нөхнө гэхэд хэцүү. Манай баг загвараа бүтээхдээ гаргадаг оюуны зардал нь энгийн зардлаасаа хамаагүй илүү гардаг. Загвар зохиож, эсгүүр, оёдлоо хийхдээ нэг их цаг гаргахгүй байвал хувцас хямдхан байна байх л даа. Бид хувцсаа бүтээхдээ маш их цаг, сэтгэл гаргаж хийдэг болохоор тэр үнэ шингэдэг. 
Мөн гадаадад хувцасаа борлуулахад үнэндээ боловсон хүчний асуудал тулгардаг. Загвар бүтээхээс гадна фэйшн менежмент, борлуулалтын чухал ажлыг ганцхан хэлтэй хүн хийхгүй. Тэд, тухайн загварыг загвар зохион бүтээгчээс нь илүү ойлгож, танилцуулж ярьж чаддаг, мэдлэг, мэдрэмжтэй байх хэрэгтэй. Тийм хүмүүс үнэхээр төрчихсөн хүн байдаг. Одоогоор Монголд алга байх шиг. Хэрвээ байгаа бол яг энэ хэрэгтэй ажлаа хийхгүй өөр ажил хийгээд явж байж магадгүй юм.

 Магадгүй дизайнер хүн давтагдашгүй байхын тулд юм судладаггүй бол тэр өөрөө өөртөө л давтагдашгүй байх

Та жилд хэдэн цуглуулга гаргаж байя гэж бодож байгаа вэ?

Ер нь хавар, зун болон намар, өвөл гэсэн хоёр цуглуулга гарна. Түүнээс гадна Монголын хэрэглэгчиддээ зориулж Наадам, Цагаан сарын баярт зориулсан цөөн тооны загвартай цуглуулга бас гаргана.

Зарим дизайнерууд огт фэйшн мэдээ үздэггүй гэдэг. Тэд давтагдашгүй байхын тулд гэх үү дээ. Таны хувьд ямар вэ?

Үзэх ёстой. Харин ч давтагдашгүй байхын тулд харах хэрэгтэй. Хүн өөрийнхөө хийж байгаа зүйлийг цорын ганц гэж боддог ч дэлхийн хаа нэгтээ өөр нэг дизайнер яг тэрийг хийгээд явж байж болно. Хүмүүс өнөөдөр гарч байгаа бүх зүйлс шинээр төрж байгаа мэт боддог ч үнэндээ ихэнхи зүйлс өмнө нь бүтээгдчихсэн байдаг. Эсгүүрийн хувьд гэхэд л аль зуу, хоёр зуун жилийн өмнөөс л бараг бүгд хийгдсэн байгаа. Мэдээж хэрэг шинэ загварт нарийвчлал, хэрчилт, хэмнэл нь арай өөр болно. Магадгүй дизайнер хүн давтагдашгүй байхын тулд юм судладаггүй бол тэр өөрөө өөртөө л давтагдашгүй байх.

Ариунаа Сүри: Хэмнэл эвдсэн, монгол хэв маягийг минимал болгосон загварууд миний гарын үсэг (фото 2)

Гадаадад эрэгтэй дизайнерууд ноёлдог. Монголд бараг бүх дизайнер эмэгтэй байдаг. Энэ тал дээр та юу гэж боддог вэ?

Загвар зохион бүтээгч гэдэг мэргэжил Монголд харьцангүй шинэ мэргэжил. Үүсээд 20 орчим жил л болж байгаа. Оёж, шиднэ гэдэг нь монголчуудын уламжлалд эмэгтэй л хүн хийдэг ажил байсан болохоор магадгүй эмэгтэй хүн илүү сурдаг юм болов уу. Тэгэхдээ чадвартай, сурчихсан эрэгтэй хүмүүс яалт ч үгүй аягүй мундаг, үнэхээр нарийн, нямбай байдаг.

Гадны эрэгтэй дизайнеруудын олонхи нь ижил хүйстэн байдаг. Энэ нь бүтээж байгаа загварт нь нөлөөлдөг үү? Та энэ тал дээр юу гэж боддог вэ?

Ер нь надтай хамт Германд сурч байсан дизайнерууд ч бас дандаа ижил хүйстэн байсан. "Яагаад энэ хүмүүс ийм байна" гэж би бодож байсан л даа. Тэгтэл хүмүүс ганцхан эрэгтэй нүдээр харж байгаа зүйлийг тэд эмэгтэйлэг нүдээр бас хардаг. Амьдрал дээр эрэгтэй, эмэгтэй гэх хоёрхон хүйс байхад түүний эсрэг дундаж хүн гарч ирээд, олон нийтэд хувцсаар дамжуулж мэдрэмжээ илэрхийлнэ гэдэг аягүй том зориг. Нийгмээс ирэх янз бүрийн дарамт, хэл амыг тэд туулж гардаг учраас шинэ зүйлийг үзүүлэх том зориг нь хүчтэй загвар болж гардаг.

"Би энэ монгол хэмнэлээс гарах ёстой" гэж хичээсэн. Тэгсэн ч сая, саяар үйлдвэрлэгддэг Zara, Mango шиг тийм загвар зурмааргүй байсан. 

Та Германаас сурч авсан гол зүйлсээ нэрлэвэл юу, юуг хэлэх вэ?

Яв, цав зарчим, шудрага байдал. Тэд аливаад муу санаалаад байдаггүй хүмүүс. Ази хүмүүс магадгүй дотуур тамиртай байж болох ч тэд тийм хүмүүс биш. Дээр нь айхтар ажилсаг хүмүүс санагддаг. Манай Монголд ч ажилсаг хүмүүс зөндөө боловч залхуу хүмүүс их болж эхэлж байна. Уг нь бид тийм хойрго юм уу гэхээр тийм биш. Дээр үеийн хүмүүс маш хөдөлмөрч байсан. Одоо үүнийгээ эргээд хөгжүүлэх хэрэгтэй байх.

Таны дуртай загвар зохион бүтээгчид хэн бэ?

Япон талаас Йожи Ямамото, Иссей Мияки, Европоос Хуссейн Чалаян, Iris van Herpen, Рик Оуэнс нарын загваруудад би их дуртай.

Ариунаа Сүри: Хэмнэл эвдсэн, монгол хэв маягийг минимал болгосон загварууд миний гарын үсэг (фото 3)

Энэ хүмүүс таны өөрийн хэв маягтай нэлээн төстэй хүмүүс байх шиг. Би зарим загвар зохион бүтээгчийг залуудаа дуртай байсан хүнтэйгээ одоо өөрөө их адилхан бүтээл хийдэг юм уу даа гэж ажиглаж байсан. Танд бас ийм зүйл тохиолдож байв уу?

Ер нь тухайн хүний сонирхол юм байна. Магадгүй өөрийгөө үнсгэлжин, хатан хаан шиг төсөөлөх дуртай хүмүүс том хөвсгөр даашинз урладаг.  От кутюр тал руугаа гэх юм уу даа. От кутюр гэдэг чинь эсгүүрийн дээд урлаг л гэсэн үг шүү дээ. Зүгээр prêt-e-porter стилийн мөртлөө от кютур хэв маягтай хувцас хийсэн хүн ч зөндөө байдаг. Тухайн хүний имидж, гарын үсэг л юм билээ. Яг л хөгжим шиг. Би илүү их амьд хөгжим сонсдог. Тэгэхдээ электро, инди, хөгжим ч сонсоно. Ерөнхийдөө өөр хэмнэл орсон, зохиомжийг эвдсэн хөгжим надад гоё санагддаг. Оюутан байхдаа сая би нэрлэсэн загвар зохион бүтээгчдээ таньдаггүй, яг үнэндээ тийм хүн байдгийг ч мэдэхгүй, бүх зүйлийг сурч, дуртай дизайнеруудаа дөнгөж таньж эхлэх гээд л явж байсан. Тэр үед миний харж, сонирхож байсан стиль одоо хийж байгаа загвартай төстэй байж. Загварууд нь надад илүү таалагддаг байсан. Би монгол хүн болохоор скиз зурахад л монгол дээлний эсгүүрийг яалт ч үгүй дандаа татаад эхэлдэг байлаа. Тэгэхээр өөрийгөө эвдэж, "Би энэ монгол хэмнэлээс гарах ёстой" гэж их хичээсэн. Тэгсэн мөртлөө сая, саяараа үйлдвэрлэгддэг Zara, Mango шиг тийм загвар зурмааргүй байсан. Үүний тулд барилга, архитектураас эхлээд надад судлаагүй зүйл байхгүй.

Энэ бүхний эцэст гарын үсэг болсон зүйл юу болсон бэ?

Одоо энэ хийж буй загварууд маань. Нөгөө л нэг семетри, хэмнэлийг эвдсэн, монгол хэв маягийг минимал хэлбэрт оруулж өгдөг ажиллагаа.

Та материалаа солих уу, хэрэв солихгүй бол хувцасных нь өнгө хэр шинэчлэгдэх боломжтой вэ?

Ер нь зуны загвартаа торго оруулдаг. Тэгэхдээ хятад хээтэй торго биш силк торго л доо. Би сайн материалыг яг л өлссөн хүн шиг хайж явдаг болохоор гоё материал байвал загвартаа оруулна.

Та олон ярилцлага өгч байсан байх. Тэр дотор таалагдаагүй асуулт гарч байв уу?

Хувийн асуултууд л надад хэрэггүй гэж боддог. Би загвар зохион бүтээгч хүн болохоор ажлаа л ярьвал зүгээр. Тэрнээс биш ямар нэгэн дэлхийн кино од биш болохоор надад төвөгтэй санагддаг.

Ер нь хүүхэдтэй болохоороо өөрийнхөө мэргэжлийг өвлөөсэй гэж боддог уу эсвэл өөрт нь чөлөөт боломж үлдээх үү?

Нэг нь ядаж сонгоосой гэж хүсч байгаа. Мэдээж хэрэг олон хүүхэдтэй болно. Загварт сонирхолтой болгохын тулд би зохих зүйлийг хийнэ ээ.

Ярилцлагын сүүлд сонирхоход танд өөрт чинь хэлмээр байгаа ямар нэгэн зүйл байна уу?

Монголын загварын салбар нэг цул байгаасай гэж би хүсдэг. Бид бие биенээ дэмжиж байж л гадагшаа гарч чадна. Тархи нь сэтгэж, гар нь хөдлөж, юм хийж байгаа хүмүүс байхад аяндаа бид амжилтанд хүрнэ. Нэг нэгнийгээ дэмжицгээж байгаарай. Бид бүгд л залуу хүмүүс, бүгд өөрийнхөө ертөнцийг шинээр бүтээж байгаа, хоорондоо хэдхэн насны зөрүүтэй нэг үеийнхэн. Монголын циркчид нэг, нэгнийгээ их дэмждэг нь гоё санагддаг. "Манай циркчид" гээд л. Загвар ч бас бусадтай адил нэгдмэл цул байж, нэг зорилгын төлөө амьсгалдаг байж чадна. 

 

цааш үзэх