Хайх

Донателла Версаче: “Би Versace-д дурладаг хүмүүстэй хамтран ажилладаггүй”

Донателла Версаче: “Би Versace-д дурладаг хүмүүстэй хамтран ажилладаггүй”

Бюро 24/7 ярилцлага

Text: Бюро 24/7


Зураг: Rahi Rezvani

Versace загварын ордны кутюр загварын шоуны өмнө домогт брэндийн бүтээлч захирал Донателла Версаче Мирослава Думатай уулзаж, Prince-ийн ичимхий байдал, Рикардо Тишигийн шаргуу зан болон амжилттай, бүтээлч баг бий болгох нууцаасаа хуваалцсан юм

Хүчтэй эмэгтэй бол энэ улирлын гол хит сэдэв болж байгаа. Эмэгтэй хүний хүч чадлын талаар хаа сайгүй яригдаж байна. Загварын долоо хоногийн үеэр эмэгтэй хүний бие даасан байдал, дээрх хүч чадлын талаар дурдаагүй нэг ч цуглуулга байхгүй. Гэхдээ жинхэнэ хүчирхэг эмэгтэйн талаар мэддэг хүн нь Донателла Версаче л байх.

Тэр зүгээр ч нэг уламжлалт Итали гэр бүлд төрж өсөөгүй. Харин Өмнөд Италийн уламжлалт гэр бүлд хоёр ахынхаа хамтаар өсчээ. Түүний хоёр ах Жанни, Санто нар дүүгээ үргэлж халамжилдаг байсан. Донателла Жаннигийн араас Флоренц хотод суралцахаар явснаар анх загварын ертөнцөд хөл тавьжээ. Дараагаар нь тэдний цэцэглэж буй гэр бүлийн компанид Жанни уран бүтээлийг хариуцаж, Санто санхүүгийн ажлуудыг хийдэг байсан бол Донателла олон нийтийн харилцаа ба зар сурталчилгааг гардан авчээ. Тухайлбал тэр сурталчилгааны зураг авалтыг удирдаж, одуудтай холбоо тогтоодог байв. Өөрөөр хэлбэл, ахиад л чухал байр суурь эзэлдэг хоёр ахынхаа дунд байсан юм. Гэвч 1997 онд Жаннид тохиолдсон эмгэнэлт явдлын дараа хамгийн бага дүүгээс нь өөр компанийг нь цаашид авч явах хүн байхгүй гэдэг нь тодорхой болов. Донателла ахынхаа аллагаас гуравхан сарын дараа өөрийн анхны Versace-д зориулсан цуглуулгаа танилцуулж байлаа. Үүнээс хойш 20 жил өнгөрсөн ч тэр одоог хүртэл шинэ цуглуулга танилцуулсан хэвээр байгаа. Загварын ертөнцийн жишгээр бол нэг дизайнер тухайн брэндтэй дунджаар гурван жил л ажилладаг. Тиймээс Донателлаг орчин үеийн Европын загварын ертөнцийн жинхэнэ домог гэж хэлж болно. Энэ чанар нь түүний давуу тал болж байгаа. Тэгэхдээ зөвхөн энэ ч биш.

Versace-ийн олонд танигдсан, нэг бүхэл, хувирдаггүй стиль сүүлийн жилүүдэд цаг хугацаагаа даган маш их өөрчлөгдсөн. Бид цахилгаан, оноо, хуниас, ягаан ба шар өнгөнүүдэд дөнгөж дасч эхэлж байхад, Донателла өнгөрсөн намар дүрэмт хувцас мэт хослол, камуфляж ба хаки өнгөнүүдийг танилцуулсан. Тэгтэл энэ хавар тэр эртний грекийн домгуудад гардаг дагинасын хувцсыг харуулсан. Донателла цаг хугацаатай зэрэгцэн хувьсдаг. Versace ч мөн адил. Тус брэндийн Versus цуглуулгад Донателлагийн урилгаар загварын ертөнцийн бараг бүхий л авьяаслаг дизайнерууд ажилласан байна. Тухайлбал, Кристофер Кейн, Жонатан Андерсон, Энтони Ваккарелло нарыг дурдаж болно. Хэрэв маргааш тэдэн дээр Томас Тейт нэгдвэл хэн ч гайхахгүй байх. Үнэхээр авьяаслаг, залуухан дизайнерууд Донателла Версачед жинхнээсээ ойр байдаг. Тэр зүгээр ч нэг тэдэнд анхаарлаа хандуулаад зогсохгүй, залуу дизайнеруудад өсөн дэвшиж, цаашдын алхмыг нь хийлгэх боломж олгодог юм. Өнөөдөр Versace загварын ордон тансаг зэрэглэлийн ямар нэг том компаний эзэмшилд очилгүйгээр урьдын адил хараат бус компани хэвээрээ байгаа. Тэдний энэ байр суурь сүүлийн 20 жилийн турш хадгалагдаж ирсэн нь Донателла Версаче гэх хүчирхэг, эрх чөлөөтэй эмэгтэйн гавьяа яах аргагүй мөн.

Мирослава Дума: Өнгөрсөн зургаан сард болсон Versace-ийн эрэгтэй загварын шоуны үеэр таны найз, дуучин Prince-ийн дуунууд явж байсан. Мөн түүний стиль тайзны дүр төрхүүд дээр ч ажиглагдсан. Та энэхүү авьяаслаг уран бүтээлчтэй ямар харилцаатай байсан талаараа хуваалцаж болох болов уу?

Донателла Версаче: Versace дуучидтай үргэлж маш дотно харилцаатай байж ирсэн. Тухайлбал, Ленни Кравиц, Элтон Жон, Prince гэх мэт... Би Prince-тэй хамтарч ажиллахыг маш их хүссэн боловч, тэр их ичимхий зантай байсан учраас уулзахад амаргүй байлаа. Нэг удаа, 1998 онд тэр зүгээр л над руу залгасан. Би ч түүнийг манай студид урьж, үүнээс хойш бид байнга холбоотой байх болсон. Заримдаа утас дуугарч, би харилцуураа аваад чагнахад, цаана нь чимээгүй л байдаг байсан. Харин арван минутын дараа дахин утас дуугарахад "Би байна" гэх түүний хоолойг сонсдог байсан юм. Гэхдээ би түүнийг залгаж байгааг аль хэдийнэ мэдчихсэн байдагсан. Бид хамгийн сүүлд Миланд уулзахад, тэр надаас "Чи залуу үеийнхнийг чин үнэнд яаж сургах гэж байна" гэж асуусан. Тэр бүр энэ асуултанд донтсон байсан! Залуучуудыг засахад хэцүү, хийхэд амархан алдаануудаас хол байлгах арга замыг олохыг тэр хүссэн юм. Бүр өндөр технологи хүртэл бидний амьдралыг хөнгөвчилж байгаа ч бас цаанаа давхар хүндрүүлж байж болзошгүй.

Versace-ийн уран бүтээлч найзуудын тухай ярианд Леди Гагаг дурдахгүй өнгөрч чадахгүй нь. Тэр бүр танд зориулж "Донателла" гэдэг дуу хүртэл хийсэн?

Би түүнд ухаангүй дуртай! Тэр маш ухаалаг эмэгтэй.

Та түүнд болон бусад гайхалтай эмэгтэйчүүдэд улаан хивсэнд зориулсан олон гайхамшигтай дүр төрхийг бүтээж өгсөн. Та одуудтай хэрхэн ажилладаг вэ? Захирангуйгаар юуг, яаж өмсөхийг нь санал болгодог уу? Эсвэл үргэлж тэдний санал, хүслийг нь сонсдог уу?

Би үйлчлүүлэгчийн хүсэлтийг юуны түрүүнд тавьдаг. Жишээ нь Леди Гагад "Хэдий чинээ их, төдий чинээ сайн" гэсэн зарчим үйлчилдэг. Тэр үргэлж өөрийн тачаангуй байдлыг тодруулдаг. Леди Гага энэ тал дээр яасан ч тохиролцохгүй. Тэгвэл Анжелина Жоли огт өөр бодолтой. Тэр хайхрамжгүй ханддаггүй гэдгээ төрх бүртээ гаргахыг хичээдэг. Яагаад гэвэл түүний гоёл илүү энгийн бөгөөд нухацтай харагддаг. Хэдийгээр тэд хоёулаа Versace өмссөн ч хоёр өөр янзаар харагдаж чаддаг.

Versace-ийн эмэгтэй гэхээр хүчирхэг, эрх чөлөөтэй, тачаангуй, зарим талаараа бага зэрэг түрэмгий бүсгүйн тодорхой хөрөг байдаг. Та туршилт хийх зорилгоор энэхүү сонгодог дүр төрхөөс тэс ондоо хүнтэй ажиллах талаар бодож байсан уу? Жишээ нь Тильда Суинтон ч юм уу...

Та миний бодлыг уншиж байна! Тильда... Түүний эрэгтэйлэг төрх, богино үсний тайралт, намхан ултай гутлыг гэнэт Versace-ийн даашинзтай хослуулна гэдэг нь Тильдаг тэр чигт нь өөрчилнө гэсэн үг. Гэхдээ би яг одоо Тильда Суинтоныг Versace-ийн бүсгүйн дүр төрхтэй төсөөлж чадна гэж хэлнэ. Бид хэзээ ч нэг газраа зогсдоггүй. Үргэлж өөрчлөгдөж, шинэ дүр төрх хайж байдаг. Та Карли Клоссын тоглосон манай сурталчилгааг харсан уу? Бидний хувьд тэр ч гэсэн цоо шинэ төрлийн эмэгтэй болж байгаа.

Загварын тогтолцоо танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн энэ үед та маш амаргүй цаг хугацаануудыг даван туулсаар бараг 20 жил өөрийн брэндийг удирдаж байна. Та Versace-г удирдсан хугацаандаа брэндийн стилийг хэрхэн өөрчилсөн бэ?

Миний стиль он, жил өнгөрөх тусам хувьсаж байгаа учраас би 10 жилийн өмнө хийж байсан хувцсаа одоо хийхгүй шүү дээ. Яг энэ мөчид надад тачаангуй хэрнээ ухаалаг өдөр тутмын хувцас нэгэн зэрэг урлах үнэхээр сонирхолтой байгаа. Би эмэгтэйчүүдийг дэмжиж урам зориг өгмөөр байна. Хэрэв эмэгтэйчүүд гаднах төрхөндөө хангалуун байвал тэд бүхнийг хийж чаддаг. Стиль бол ашиглаж сурах хэрэгтэй маш хүчирхэг зэвсэг юм. Бид үдшийн гоёлд үлгэрийн тухай мөрөөдлийг биелүүлдэг бол би энэ ид шидийг өдөр тутмын хувцсанд дахин бүтээхийг хичээж байна. Би бүсгүйчүүдийг тав тухтай, өөртөө итгэлтэй байлгахын тулд хувцасны эсгүүрэнд маш онцгой анхаарал хандуулдаг. Бид өөрийгөө хэрхэн мэдрэх нь гаднаасаа яаж харагдаж байгаагаас шууд хамааралтай.

Versace-г тодорхойлдог өв уламжлал, хүчтэй гоо зүйн үзэлтэй брэндийн ДНХ-г хадгалж үлдэхийн зэрэгцээ та компанийг хэрхэн урагш хөдөлгөдөг вэ?

Versace жирийн нэг компани хэзээ ч байгаагүй. Энэ брэндийн дор "амьдралын хэв маяг" гэж тодорхойлогддог бүхий л зүйл багтдаг. Тухайлбал аяга таваг, интерьерийн эд зүйлсээс эхлээд үл хөдлөх хөрөнгө хүртэл ордог. Бидний алдарт лого дээр байдаг Горгоны Медузагийн толгой бол барокко маягийн тансаглал, эр зориг, өдөөн хатгасан байдлыг билэгддэг ба Versace ордны салшгүй хэсэг юм. Жаннигийн маркийнхаа төлөө хийж байсан бүх зүйлсийг би хадгалж үлдэхийг хичээж байна. Өнөөдөр өнгөрсөн рүүгээ эргээд харахад, хэрэв би өөртөө илүү итгэсэн бол, хөндлөнгийн зөвлөгөөнүүдийг сонсоогүй бол олон алдаанаас зайлсхийж болох байсан гэдгийг ойлгодог. Би Жаннигийн бүтээсэн өв уламжлалд маш их сэтгэл хөдлөлөөр ханддаг. Гэхдээ үүний зэрэгцээ одоо огт өөр цаг ирсэн тул цаг үетэйгээ нийцэх хэрэгтэй гэдгийг ухамсарладаг. Дэлхийг, тэр тусмаа загварын ертөнцийг өөрчилсөн интернет Жанниг таалал төгсөх үед байгаагүй.

Өнөөдөр хараат бус байдлаа хадгалж үлдсэн цөөн хэдэн брэндүүдийн нэг бол Versace яах аргагүй мөн. Миний мэдэхээр тус загварын ордны хувьцааны 20% хөрөнгийн бирж дээр худалдаалагддаг. Хүмүүс энэ компанид хөрөнгө оруулах хүсэлтэй бөгөөд бэлэн ч байна.

Гэхдээ бид энэ мөнгийг халаасандаа хийдэггүй шүү дээ. Бид үргэлж хөгжлийнхөө төлөө хөрөнгө оруулалт хийдэг.

Одоо ч гэсэн Versace ордныг гэр бүлийн компани гэж нэрлэж болох уу?

Одоо бол үгүй. Өнөөдөр компанийг хараат бус захирлуудын зөвлөл удирдаж байна. Тиймээс шууд санал хураалтын замаар бүх шийдвэрүүд гарч байгаа.

Танд ингэж ажиллах нь амар байдаг уу?

Тийм ээ. Энэ бол бизнес. Тиймээс хараат бус хүмүүс таны юу нь зөв, юу нь буруу гэдгийг маш амархан хэлээд өгнө. Тэдэнтэй хүссэн асуудлыг хэлэлцэж, тэд өөрсдийн үзэл бодлоо үнэнчээр хэлж байгаа гэдэгт итгэлтэй байж болдог. Тэглээ ч хүн бүр өөрсдийн санааг дэвшүүлж, компаний өмнө шинэ зорилт тавьж, үүнийгээ ч биелүүлэхийн төлөө ажилладаг. Захирлуудын зөвлөлд байгаа хүмүүс загварын ертөнцөөс хол, тэд өөр салбаруудын мэргэжилтнүүд байдаг.

Загварын ертөнц өнөөдөр асар хурдтай хөгжиж байна. Хувцас яг л "түргэн хоол" шиг болж байгаа. Социологчид хүмүүс жилд найман тэрбум хүртэл нэгж хувцас худалдан авдаг гэж тооцоолсон байсан. Зөвхөн Versace гэхэд л жилд 10 гаруй цуглуулга гаргадаг.

Санал нийлж байна. Энэ үнэхээр их тоо. Бид илүү багыг хийх талаар бодолцож байгаа. Одоо асар их хэмжээний хувцас худалдаалагдаж байгаа бөгөөд дэлгүүрүүдэд хувцаснууд маш хурдан солигддог болсон тул өөрсөддөө өрсөлдөөн үүсгээд байдаг. Үүнээс гадна, одоо үед дэндүү олон хүмүүс өөрсдийгөө дизайнер хэмээн тунхаглаж байна. Гэвч жинхэнэ загварын соёл, гүн ухаан дээр тулгуурладаг брэндүүд илүү чухал. Заавал ч үгүй дэлгүүрүүдээ завсар зайгүй хувцсаар дүүргэж, дараа нь төрлийг нь шинэчлэхийн тулд нэмэлт цуглуулга гаргах шаардлагагүй. Харин 10 ширхэг сайн хувцас урлаад, дараа нь цуглуулгаа шинэчлэхийн тулд 10 эсвэл бүр зургаан хувцас хийхэд л хангалттай. Одоо яг энэ зарчмаар ажилладаг жижиг брэндүүд олон гарч ирсэн. Тэгэхдээ тэднийг бүгдийг нь ажиглах үнэхээр боломжгүй. Учир нь тэд дэндүү олуулаа болсон.

Технологи уг нь бидэнд туслах ёстой хэрнээ заримдаа үүрэг, даалгаврыг бүр биелэгдэшгүй болгож орхидог.

Технологи тодорхой нэг хурдыг бий болгодог учраас үүнд тохируулах тийм ч амаргүй. Өнөөдөр худалдан авагчид бүхнийг хурдан байлгахыг хүсч байна. "Үзлээ, таалагдлаа, авлаа" гэсэн зарчмаар явж байна. Хэрэв энэ нь бидний Versus-ийн хоёр дах цуглуулгад боломжтой бол, эхнийх дээр хэрэгжүүлэхэд үнэхээр хэцүү. Гэхдээ үүнийг хүмүүс ойлгохгүй байгаа учраас биднээс энэ зарчмыг шаардаад байгаа. Өмнө нь бидний цуглуулгуудын хооронд ойролцоогоор зургаан сарын хугацаа гардаг байсан. Тэгвэл одоо орчин үеийн хэмнэлээс хоцрохгүйн тулд бид шинэ цуглуулгын бэлтгэл ажилдаа дээд тал нь хоёр сарын хугацаа зарцуулж байна. Миний бодлоор загварын ертөнцийн тогтолцоо бүхэлдээ хуучирсан. Загварын ертөнцийн хуанли ч мөн адил хоцрогдсон. Магадгүй бид бүгд, энэ салбарт ажилладаг хүн бүр загварын ертөнцийн дэг журмыг үндсээр нь хэлэлцэхийн тулд дугуй ширээний хурал шиг зүйл зохион байгуулах хэрэгтэй байх.

Миний бодлоор загварын салбарт ажилладаг хүмүүс хэдийгээр өрсөлдөгчид ч гэсэн нийтлэг асуудлаа шийдвэрлэх арга замыг олохын тулд хурлын ширээнд суухад бэлэн байгаа байх. Тэгэхдээ тань шиг өрсөлдөгч брэндийнхээ сурталчилгааны нүүр царай болсон хүн байхгүй. Givenchy-гийн бүтээлч захирал Рикардо Тиши таныг хэрхэн ятгаж чадав аа?

Тэр нэг удаа над руу залгаад "Би чамаас асуухаас айгаад байна аа, яагаад гэвэл чи татгалзах байх. Тэгэхдээ чи манай шинэ сурталчилгааны нүүр царай болохгүй биз?" гэж асуусан. Би тэгье гэж хэлэхэд тэр үнэхээр гайхсан шүү! Рикардо Тишитэй хамтарч ажиллах үнэхээр тааламжтай, бид хамтдаа их хөгжилтэй байсан! Орчин үеийн загварын салбарыг өөрчлөхийн тулд бид бүгд, дизайнерууд хоорондоо ярилцаж сурах хэрэгтэй. Нийтлэг, бүгдэд нь хамааралтай асуудлын тухай ярилцаж байхад өрсөлдөөн, атаархал байх ёсгүй.

Та үргэлж Instagram ба бусад олон нийтийн сүлжээнд тантай ойр ажилладаг хүмүүстээ онцгой анхаарал хандуулдаг. Бусдын дэмжлэгийг мэдрэх танд хэр чухал вэ? Баг хамт олонтойгоо ажилладаг нууцаасаа хуваалцаж болох уу?

Хэн ч ганцаараа амжилтанд хүрч чадахгүй. Би ганцаараа энэ бүгдийг хийгээгүй бөгөөд надтай өдөр бүр гайхалтай хүмүүс хамт ажилладагт би үнэхээр бахархдаг. Миний бодлоор нэг багт олон өөр үзэл бодол, мэдрэмжтэй хүмүүс ажилладагт л гол нууц оршиж байгаа байх. Жишээ нь миний дизайн студиудын нэгт (надад олон студи бий) үргэлж хар өнгийн хувцас, намхан ултай гутал өмсөж, нүүрний будаг огт хэрэглэдэггүй нэг бүсгүй ажилладаг юм. Тэр бүх зүйл дээр биеэ барьсан байдаг тул түүнтэй харилцана гэдэг миний хувьд ур чадварыг маань шалгасан хэрэг. Тиймээс би Versace-д дурладаг хүмүүстэй хамтарч ажилладаггүй! Харин ч эсрэгээрээ, миний хийж байгаа бүх зүйлст асуулт тавьж, эргэлзэж байгаа хүмүүсийг хайж олохыг хичээдэг. Энэ ч их тусалдаг шүү.

Танд шинэ авьяасыг нээх ур чадвар үнэхээр байна. Кристофер Кейн, Жонатан Андерсон, Энтони Ваккарелло нарт та анхаарал хандуулж, тэдэнд хамтарч ажиллахыг санал болгосон. Тэдний хувьд Versace загварын ордонтой хамтарч ажилласнаар карьерт нь чухал алхам болсон. Жишээ нь Кристофер Кейн Versus-т зориулж хэд, хэдэн цуглуулга гаргасны дараа түүний нэрийн брэндийн хувьцаанаас худалдаж авах саналыг Kering групп тавьж байсан. Жонатан Андерсон Loewe брэндийн бүтээлч захирлын суудалд очиж, LVMH түүний компаний хувьцаа эзэмшигч болсон. Тэгвэл Энтони Ваккарелло Saint Laurent-ын бүтээлч захирал болж Эдди Слиманыг орлосон. Танд авьяасыг таньж мэдэхэд юу тусалдаг вэ? Зөн совин уу?

Тийм ээ, зөн совин гэж бодож байна. Би дахин давтагдах эрхгүй. Тиймээс үргэлж шинэ зүйл хайж байдаг. Залуу, авьяаслаг хүмүүстэй харилцах надад таалагддаг. Тэд надад урам өгдөг. Надаас илүү авьяастай эсвэл шинэ санааг хурдан боловсруулдаг хэн нэгэнд би хэзээ ч атаархдаггүй. Надад сонирхолтой санагдсан хүнтэй би үргэлж уран бүтээлийн яриа өрнүүлдэг. Энэ бүх залуус надад маш үнэтэй. Тэд бол загварын шинэ хэлээр ярьдаг шинэ үе. Энэ бизнест үргэлж шинэлэг зүйлсийг хайж, судалж байх хэрэгтэй. Ямар нэгэн цаг үед, бүр чиний амжилтын агшин байсан ч гацаж хэрхэвч болохгүй. Бүтээлч байдлаар үргэлж тэжээгдэж, урдаа хэцүү үүрэг, зорилгуудыг тавьж байх хэрэгтэй юм.

Үүнд таны амжилтын нууц оршиж байгаа юу?

Би нэг ч хором ажиллахаа зогсоодоггүйд миний амжилтын нууц оршиж байгаа юм. Байнга ямар нэгэн зүйл бодож олдог. Энэ бүр зуршил болчихсон. Хэрэв та тавхан минут зогсч эсвэл гэнэт таны интернет "гацвал" та асар том боломжуудыг алдах эрсдэлтэй. Өнөөдөр мэдээлэл бол амьдралын бүх хүрээнд, тэр тусмаа загварын салбарын гол хүчин зүйл болчихсон байна. Бид орчин үеийн эмэгтэй юу хүсч байгааг ойлгох хэрэгтэй. Тэгэхдээ тэд аюулгүй байдал, хараат бус байдал ба өөрийн хүчийг мэдрэх гэсэн зүйлс рүү үргэлж тэмүүлж байдаг. Тэгвэл эрчүүдийн хувьд бүх зүйл их энгийн. Тэдэнд өөрсдийн гэсэн эрх бий. Үүнийг нь ч тэднээс хэн ч салгаж чадахгүй. Харин эмэгтэйчүүдийн хүч чадал бол огт өөр түүх юм.

цааш үзэх