Хайх

Бид Говь брэндийн ноолууран хослолыг өмсөж үзэн 8 шалгуураар дүгнэлээ

Buro Review

Text: Ө.Тодгэрэл


Саяхан Pitti Uomo үзэсгэлэнгийн үеэр Говь брэндийн ноолууран хослолоор гоёсон загварлаг эрчүүд street style зурагчдын дуранд өртсөнийг хараад тэрхүү хослолын талаар судалж үзтэл 100%-ийн ноолуур атлаа харьцангуй хямд үнээр хэрэглэгчдэд хүрч байгаа нь сонирхол ихэд татлаа. Ноолууран свитер эзэмшдэг хэн бүхэн ноолуур гэх материал нь хичнээн зөөлөн, биед тухтай, дулаан байдгийг сайн мэдэх төдийгүй шүүгээндээ давхарлан өрсөн олон арван свитер дундаас өөрийн эрхгүй тэр л ноолууран свитерээ дахин дахин өмсдөг гэдэгт итгэлтэй байна. Тансаг, дулаан, тухтай чанарын хувьд ноолуурыг гүйцэх материал бараг л үгүй. Хослолын хувьд ч мөн ноолуур нь тансаг материалд тооцогдон энгийн загваруудтай харьцуулбал ихэвчлэн илүү өндөр үнээр үнэлэгддэг. Тэгвэл Говь брэндийн ноолууран хослол тэрхүү өндөр шалгуурт нийцэх болов уу? Ер нь ноолууран материалаар хийгдсэн хослол нь практикт хэр нийцдэг вэ? Өдөр тутамд өмсөхөд тохиромжтой юу? Эдгээр асуултад хариулах үүднээс бид Говь брэндийн шинэ ноолууран хослолыг туршиж үзэн хүмүүсийн тэр бүр мэддэггүй нарийн шалгууруудаар шинжлээ.

Юуны түрүүнд ноолууран материал нь хослол хийхэд хэр тохиромжтой вэ?

Ерөнхийдөө хослолын хувьд ноолуур нь материалуудын хаан гэж тооцогдох нь бий. Полиэстер нь синтетик гаралтай тул биеийн дулааныг гадагшлуулдаггүй ба хялбархан үрчийх хандлагатай байдаг. Торго маш тансаг ч зарим эрчүүдэд торгоны гялтганасан гадаргуу таалагдахгүй байх магадлалтай. Хөвөн даавуу ба тааран материал нь зуны улиралд төгс ч мөн л хялбар үрчийдэг сул талтай. Тэгвэл 100% ноос нь хослолын хувьд төгс, хамгийн хувьсах чадвартай сонголт болдог. Харин ноолуур нь энэ дундаа хаан гэж тооцогддог нь тансаг чанарын хувьд хийсэн дүгнэлт бөгөөд үнийн хувьд ихэвчлэн илүү өндөр байдаг. Гэхдээ манай орны тохиолдолд ноолуурын түүхий эд, үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт ордог давуу талтай учир Говь брэндийн санал болгох хослолууд харьцангуй хямд үнэтэй байгаа нь маш баярлууштай зүйл юм. Пиджак ба өмдийг хосоор нь ойролцоогоор 998,000₮ авах боломжтой бол тусад нь авахыг хүсвэл пиджак 698,000₮, брюк 300,000₮ гэж үнэлэгджээ.

Хэдийгээр ноолуур нь тансаг материалд тооцогддог ч хувьсах чадвар илүү өндөр ноостой харьцуулбал нарийн ажиллагаа шаарддаг тул дизайнеруудын ур чадвар болоод үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нэн чухал. Зөв эсгүүр, оёдолтой байж чадваас ноолууран хослол нь хамгийн тансаг, ухаалаг хөрөнгө оруулалт болно. Ийм ч учраас бид дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр болох Галлерия Улаанбаатар дахь Говь дэлгүүрийн салбараар зочлон өөрсдийн биеэр туршилт явуулж уншигчиддаа дүгнэлтээсээ хуваалцлаа.

Ноолууран хослолыг өдөр тутамд өмсөхөд тохиромжтой юу?

Ноолууран хослол нь оффисын нөхцөлд хэт дулаан мэт санагдаж болзошгүй. Гэхдээ Говь брэнд энэ удаад урьд урьдынхаасаа илүү нимгэн ноолууран хослолыг бүтээсэн байна. Тэмтэрч үзэхэд торгомсог, зөөлөн бөгөөд хамгийн гол нь их хөнгөн болжээ. Материал хэт нимгэн хөнгөн болоод ирэхээрээ хослолын хувьд биегүй харагддаг сул талтай байдаг ч Говь брэндийн хослолууд сайн чанарын бүтэн доторлогооны ачаар тэрхүү нимгэн, зузааны тэнцвэрийг олж чаджээ. Өөрөөр хэлбэл оффис дотор халууцахгүй, үдшийн цагаар дангаар нь өмсөх боломжтой, бүр хүйтэн өдрүүдэд гадуур нь зузаан хүрэм давхарлан өмсөхөд хөдөлгөөн хорьсон, тухгүй мэдрэмж төрүүлэхгүй гоёмсог нимгэн хийцтэй болсон байна.

Брэндийн онцолж буйгаар энэ нь Монголдоо анхны нимгэн ноолууран хослол болж зах зээлд нэвтэрч байгаа бөгөөд тэд Турк, Герман улсуудаас авчирсан сүүлийн үеийн төхөөрөмжүүдийн тусламжтай хослолын өмсгөл суултыг дэлхийн брэндүүдтэй ижил түвшинд гаргаж байгаа аж.

Хүмүүсийн тэр бүр анзаардаггүй нарийн шалгуурууд:

Ханцуйн далайц

Ихэнх масс зах зээлийн брэндүүд загваруудаа хялбар эсгүүрээр олон тоогоор үйлдвэрлэх зорилгоор зарим нэг нарийн деталиудыг орхигдуулдаг. Жишээ нь сайн хийцтэй хослолын ханцуйн далайц тав тух болоод харагдах байдлын хувьд их чухал. Сайн хийцтэй хослолын ханцуй их биеэ даган шулуун эсгүүрээр унжих биш харин тохой хэсгээрээ үл ялиг дотогш мурийж "бүрээ" хэлбэр үүсгэдэг. Ийм эсгүүр нь гарын байгалийн хэлбэрийг дагадаг ба гараа сул тавьсан үед татагдаж үрчийхээс сэргийлдэг юм. Говь брэндийн пиджакийг өмсөж үзэн уг деталийг ажиглахад хаа нэг газарт хэвийн бус үрчлээс үүсэхгүй, эсгүүрийн хувьд зөв хэлбэртэй харагдлаа.

Энгэрийн захын хуйлаас

Бас нэгэн ажиглах шаардлагатай нарийн деталь бол энгэрийн захын доод хэсгийн хуйлаас юм. Хослолоор мэргэшээгүй ихэнх масс брэндүүд хослолоо автоматажсан машинаар үйлдвэрлэж энгэрийн захыг индүүдсэн мэт хэт хавтгай болгон дарсан байдаг. Гэтэл сайн хийцтэй хослолын зах доод хэсгээрээ зөөлөн хуйларч яг л гараар хуйлан хэлбэрт оруулсан мэт чанартай харагдах учиртай. Говь брэндийн хослолын жишээ дээрээс энгэрийн захын хуйлаас ямар байх ёстойг харж болно.

Энгэрийн захын өргөн

Дэлгүүрт олон тоогоор худалдаалагддаг хослолуудын зах ихэвчлэн хэт нарийн байдаг нь сонгодог стилийг эрхэмлэдэг эрчүүдийн хувьд том дутагдал болдог. Говь брэндийн хослолын энгэрийн зах сонгодог загварын стандарт буюу 8-9 см бүхий хэмжээтэй байсан нь жижиг ч чухал деталь юм.

Дотор халаасны тоо

Эрчүүдэд ч тэр эмэгтэйчүүдийн адил биедээ авч явах шаардлагатай олон зүйл байдаг. Тиймээс ч тэд аливаа хувцсыг дүгнэхдээ эхлээд гар утас, хэтэвч, нэрийн хуудас, чихэвч зэрэг хэрэгцээтэй бүхнийг нь багтаах чадвартай халаас байгаа эсэхийг шалгадаг. Говь-ийн ноолууран пиджак дотроо бүр дөрвөн ч жижиг халаастай байсан нь бидний хувьд том давуу тал байлаа. Яг л олон тасалгаатай гар цүнх мэт эд зүйлсээ хуваарилан хийхэд хялбар байх болно.

Захын ар хэсгийн өнгө

Гоёлын ч тэр, өдөр тутмын ч тэр, ямар ч пиджакын захыг гадаа сэрүүн болсон үед босгон нимгэн ороолт давхарлаж, бээлий өмсөөд явах нь үргэлж загварлаг, нөхцөл байдалтайгаа нийцсэн, мэдрэмжтэй харагддаг. Тиймээс пиджакынхаа захыг босгох шаардлага гарах үед захын ар хэсэг ялгарсан өөр өнгийн хийцтэй байх нь гоёмсог деталь болдог. Говь брэндийн хувьд хөх пиджакын зах ар хэсэгтээ саарал, beige пиджак нь хүрэн, саарал пиджак нь хар гэх мэт бүгд ялгарсан өнгөтэй байсан нь загваруудыг илүү сонирхолтой болгож өгчээ.

Байгальд ээлтэй деталь

Орчин үеийн хэрэглэгчид аливаа брэнд, бүтээгдэхүүнээс тогтвортой, эко санаачилгыг шаарддаг болсон. Говь брэнд нь харин Монголдоо тогтвортой үйлдвэрлэл явуулж буй үлгэр дуурайлал компаниудын нэгээс гадна ноолууран хослолууддаа байгалийн гаралтай жимсний ясан товч ашигладаг зэрэг жижиг санаачилгуудыг хэрэгжүүлдэг байна.

Галбирт хэрхэн сууж байна вэ?

Размерын хувьд 46/S-ээс эхлээд 54/XXL хүртэлх сонголтууд байгаа бөгөөд үнэн зөв өмсгөлтэй байлаа. Зарим пиджакуудын мөр хэт өргөн эсвэл бэлхүүс хэсгээр хэт нарийн зэрэг пропорц алдагдсан зүйл байдаг бол энэ нөхцөлд пиджак галбирт зөв сууж, хөдөлгөөн хорихгүй атлаа хэт сул харагдахгүй сонгодог хийцийг баримталсан байна. Өмд нь худалдан авагч өөрийнхөө өндөрт тохируулан хасах боломжтойгоор дэлгүүрт худалдаалагддаг ба худалдан авалт хийн хэмжээгээ өгсний дараа Улаанбаатар Галлерия салбарт байрлах хослолын тасгийн Tailor хэсэгт Говь-ийн мэргэжилтнүүд өмдийг тань үнэгүй хасаж тааруулахаас гадна шуумаг, ханцуйн тайралтыг хийх юм. Энэ нь ч брэндийн зүгээс хийж буй маш зөв алхам. Учир нь ингэснээр хүн бүр яг л захиалгаар хийлгэсэн мэт өөрт таарсан ноолууран хослолтой болох боломжтой болж байна.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх