Хайх

“Энгийн байдал бол Uniqlo-гийн гол баримтлал” – Брэндийн бүтээлч захирал Шу Хунтэй хийсэн ярилцлага

Text: Бюро 24/7


Зураг:

Бюрогийн Орос дахь салбарын хамтран ажиллагсад маань Москвад Uniqlo брэндийн томоохон арга хэмжээ болсныг далимдуулан брэндийн бүтээлч захирал Шу Хунтэй ярилцлага хийлээ.



Шу Хун өмнө нь Nike Sportswear-ийн дижитал захирал, Nike Inc. компанийн олон улсын брэнд захирлаар ажиллаж байсан туршлагатай. Харин өнөөдөр тэрээр Uniqlo брэндийн олон улсын бүтээлч захирлын албан тушаалыг хашдаг бөгөөд дизайнеруудтай хийх хамтын ажиллагаа, маркетингийн төслүүд, цуглуулгуудын алсын хараа зэрэг олон үүргийг давхар гүйцэтгэдэг. Бид түүнээс загварын салбарын ирээдүйн талаар асууж, Uniqlo-гийн онцлогийг тодруулан өөр бусад сонирхолтой сэдвүүдээр ярилцлаа.

Шинэ улирал бүр Uniqlo брэнд өмнө нь гаргаж байсан үндсэн хэдэн загваруудаа дахин гаргадаг уламжлалтай. Технологижсон материалтай AIRism ба Heattech цуглуулгууд, маш хөнгөн өдөн куртканууд, энгийн футболканууд болон бусад basic хувцаснууд зэрэг бид бүгдийн сайн мэдэх загварууд цуглуулгад багтсан байдаг. Хэрвээ би Uniqlo-гийн гаргадаг бүтээгдэхүүний нэр төрөл бүрээс хувцас эзэмшдэг бол яагаад шинэ улиралд ижил зүйлээ дахин худалдаж авах ёстой гэж? Брэнд хэрэглэгчдээ илүү их худалдан авалт хийлгэхийн тулд хэрхэн ятгадаг вэ?

Хамгийн гол нь бид таныг илүү их худалдан авалт хийхийг хүчээр шаардахгүй. Харин эсрэгээрээ таны худалдаж авах дуртай загваруудыг улирал бүр илүү сайжруулан гаргаснаар та өөрөө тэрхүү худалдан авалтыг хийхийг хүсэх болно. Бид хэрэглэгчдийнхээ санал хүсэлтийг маш сайн сонсдог бөгөөд үйлдвэрлэл бүртээ тэдгээрийг тусгаж, зарим нэг загваруудыг өөрчилж, эсвэл үйлдвэрлэлтээс хасаж, зарим нэг зүйлийг шинээр нэмэх зэрэг арга хэмжээнүүдийг авдаг. Жишээ нь сонгодог сорочкан цамцыг аваад үзье л даа. Бид шинэ улиралд ханцуйн өргөнийг бага зэрэг өөрчилснөөр, эсвэл товч хоорондын зайг нэмснээр ханцуйгаа эргүүлж өмсөх дуртай хүмүүст илүү эвтэйхэн хувилбарыг санал болгоно. Мөн цамцны захын дизайныг өөрчлөх, эсвэл шинэ өнгө болон материалын сонголт нэмэх гээд сонгодог загварыг баяжуулж болох олон арга зам бий. Тийм ээ, манай ээлжит цуглуулга бүрт өмнө нь гарсан үндсэн загварууд ахин дахин ордог нь үнэн хэдий ч тэр бүрд бид заавал багахан хэмжээний шинэчлэлт хийсэн байдаг нь хамгийн чухал зүйл юм.



Загварын салбарт хүйсийн хил хязгаар үгүй болж байгаа тухайд та ямар бодолтой байдаг вэ? Энэ үзэгдэл нь танай брэндэд хэрхэн нөлөөлж байна?

Надад энэ асуулт маш их таалагдаж байна! Өнөөдөр бид үнэхээр л шинэ эрин үед амьдарч байна. Энэ шинэ чиг хандлагыг бид үл ойшоож болохгүй. Гэхдээ бүх юм брэндийн бодлогоос хамаарна. Бид зарим нэг хязгаарыг хуучин хэвээр нь үлдээдэг хэдий ч худалдан авагчиддаа ямар хувцас авах тал дээр өөрөө шийдвэр гарган эрх чөлөөтэй байх сонголтыг өгдөг. Uniqlo хүн бүрт зориулсан хувцас бүтээдэг. Манайд мэдээж хэрэг аль нэг хүйсэд хамааралтай уламжлалт хувцаснууд бий хэдий ч үзүүлэлтээс харахад нийт эмэгтэй худалдан авагчдын ихээхэн хувь нь эрэгтэй хувцас авах дуртай байдаг нь илэрсэн. Та хүртэл манай JW Anderson брэндтэй хамтран гаргасан капсул цуглуулгын эрэгтэй сорочкаг өмссөн байгаа харагдана. Үнэхээр сайхан зохиж байна шүү.

Хамтын ажиллагааны талаар яриа хөндсөнийх та бүгд хамтрах дизайнераа ямар шалгуураар сонгодог вэ?

Юуны түрүүнд брэндийн болон хамтрах ажиллах дизайнерын загварын талаарх үзэл бодол хоорондоо нийцдэг байх учиртай. Бидний хамтран гаргах хувцаснууд цаг үетэйгээ хөл нийлүүлсэн, боломжийн үнэтэй, энгийн байх зорилготой бөгөөд цуглуулгын загваруудыг хооронд нь хослуулахад хялбар байх ёстой. Хамгийн гол нь зөвхөн тэрхүү дизайнерын тусламжтай л бид аливаа нэг зорилгод хүрч чадах учиртай юм. Эс тэгвээс хамтын ажиллагаа хийх ямар ч шаардлагагүй, бид өөрсдөө хийчихнэ шүү дээ. Бидний хувьд сонирхолтой, биед эвтэйхэн мөн практикал зүйл бүтээх нь чухал.

Загвар улам л энгийн, илүү практикал болоод байх шиг санагдана. Би нэг л хувцсаа өмсөөд өглөө гэрээс гарахдаа эхлээд паркаар зугаалж, дараа нь ажлын уулзалтад оролцож, орой нь болзоонд явна. Харин ирээдүйд загвартай юу тохиолдох бол?

Энгийн байдал гэдэг нь Uniqlo-гийн гол баримтлал юм. Таны бүхэл өдрийн турш нэг л хувцсаа өмсөх боломжтой байдлын талаарх тайлбар Uniqlo-гийн хэрэглэгчиддээ хүргэхийг хүсдэг үндсэн ойлголтыг төгс илэрхийлж байна. Бид хувцаснуудаа үнэхээр л хаана ч, ямар ч нөхцөлд, таны ямар ажил мэргэжлээс үл хамааран бүх үед өмсөж болох байдлаар бүтээдэг. Бид загваруудынхаа силуэт, материал зэргийг үргэлж сайтар судалж, хөдөлгөөн хийх үед ямар мэдрэмж өгөх, хэрхэн харагдах зэргийг тооцоолон спорт хувцас шиг харагдахгүй атлаа ижил хэмжээнд биед эвтэйхэн байхаар хийдэг. Миний бодлоор ирээдүйд хувцасны харагдах байдал үүнээс ч илүү энгийн болох атлаа ашиглагдах материал нь илүү ухаалаг, технологижсон болно. Ерөнхийдөө хувцас илүү энгийн болох тусам илүү нарийн ажиллагаа шаардагддаг.



Бид Uniqlo-гийн ирээдүйн цуглуулгуудаас юу олж харах бол?

Бид дизайнеруудтай хийж буй амжилттай хамтын ажиллагаануудаа үргэлжлүүлж, ирээдүйд илүү олон хамтын ажиллагаа танилцуулах болно. Мөн Uniqlo U (basic хувцасны цуглуулга) цуглуулгад томоохон өөрчлөлтүүд орох болно. Гэхдээ одоогоор би энэ нууцыг дэлгэж болохгүй. Үүнээс гадна бид илүү хүйтэн цаг уурын нөхцөлд амьдардаг хэрэглэгчдийнхээ хүслийг тооцоолон маш дулаан пальто ба өдөн куртканууд бүтээсэн байгаа.

Таны хувьд Uniqlo-гийн ямар цувралын, ямар загварт хамгаас дуртай вэ?

Би Uniqlo U цуглуулгад их дуртай. Яг одоо энэхүү цуглуулгын ус нэвтэрдэггүй Blocktech материалтай тренч цуванд дурлаад байгаа. Энэ тренч нь маш сонгодог загвартай төдийгүй ямар ч хувцастай сайхан зохицдог тул хаа нэг тийш аялахдаа үргэлж авч явдаг юм. Мөн мэдээж футболка өдөр тутамд хэрэг болдог. Энэ дашрамд дурдахад бид энгийн даавуун футболканы загварыг тогтмол шинэчлэн өөрчилж, төгс хувилбар гаргаж авахын тулд их хичээл зүтгэл гаргадаг байгаа. Бидний хувьд тэрхүү футболка биед хэрхэн суух нь, шошго таагүй мэдрэмж өгөх эсэх нь, хөдөлгөөн хийхэд материал хэрхэн хөдлөх нь гээд олон шалгуур тавьдаг ба бүгдийг нь давж чадах загвар гаргахыг зорьдог байгаа.

Та өмнө нь спорт брэндүүдэд ажиллаж байсан туршлагатай. Энэ нь таны өнөөдрийн ажилд хэрхэн тусгалаа олдог вэ?

Өнөөдөр бараг бүх брэнд спорт чиглэлд анхаарлаа хандуулж байна. Энэ нь ч маш ойлгомжтой зүйл юм. Учир нь спорт хувцас биед маш эвтэйхэн. Би өмнө нь спорт брэндүүдэд ажилласнаар өнөөдөр худалдан авагчдынхаа хүслийг ойлгож, ямар хувцас өмссөнөөр илүү тав тухтай байхыг нь мэддэг болсон. Мөн спорт хэв маягийг илүү универсал болгох талаар багагүй мэдлэг хуримтлуулсан гэж боддог. Би өмнөх туршлагынхаа ачаар өнөөдөр Uniqlo-д илүү эрх чөлөөтэй ажиллах боломжтой байгаа.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх