Хайх

Эрчүүдийн хослол өмсөх урлаг: Premier Tailor брэндийн Т.Зориг зөвлөж байна

Эрчүүдийн хослол өмсөх урлаг: Premier Tailor брэндийн Т.Зориг зөвлөж байна

Улаанбаатар дахь тэйлор

Text: Ж.Чинбат


Амьдрал дээр хоёр төрлийн ганган эрчүүд байдаг. Тэдний нэг хэсэг нь дэлгүүрээс бэлэн хослол худалдан авч байхад бусад нь зөвхөн өөртөө таарсан хүрэм захиалдаг. Тэгэхээр энэ хоёр хоорондоо ямар ялгаатайг мэдэхээр бид Улаанбаатар хотод мэргэжлийн бөгөөд өндөр зэрэглэлийн хувцас захиалгын үйлчилгээ үзүүлэгч Premier Tailor брэндийн салонд зочиллоо

Өөрийгөө хүндэлдэг эрчүүд хаанаас, ямар сайн хослол худалдан авч болохыг хэнээр ч заалгахгүйгээр мэддэг. Тэд ямар нэгэн брэндийн бэлэн хослол худалдан авахын оронд яг өөрийнхөө биеийн хэмжээнд таарсан хослол захиалдаг. Гэтэл нэг үе монголчууд бүгд Англи, Герман болон Оросоос өндөр нуруутай хүмүүст зориулсан хослолыг цөмөөрөө авч өмсдөг байсан үе бий. Мөр нь томдсон, ханцуй нь уртадсан хослолууд хүний биед зуун хувь сууна гэж хэзээ ч байдаггүй. Тэгэхээр орчин үед эрчүүд хэдэн ч настай байсан бай гэлээ яг л өөрийн биед тохирсон, зөв эсгүүртэй хослолыг хүсч байна. Тэд үүний тулд нэгээс хоёр сар хүлээж ч чадна. Тиймээс өндөр зэрэглэлийн чанартай хослол бүтээж өгдөг оёдлын газарт өөрийн гэсэн үнэ цэнэ бүхий философи, соёл бий болж хөгжсөн байдаг. Үүнийг хүмүүс Улаанбаатарт зөвхөн Premier Tailor брэндийн салоноор үйлчлүүлж, мэдэрч болно. Бид тус брэндийг үүсгэн байгуулагч Т.Зоригийг эрэгтэй загварын долоо хоногийн үеэр зохиогддог Pitti Uomo руу ээлжит аялалаа хийхээр явахынх нь өмнөхөн уулзлаа. Бидний яриа эрчүүдийн бүрэн хувцаслалт гэж юу болох тухай хөндөж, эрэгтэй хүн шүүгээндээ ямар, ямар хувцастай байх хэрэгтэй талаар ярилцлаа. 

Та Premier Tailor брэндээ үүсгэн байгуулаад гурван жил болж байна. Энэ хугацаанд таны гол хэрэглэгч, үйлчүүлэгчид танай философийн тухай, үйлчилгээний талаар хангалттай сайн мэддэг болсон. Харин яг одоо танайд ямар шинэ, сонин зүйл байна вэ?

Бидний үйл ажиллагаа ерөнхийдөө жигдэрсэн болохоор зун бүр авдаг захиалгаа аваад, төлөвлөөнийхөө дагуу ажиллаж байна. Хуримын болоод урин дулаан улирал эхэлсэн болохоор зуны шинэ, шинэ материал ирсэн. Шинэ зүйл гэвэл бид энэ жилээс бизнесээ өргөжүүлж байгаа. Premier Tailor Sartoria брэндээ анх байгуулахдаа бид нэлээн өндөр зэрэглэлийн үйлчилгээ үзүүлдэг, тэр зах зээл дээр өрсөлдөх концепцтэй ажилласан. Одоо ингээд дөрвөн жилийн дараа эргээд харахад залуучуудад зориулсан шинэ брэнд гаргах ёстой юм байна гэж шийдсэн. Тиймээс бид зургаадугаар сараас эхлээд энэ ажилдаа эрчимтэй орсон байна. Бидний төлөвлөж буйгаар бол энэ оны сүүлчээр Premier Tailor-той адил шинэ брэнд гарч ирнэ. Ер нь бол яг адилхан үйлчлүүлэгчийн биеэс хэмжээ авч өөрт нь таарсан хослолыг нь хийж өгч үйлчилнэ. Тэгэхдээ залуучуудад зориулсан, арай боломжийн үнэтэй загварлаг хослолууд санал болгох юм.

Танайх захиалгын үйлчилгээг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхээс гадна эрчүүдэд зориулсан бүтээгдэхүүний олон төрлийн брэндийг нэг дор санал болгож байгаа. Тэгвэл залуучуудад зориулсан брэнд дээр энэ бүхэн дагаад шинэчлэгдэх үү?

Бид анх захиалгын үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо мульти-брэнд дэлгүүр болж өргөжсөн.  Манайд одоо Stefano Bemer, Bespoke, Dudes, Magnani, Finlay & Co зэрэг өндөр зэрэглэлийн брэндийн бүтээгдэхүүн бий. Эдгээр брэндүүд нь олон нийтэд зориулагдсан бус, харин маш өндөр чанартай бүтээгдэхүүнийг цөөн тоогоор, гар аргаар хийдгээрээ алдартай. Харин бид хоёрдахь брэндээ ямар концепцтэй байлгах вэ гэдэг дээр дөнгөж ажиллаж байна. Хэрэв зөвхөн захиалгат хувцаснаас өөр зүйл санал болгох бол залуучуудын сонирхлыг татах өөр шинэ брэндийн, боломжийн үнэтэй мөртлөө мэдээж чанартай зангиа, гутал, алчуур зэрэг зүйлс худалдаалагдана.

Хослол, хүрэм бол эрчүүдэд маш тохиромжтой хувцас. Тэгэхээр залуучууд болон нас тогтсон хэрэглэгчдэд аль, алинд нь энэ зун ямар өнгө, материалтай загварууд чиг хандлага болж байгааг та хэлэхгүй юу. 

Ерөнхийдөө залуу болон нас тогтсон эрчүүдийн загварын гол ялгаа нь захны өргөн дээр илэрдэг. Залуу байх тусмаа илүү нарийн байдаг. Энэ зун гүн ногоон өнгө зонхилж байгаа. Залуучууд тренд дагадаг болохоор илүү энэ өнгийг сонгож болох юм. Мөн зөвхөн судал, шоо, хээнүүд дээр илэрч гарч ирдэг раст буюу зэв мэт боронзон өнгө байна. Нас тогтсон хүмүүс хослолын хувьд классик, ажил хэрэгч загварыг сонгодог. Тэгэхдээ одоо монголчууд зөвхөн дөрвөн улирлын хослол биш зуны хослол өмсөж сурах хэрэгтэй болов уу. Хэрэв өдөр тутмын амьдралдаа хослол өмсдөг хүмүүс өвөл, зуны болоод дөрвөн улирлын хослолын аль, алиныг улиралд нь тааруулж хэрэглээндээ нэвтрүүлэх юм бол заавал тренд дагасан хослол өмсөх шаардлага байхгүй л дээ.

Та одоо Pitti Uomo руу, төгс хувцаслачихсан залуусын бөөгнөрөл рүү явах гэж байна. Тэдэн дотроос юуг нь илүү сонирхож хардаг вэ?

Бүрэн хувцаслалт гэж юу юм бэ гэдгийг л илүү мэдэрдэг. Дөнгөж хослол өмсөхөөр сонирхож эхэлж байхдаа хүн бүрэн хувцаслалт гэдгийг сайн мэдэхгүй, зүгээр л сайхан хослол дээр зангиа зүүснээр болчихлоо гэдэг. Гэтэл донж төрх бүрдүүлэлт илүү чухал юм. Өөрийн чинь хэлж байгаа тэр сахалнаас эхлээд үс засалт, нүдний шил, малгай, бугуйвч, оймс гээд маш олон аксесуар бүрэн хувцаслалтыг илэрхийлдэг. Үүнийг хүн өөр дээрээ хэрхэн зөв гаргаж байгааг Pitti Uomo-гийн эргэн тойрноос харах сонирхолтой байдаг. Би Анх Pitti Uomo-д очоод "шок"-нд орж байсан. Манай Premier Tailor олон Италичуудтай харилцдаг болохоор бизнесийн түншүүдтэйгээ уулзах зорилгоор тийшээ очдог. Тиймээс мөн тэдэнтэйгээ ярилцах халуун дулаан орчин бүрдүүлж, тэднээс суралцах дуртай.

Та бүхэн Солонгосоос гадна Италид захиалгын хувцасаа оёулах зорилготой байгаа гэж сонссон юм байна.

Тийм ээ, бид Наполид байдаг нэлээн өндөр зэрэглэлийн оёдлын үйлдвэртэй энэ зүйлийг хийхээр хэлэлцэж байгаа. Одоо хэд, хэдэн зарчмын асуудал тохирох л үлдсэн ч гэлээ Монголын үйлчлүүлэгчид энэ үйлчилгээнд бэлэн үү гэдэг нь өөрөө нэлээн том асуудал юм. Яагаад гэхээр бид брэндтэй биш үйлдвэртэй шууд харьцах болно. Гэтэл эцсийн хэрэглэгч буюу худалдан авагч үйлдвэрийн нэрийг тэр бүр мэдэхгүй. Маш өндөр зэрэглэлийн үйлдвэрт хийгдээд, дөрвөөс таван сая төгрөгний үнэтэй хослол гарч ирэх болохоор үүнийг монголын зах зээл одоохондоо хүлээж авах болов уу гэсэн асуулт бий. 

Энэ дашрамд асуухад Монголдоо хослол захиалгаар хийлгэх болон Европд, магадгүй Италид энэ үйлчилгээг авахын ялгаа юу байна вэ? Та бүхэнд байгаа давуу тал нь юу вэ?

Мэдээж хамгийн гоё хослол Итали, эсвэл Английн Сэвилд л хийгддэг. Тэнд арван настайгаасаа эхлээд хослол оёсон жар гарсан мэргэжилтнээр хийлгэнэ гэдэг мэдээж тэнгэр-газар шиг огт өөр. Хүмүүс Италид захиалгаар хүрэм хийлгэж болох ч тэр нь маш үнэтэй байна. Хэрэв хувь хүн тансаг зэрэглэлийн захиалгын газруудыг сонирхож, судалдаг бол хаана очихоо мэддэг байж болох юм. Тэгэхдээ зүгээр жуулчлалын шугамаар явж байгаа хүн яг зөв газраа олоход хэцүү болохоор тэр нь сул тал болох байх.

Premier Tailor-ын хувьд яг Итали мастер оёдолчин шиг бүтээхгүй ч гэлээ бид маш өндөр зэрэглэлийн, тэд нартай өрсөлдөхүйц чанартай хэрнээ боломжийн үнэтэй хувцасыг Солонгосын мастер тейлор, оёдолчноор урлуулж байгаа.

Тансаг зэрэглэлийн бөгөөд өндөр түвшний чанартай бүтээгдэхүүний зах зээлд та бүхэн яаж удаан хугацаанд оршин тогтноно гэж бодож байгаа вэ?

Би энэ өндөр зэрэглэлийн хослол захиалгаар хийж санал болгодог бизнесийг өөрийн хүсэл, сонирхлоороо хийж байгаа. Тиймээс бизнесээ үйлчлүүлэгч бүрийнхээ таашаалд нийцэхүйц цогц үйлчилгээ болгоё гэж боддог.  "Made in Italy" гэдэг нь маш их үнэ цэнэ агуулдаг шиг бид ч бас хэрэглэгчиддээ яг тийм боломж олгох брэнд, үйлчилгээ, бүтээгдэхүүн бий болгох төлөвлөгөөтэй ажилладаг. Тэгэхээр Premier Tailor төв дэлгүүрт маань хүн ирээд чанартай хэрнээ боломжийн үнэтэй, Солонгост үйлдэрлэсэн хослол авч болно. Арай үнэтэй бөгөөд бүр илүү өндөр зэрэглэлийн зүйл хүсч байгаа үйлчлүүлэгчид маань зуун хувь гар аргаар хийгдсэн, зөвхөн өөрт нь зориулж эсгүүрийг нь гаргасан bespoke үйлчилгээ авдаг. Хэрэв үйлчлүүлэгч брэнд хэрэглээ сонирхдог бол Италид захиалгаар хийлгэх үйлчилгээг санал болгоно. Залуучуудад боломжийн үнэтэй загвар санал болгох үйлчилгээ удахгүй нээгдэх гэж байна. Өндөр зэрэглэлийн брэнд сонирхдог хүмүүст Shangri-La Mall-д удахгүй нээгдэх ISAIA брэнд таашаагдах болов уу. Манайд ямар ч үйлчлүүлэгч ирсэн гэлээ бид энэ бүх сонголтын ялгааг нь сайтар тайлбарлаж, хооронд нь өрсөлдүүлэхгүйгээр тухайн хэрэглэгчдэд яг тохирохыг нь санал болгож, зөвлөх юм. 

Энэ бүхнийг нарийн таниулах гэдэг маш их яриа болдог байх. Тэгвэл дэлгүүрийн бөгөөд үнэтэй брэнд лого бүхий хослол шууд авчихдаг залуу үйлчлүүлэгчдэд та өөрийнхөө давуу талыг товчхондоо юу гэж хэлэх вэ?

Бэлэн хослолыг бодвол захиалгаар хийсэн хослол хамаагүй илүү. Захиалгын хослол ямар нэгэн брэнд ч бай, үгүй ч бай таны биед л зориулагдсан зүйл. Үүнийг хувь хүн зөвхөн өмсөж байж л мэдэрнэ. Тиймээс хүн захиалгын үйлчилгээг заавал авч үзэх хэрэгтэй гэж зөвлөх байна. Дэлхийн зах зээл ч хүссэн, хүсээгүй энэ чиглэл рүү хандаж байгаа. Бараг бүх брэнд хүн бүрийн давтагдашгүй онцлогт таарах захиалгат үйлчилгээ нэвтрүүлэх боллоо. Энэ үйлчилгээг нэг авч үзсэн хүн цаашаа хөгжөөд, зуун хувь гар аргаар хийсэн хувцас хэрэглэдэг болохыг хүсдэг. Жишээ нь би өөрөө bespoke буюу зөвхөн надад зориулсан эсгүүртэй хослол өмсөхийг илүүд үздэг. Би найзуудтайгаа бильяард, боулинг тоглодог. Гэсэн ч хослол маань миний биеийг огтхон ч барьж, саад болдоггүй.  

Хэрэглэгч маш олон зүйлээс сонголт хийж чадахгүй тохиолдол хэр их гардаг вэ? Тэр үед та бүхэн хэрхэн ажилладаг вэ?

Манайхаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн 90% нь юу захиалахаа бараг мэдэхгүй, ямар нэг санаагүй ирдэг. Хүмүүсийн арван хувь нь л үнэхээр хувцас сонирхогч байдаг ба цэнхэр өнгөн дээр улаан дөрвөлжин шоотой, аль эсвэл хөх дээр цагаан тод зураастай хослол захиална гэсэн тодорхой зорилготой ирдэг. Тэгэхээр бид бүх үйлчлүүлэгчтэйгээ маш зөв харилцаа үүсгэхийг эрмэлздэг. Яагаад гэвэл бид тэр хүний хувьд зөвхөн худалдагч биш мөн имидж бүрдүүлэгч нь болдог юм. Эрт үед гэхэд Монгол язгууртнууд өөрийн гэсэн эмч /оточ/, тогооч /буурч/, бас оёдолчинтой /үйлчин/ байсан гэдэг. Тэд бүгдээрээ маш дотны, яг л нэг гэр бүлийн хүмүүс шиг отгоороо амьдардаг байсан. Бид тэгвэл орчин үед яг л тийм дотны хүмүүс нь байж, ах дүүгийн мэт  харилцаа тогтоодог.

Дотны итгэл даасан үйлчилгээ гэдэг үнэхээр сайхан зүйл. Ийм харилцааг бий болгохын тулд та бүхэн яаж ажилладаг вэ? 

Хослол өмсдөг хүмүүс хоёр хэсэгт хуваагддаг. Нэг нь нас тогтсон үйлчлүүлэгч бол нөгөө нь залуу хүн. Ахимаг насны хүмүүс 20-30 жил хослол өмссөн байдаг. Тэдэнд 26 настай залуу шууд "Та хослолоо буруу өмсөж байна, ингээд өөрчилчих" гэж хэлбэл тэр хүн хүлээж авах нь бага. "Аан, би тийм залуу стилиэр хувцаслахгүй" гэсэн нэг тийм хана босгодог. Гэтэл би залуу стиль санал болгоогүй бөгөөд классик, ажил хэрэгч хувцас гэж юу болохыг ойлгуулах гэж ажилладаг. Үүнийг ойлгуулж, зөвлөхийн тулд бидний мэдлэг, чадвар өндөр байх ёстой. Тийм учраас бид жилдээ 1-2 удаа Солонгос явж ажилтнуудаа бэлддэг, жилдээ хоёр удаа Италид очиж, Pitti Uomo-д оролцдог, дэлхийн олон шилдэг брэндүүдтэй хамтарч ажиллаж, тэднээс маш их юм сурч, Монголдоо нутагшуулахыг зорьж байна. Premier Tailor брэнд маань хүмүүст танигдсан болохоор бидний зөвлөгөөг хүлээж авах нь харьцангүй сайн болсон. Манай зарим үйлчлүүлэгчид бүр өөрсдөө хүрч ирж материалаа захиалахаа ч больсон. "За намайг ямар, ямар хослолтойг мэднэ. Тийм болохоор өөрсдөө мэдээд надад хоёр ширхэг хослол захиалчих" гэдэг. Энэ итгэлцэл маш үнэ цэнэтэй санагддаг. 

Хэрэв танайхаас хослол авсан хүн фитнес хийгээд булчин нь чангарсан бол хувцасаа тавиулж болох уу?

Манайх тэр тал дээр үйлчлүүлэгчтэйгээ ойлголцож харьцдаг. Бид өөрсдийн гэсэн мэргэжлийн дизайнер, оёдолчинтой. Зарим үйлчлүүлэгч жин нэмээд хувцасаа тавиулдаг, зарим нь жингээ хасаад хослолоо багасгадаг. Хүн захиалгын хослол өмсөөд ирэхээр үүндээ дасч, дэлгүүрийн хувцас өмсөж чадахгүй болчихдог. Тиймээс бид манайхаас авсан хослолыг тэр хүн элэгдтэл нь өмсөх хайртай хувцас нь болоосой гэж худалдан авалтын дараах үйлчилгээндээ онцгой анхаарч ажилладаг. Тэгэхдээ мэдээж хослолыг тавьж, хасч болох стандарт, хэмжээ гэж бий. 

Нас тогтсон хүний хослол гэхээрээ сул, том байх ёстой гэдэг ойлголт буруу

Эрэгтэй хүний хувцасны шүүгээнд зайлшгүй байх албан ёсны хувцасны өнгө, сонголтын талаар та зөвлөхгүй юу?

Хослолыг өдөр тутмын хэрэглээндээ өмсдөг хүн бидний зөвлөгөөгөөр хамгийн багадаа 3-5 хослолтой байх хэрэгтэй. Хав хар хослолыг бид хэзээ ч зөвлөдөггүй. Учир нь хар өнгө хурим болон оршуулгад л өмсдөг өнгө. Эсвэл үйлчилгээний байгууллагын ажилтан өмсдөг. Мөн италичууд хар хослолтой хүнийг ямар ч загварын мэдрэмжгүй хүн байна гэж үздэг.

Гүн хөх, цайвар саарал, бараан саарал өнгийн хослолтой байхад хаана ч, хэзээ ч өмсөхөд зохимжтой. Мэдээж даавуун болон жийнсэн өмдөн дээр өмсөх боломжтой хоёр ширхэг жакет шүүгээнд байх хэрэгтэй. Монголд дулааны улирал богино учраас аль болох ноосорхог материалтайг сонговол зүгээр.

Пальтоны хувьд 1-2 ширхэг байх хэрэгтэй ба урт цувыг бас нэмж болно.

Гуталны хувьд доод тал нь 3-4 сонголттой байх хэрэгтэй. Нэг хослолыг маргааш нь дахиж өмсөхөд зохимжгүйн адил гутлыг ч бас нэг өдөр өнжөөх хэрэгтэй. Монголд оффисын ажилтай хүмүүс голчлон хослол өмсдөг тул хар гутал зайлшгүй хэрэгтэй. Үүнээс гадна  хүрэн бор өнгийн, мөн зун өмсөх цайвар бор өнгийн нэг, нэг гутал шүүгээндээ тавиарай. Мөн хүйтний улиралд элгэн гутал тохиромжтой бас дулаахан харагдуулдаг.

Хүрэн гутлан дээр хослолын хөх болон цайвар өнгийн хослолууд бүгд зохицох уу?
Бүгд зохицно. Ганц болохгүй юм нь хар хослол дээр бор гутал, бор хослол дээр хар гутал өмсөж болохгүй.

Зарим эрчүүд гутландаа маш хайртай ханддаг. Харин зарим нь мэддэггүй. Таны зүгээс гутлын арчилгаанд юу зөвлөх вэ?

Ер нь эрэгтэй хүний хувцас, тэр дундаа сайн гутал бол хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл эдэлгээ сайтай, чанартай хувцас, гутал мөнгө хэмнэнэ гэсэн үг. Үнэхээр та үнэтэй гутал авч байгаа бол түүнтэй адил гутлын модыг авах хэрэгтэй. Гутлын мод маш чухал гэдгийг та хэрэглэж үзээд л мэдэрнэ. Яагаад гэвэл хүний хөл хөлөрдөг. Тиймээс гутлын мод нь чийгийг маш хурдан өөртөө шингээж, гутлын хэлбэрийг хадгалдаг.

Та үнэтэй гутлаа гэрийн нөхцөлд тослохгүй байвал сайн. Үүний оронд гутлын салонд хоёр сардаа нэг удаа өгч өнгөлүүлэх хэрэгтэй. Тэгвэл нэгэнт өнгөлсөн гутлыг даавуун алчуураар арчих төдийд өнгө ордог. 

Цамцны хувьд зуны улиралд линен /ёрог, тааран даавуу/ материалтай цамц сэрүүхэн байдаг. Тэгэхдээ мэдээж үүнийг албан ёсны үйл ажиллагаан дээр өмсөж болохгүй. Харин зуны хослол дээр бол өмсөж болно. 

Манай урилгыг хүлээн авч эрэгтэй тэйлор хувцас болон өөрсдийн брендийн талаар сонирхолтой ярилцага өгсөнд баярлалаа. Эрэгтэй хувцасны загварын шилдэг шоу Pitti Uomo-д амжилттай оролцоорой. Амжилт хүсье.

Баярлалаа. Монгол эрчүүддээ өнгөтэй өөдтэй, загварлаг хувцаслаж эрч хүчтэй амжилт дүүрэн ажиллаж амьдрахыг хүсэн ерөөе.