Хайх

Mongolia

Met Gala дээрх энэ бүх хэтрүүлгийн цаана ямар утга нуугдаж байсан бэ?

Бид дахиад хэзээ ч ийм улаан хивс олж харахгүй

Text: Ө.Тодгэрэл


Хоёр хөлтэй чийдэнгийн бүрхүүл болсон Кэти Пэрри, долоон нүдтэй Эзра Миллер, бүхэлдээ алтаар бүрхэгдэн далавчаа дэлгэсэн Билли Портер, цаашлаад Вегас дахь Бурлеск шоуг санагдуулам өнгө өнгийн өд, шигтгээгээр гоёсон Кайли ба Кендалл Женнер гээд өчигдөр болж өнгөрсөн Met Gala-гийн улаан хивс нэг талаасаа уулга алдам гайхалтай нөгөөтээгүүр толгой эргэм хачин жигтэй болж өнгөрлөө. Үүнээс үүдээд "Кэмп гэж яаг юу юм бэ?" гэх үдшийн гол сэдвийг бүрэн ойлгоогүй, будлисан өнгө аястай олон нийтийн асуулт хаа сайгүй дуулдах гэлтэй. Ирсэн зочдын сонголтоос хараад энэ удаагийн үдэшлэгийн сэдвийг оновчтойгоор тодорхойлоход бэрх байж болох юм. Гэхдээ Кэмп гэх ойлголтыг Америкийн сэтгүүлч Сьюзен Зонтаг өөрийн "Кэмпийн тухай тэмдэглэл" гэх эссендээ 58 төрлийн өөр оролдлогоор, 58 шинж чанарыг нь дэлгэх байдлаар, нийт 6000 гаруй үгээр тайлбарласан байдаг. Түүгээр ч барахгүй Зонтагийн хэлснээр Кэмпийг нарийн ойлголтоор хязгаарлах нь үүнээс урваж буйн хэрэг бөгөөд нэг зүйлд оноох гэсэн оролдлого хийх үед энэ нь өөрчлөгдөж, бидний "гараас мултарч" эхэлдэг байна. Тэгэхээр "Кэмп гэдэг нь яг юу юм бэ?" гэж асуухын оронд "Кэмп гэдэг нь юу биш юм бэ?" гэх нь илүү хялбар байж болзошгүй. Юутай ч өчигдөр хүрэлцэн ирсэн ихэнх алдартнууд даалгавраа онц сайн биелүүлж чадсан ба алдартан бүрийн бүрдүүлсэн төрх Кэмп гэх ойлголтын нэгээхэн хэсгийг илэрхийлж байлаа.

Met Gala дээрх энэ бүх хэтрүүлгийн цаана ямар утга нуугдаж байсан бэ? (фото 1)

Магадгүй улаан хивснээ гарсан төрхүүдийг шик эсвэл загварлаг гэж хэлэхгүй ч төрх бүр дор бүрдээ үнэхээр зугаатай байсныг үгүйсгэх хүн үгүй биз ээ. Инээд алдам шоолох төрлийн зугаатай биш харин бидний уран сэтгэмжийг тэлж, хувцас гэдэг нь бидний хүссэнээрээ туршилт хийж болох эрх чөлөөтэй зүйл юм гэдгийг сануулсан маш зугаатай үзэгдэл байсан. "Кэмпийн хамгийн том зорилго нь чухал байдлыг ‘хаан ширээнээс унагаахад' оршино. Кэмп бол дэггүй, хөгжилтэй, anti-serious хандлага. Хүн хийсвэр зүйлд чухал хандаж чаддагийн адил чухал зүйлд ч хийсвэр хандаж чадна" хэмээн Зонтаг юуны түрүүнд онцолсон байдаг. Хэрвээ Харри Стайлз нэг чихэндээ сувдан ээмэг зүүж, хагас гэрэлтсэн комбинзоныг өндөр өсгийттэй хослуулахыг хүссэн бол түүнд тэгэх бүрэн эрх чөлөө байгаа төдийгүй үүнийг харах бид ч хувцсыг хүндээр хүлээж авах ёсгүй юм. Хүн бүр өөрийнхөө биед тав тухтай байж, хувцас загвараар дамжуулан уран сэтгэмжээ илэрхийлэх нь зөвхөн Кэмпийн гэлтгүй бидний амьдралын хамгийн зугаатай хэсгүүдийн нэг билээ.

The New York Post сонин Кэмпийг дараах үгсээр тайлбарласан нь хамгийн ойлгомжгүй атлаа хамгийн оновчтой тодорхойлолт болсон юм. "Ёжтой атлаа чин сэтгэлийн, дэгжин атлаа мэдрэмжгүй, хэтэрхий муухай учраас гоё харагдаж эхэлдэг, хэтэрхий их атлаа яг таарсан хэмжээнд". Ойлгомжгүй байна уу? Тэгвэл үүнийг дуучин Лэди Гагагийн жишээн дээр тайлбарлахад хамгаас хялбар байх болно. Анх улаан хивсэн дээр шүхэр мэт тод ягаан өнгийн, ойролцоогоор 8 м урт хормой бүхий даашинзтай гарч ирсэн тэрээр шүхэр барьсан бүжигчдийн хамтаар Met Gala-гийн шатны өөд өгсөж, буцаад шатаар бууж, энэ үйлдлээ хэд, хэдэн удаа давтаж ингэхдээ хувцсаа яг л сонгино мэт давхарга давхаргаар нь тайлан нийт 4 төрхийг 16 минутын турш танилцуулсан юм. Энэ нь мэдээж хэтэрхий гэж хэлмээр ёжтой үзүүлбэр байсан ч шинэ төрхөө харуулах бүрдээ тэрээр үнэн сэтгэлээсээ энэ үйл явцыг таашааж, зурагчдын өмнө хичээл зүтгэл гарган жүжиглэлт үзүүлж байсан нь бидний сэтгэлийг өөрийн эрхгүй татсан юм. Анх харахад түүний аварга том ягаан өмсгөл, хэтрүүлэгтэй нүүр будалт үнэхээр муухай юм шиг боловч харах тусам сэтгэл улам бүр хөдөлж байлаа. Мөн бүхэл бүтэн 16 минутын турш дээш, доош алхах нь хэтэрхий удаан санагдаж болох ч эцэст нь хэн ч мартахааргүй яг л таарсан хэмжээнд хийгдсэн үзүүлбэр болсон юм.

Met Gala дээрх энэ бүх хэтрүүлгийн цаана ямар утга нуугдаж байсан бэ? (фото 2)

Met Gala дээрх энэ бүх хэтрүүлгийн цаана ямар утга нуугдаж байсан бэ? (фото 3)

Мэдээж энэ үдшийн бүх төрх сэдэвтэйгээ нийцсэн гэж хэлж болохгүй ч бүхэлд нь дүгнэхэд бид дахиж хэзээ ч ийм эрх чөлөөтэй Met Gala-г олж харахгүй гэдэгт итгэлтэй байна. Бусдад таалагдахын төлөө аюулгүй сонголт хийдэг улаан хивс биш харин өөрийгөө бүрэн дүрэн илэрхийлэх боломжтой улаан хивсийг зөвхөн Кэмпийн сэдэв л зөвшөөрнө. Эцэст нь хэлэхэд Кэмпийн гоо зүйг бүрэн дүүрэн мэдрэхийн тулд бид гадаад төрх, эмх журамд санаа зоволгүй хошигнох чадвартай, нээлттэй сэтгэлгээтэй байх учиртай тул та энэ удаагийн Met Gala дээрх төрхүүдийг дахин нэг удаа өөр өнцгөөс харан таашаах гээд үзээрэй.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх