Хайх

Бид яагаад скандинав стилиэс хэзээ ч уйдахгүй вэ?

Бид яагаад скандинав стилиэс хэзээ ч уйдахгүй вэ?

Text: Buro.Mongolia


Жижиг өсгийтэй цагаан гутал, урт кардиган дээгүүр өмссөн богино куртка, жийнсэн өмд, хэнэггүй овоолсон үс. "Сканди" стиль яагаад нэгэн зэрэг ийм шик атлаа ая тухтай юм бэ?

Зүгээр ч нэг стиль биш бүхэл бүтэн амьдралын ухаан юм

Скандинавчууд шиг хэнэггүй хэрнээ загварлаг хувцаслах жорууд маш олон байдаг. Загварын салбарынхан ихэвчлэн хүйтний улирал ойртох үед скандинавчуудын стилийг шүтэж эхэлдэг бөгөөд "ноолууран пальтог өдөн курткатай хослуулахаас бүү ай", "аварга том ороолтоор өөрийгөө дулаацуул", "хар өнгө хэзээ ч моданас гардаггүй" гэх зөвлөгөөнүүдийг ахин, дахин өгдөг билээ. Гэхдээ скандинав хэв маягийн дагуу шик харагдах нууцыг олохын тулд хичээл зүтгэл гаргах биш, харин эсрэгээрээ урсгалаараа байж, санамсаргүй зүйлд итгэх хэрэгтэй юм.

Скандинав стилийг алдаршуулсан голлох эрхмүүд бүгд санамсаргүй байдлаар энэ амжилтад хүрсэн байдаг. Жишээ нь Acne брэндийн Йохансон домогт millennial pink трендийг анх санаандгүй сэдсэн байдаг, мөн Ganni брэндийн дизайнер Дитте Реффструп хэзээ ч дизайны урлагт суралцаж байгаагүй бөгөөд энэ бизнест санамсаргүй байдлаар хөл тавьсан юм. Тэд яагаад ийнхүү санамсаргүй байдлаар олны анхаарлыг татаж чадсан бэ гэхээр тэдний нэр алдрын араас хөөцөлдөх завгүй, тайван амьдралын хэв маяг, яарч сандрах зүйлгүй тэнцвэртэй байдал, тогтвортой хөгжил зэрэг нь өөрийн эрхгүй сэтгэл татдаг юм. Энэхүү амьдралын хэв маягийг ойлгосны эцэст л таны өмссөн жийнсэн өмд ба аварга том ороолт жинхэнэ #scandi харагдах болно.

Минимализм юунаас үүссэн бэ?

"Скандинав стиль" гэх ойлголт анх XX зууны 50-аад онуудад үүссэн гэж хэлж болно. Гэхдээ анх энэ ойлголт нь интерьер дизайн ба архитектурын салбарт илүү хамааралтай байсан юм. Тэр үед Швед, Дани, Норвеги ба Финланд улсуудын тавилга ба архитектур АНУ ба Канадад танигдаж эхэлснээр дэлхий нийтийн анхааралд өртсөн. Скандинавчуудын урласан минимал хийцтэй бүтээгдэхүүнүүдэд байгалиас сэдэвлэсэн энгийн, ойлгомжтой, цэмцгэр аяс давамгайлдаг байсан нь ийнхүү онцгойрсон билээ.

"Америкийн минимализм тэр чигтээ Данийн дизайнер Арне Якобсений бүтээсэн ‘Шоргоолж' сандлаас үүдэлтэй" гэж олон мэргэжилтнүүд дүгнэдэг. Тэрхүү сандал үнэхээр л шинэ давлагааны эх үүсвэр болсон бөгөөд өнөөдөр Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музей болон Лондонгийн Виктория ба Альбертийн музейд тавигдсан байдаг. Скандинавчуудын тунхагласан "ая тухыг эрхэмлэх стиль" гэх ойлголт нь одоо ч 20 гаруй жилийн дараа олонд хүрсээр байгаа. Хэлбэр дүрс ба функц хоёр эн зэрэгцэх ёстой гэх үзэл одоо зөвхөн дизайны салбарт гэлтгүй загварын ертөнцөд ч маш гүнзгий нэвчсэн. Цаг уурын хатуу ширүүн нөхцөлийг даван туулахын тулд олон давхарлаж хувцасладаг скандинавчууд өөрийн мэдэлгүй л энэ трендийг үүсгэсэн. Ингэхдээ тэд ямар нэгэн загварлаг зүйл бүтээхийг оролдоогүй бөгөөд ердөө л өвлийн улирлыг илүү ая тухтай болгохыг хүссэн нь тэр.

Scandi бол ямар нэгэн лого ба трендгүй стиль юм

Өнөөдөр скандинав дизайнерууд ямар нэгэн чиг хандлагад захирагдах шаардлагагүй болж, өөрийн гэсэн загварын томьёог бий болгосон. Яг л франц эсвэл итали стиль шиг бие даасан ойлголт болсон. Хэдийгээр scandi гэх түлхүүр үгээр Google хайлт хийхэд цагаан сорочка ба хар скинни жийнсэн өмд өмссөн бүсгүйчүүдийн зураг давамгайлдаг ч, скандинав гоо зүй гэдэг минимал хувцаслалтаас илүү өргөн хүрээтэй ойлголт юм. Энэ нь өөрийн ая тухыг чухалчлахын тулд хувцаслалтаа учир утгагүй ч хамаагүй хүссэн загвараараа бүрдүүлж, галзуу гэмээр аксесуаруудыг эрх чөлөөтэйгөөр загварчлахыг хэлнэ. Уулын гутлыг цэцгэн хээтэй даашинзтай хослуулж, дугуйчны шоортон дээр пиджак өмсөхийг хэлнэ. Ganni, Ann-Sofie Back, Toteme, Jensen ба Soulland зэрэг брэндүүдийн санал болгох scandi стилийн гол нууц хоорондоо зохицохгүй байх ёстой зүйлсийг зохицуулах чадварт оршино. Тодруулбал дизайнерууд эмэгтэйлэг зүйлийг эршүүд эсвэл спорт зүйлтэй хослуулснаар энэ үр дүнд хүрээд байгаа билээ.

Тин Андреа, Пернилл Тайсбек, Селин Аагард зэрэг Instagram алдартнуудын зэрэгцээ Acne, Ganni, Henrik Vibskov брэндүүдийг The Guardian-аас эхлээд The New York Post зэрэг дэлхийн том хэвлэлүүд онцолж, LVMH гэх том группүүд анхааралдаа авч байна. Энэ бүх шуугиан эцсийн дүнд юунд хүргэх нь тун сонирхолтой. Учир нь scandi стилийн ДНХ-д трендэд автах хүсэл, тод бөгөөд чанга лого гэх зүйлс байхгүй бөгөөд бүхэлдээ лагом буюу "их ч биш, бага ч биш харин зүгээр л хүрэлцээтэй" гэх үзлээс бүрддэг. Зарим брэндүүд бүтээгдэхүүнийхээ эргэн тойронд шуугиан үүсгэж, зарим нь тэдгээр бүтээгдэхүүнүүдийг нь шоглож (Vetements ба Supreme), бусад нь ердөө л олон нийтийн чиг хандлагыг дагадаг энэ будлиантай салбарт scandi style бол амар амгалангийн арал л гэсэн үг.



Источник: https://www.buro247.ru/fashion/expert/15-nov-2018-scandi-style-fw-2018.html

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх