Хайх

Mongolia
Симона Спажари: \"Би Гоёо компанийн байгальд ээлтэй үйлдвэрлэлийг хараад гайхширсан\"

Симона Спажари: "Би Гоёо компанийн байгальд ээлтэй үйлдвэрлэлийг хараад гайхширсан"

Бюро ярилцлага

Text: Ө.Тодгэрэл


Бидний санахын л үргэлж бидэнтэй хамт байсаар ирсэн Гоёо брэнд Монголчуудын гэр бүлийн гишүүн мэт болж, ноолууран бүтээгдэхүүний хэрэгцээ гарах үед юу ч бодолгүй хамгийн түрүүнд зорин очдог цөөн газруудын нэг билээ. Иймдээ ч заримдаа бид брэндийг энэ хугацаанд хэр хурдтай хөгжиж, өдгөө ямар түвшинд очсон байгааг хангалттай үнэлэхгүй өнгөрөх нь бий. Сүүлийн хоёр жилд л гэхэд Гоёо ХХК нь рэбрэндийнг хийн лого болон компанийн дизайндаа өөрчлөлт оруулж, үйлдвэрийн хүчин чадлаа тав дахин нэмэгдүүлэн, ажиллах хүчээ 300 байснаас 950 ажилтантай болгон өргөжүүлсэн байна. Мөн хамгийн сүүлд тэд дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр болох Галлерия Улаанбаатарт салбар дэлгүүрээ нээсэн билээ. 

Үүнээс гадна өнөө үед загварын салбар асар хурдтай хувьсаж, үүний хажуугаар глобализмын ачаар хэрэглэгчид дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхдаг болсонтой холбогдуулан Гоёо олон улсын чадварлаг дизайнеруудтай хамтран ажиллаж, загварууддаа шинэ өнгө төрх нэмдэг уламжлалтай болсон. Тэд хоёр жилийн өмнө намар-өвөл 2017 цуглуулгынхаа хүрээнд Испанийн алдарт дизайнертай хүч нэгтгэж байсан бол, дараа нь Италийн дизайнер Симона Спажаритай хамтран хоёр ч цуглуулга гаргажээ. Симона Спажари нь сүлжмэл урлагийн түүх бүтсэн газар төрсөн төдийгүй Мартин Маржиела гэх зэрэг энэ салбарын шилдгийн шилдгүүдээс суралцан 20 гаруй жилийн туршлага хуримтлуулж, сүлжмэл эдлэлээр мэргэшсэн нарийн мэргэжилтэн юм. Түүнтэй уулзаж ярилцахад тэрээр Монгол улсын ноос, ноолуурын салбарыг биширч, тэр дундаа яг одоо дэлхий нийтэд хамгаас хэрэгтэй байгаа байгальд ээлтэй үйлдвэрлэл энд явагдаж байгааг магтан сайшаасан юм. Бид энэхүү ярилцлагадаа байгальд ээлтэй үйл ажиллагааны ач холбогдлыг онцолж, Гоёо брэндийн шинэ цуглуулгатай танилцахын зэрэгцээ орчин үеийн ухаалаг хэрэглэгчид биднээс юу хүсдэг болсон тухай яриа өрнүүллээ.

Сүлжмэлийн чиглэлээр мэргэшсэн дизайнерын хувьд та яагаад энэ замыг сонгох болсон бэ? Сүлжмэлтэй ажиллахын онцлог юунд оршдог вэ?

Сүлжмэлийн салбар бол маш бүтээлч орон зай. Утас сонгохоос эхлээд тэдгээр утаснуудыг сүлжиж, сүлжээс бүрийг хооронд нь хослуулна гээд сүлжмэл бүтээгдэхүүнийг урлах эцэс төгсгөлгүй олон хувилбар, сонголт байдаг. Тухайн загварыг яаж ч хөгжүүлж болохоос гадна шинэ зүйл бий болгох хязгааргүй олон боломж бий. Энэ нь надад үнэхээр гайхалтай санагддаг юм.

Та загварын карьерийнхээ оргил мөчүүдээс хуваалцахгүй юу. Ямар брэндүүдтэй хамтран ажиллаж байсан бэ?

Би загварын карьерийнхээ эхлэлийг сүлжмэлийн түүх бүтсэн гэгддэг Италийн Режо Эмилия хотод байрладаг (Mesdian) гэх маш том, алдартай байгууллагад тавьж байсан юм. Энэ компани нь 1960-аад онд Kenzo брэндийг хамт бүтээлцсэнээр түүхээ эхлүүлсэн байдаг. Mugler, Valentino, Chanel цаашлаад Burberry, Celine гээд бүхий л том загварын орднуудын хувцас дизайн дээр хамтарч ажилладаг, одоог хүртэл эдгээр брэндүүдийн сүлжмэл эдлэлүүдийг хариуцан үйлдвэрлэдэг түүхийн маш том ач холбогдолтой газар байгаа юм. Би энэ компанид ажилладаг байхдаа Мартин Маржиела, Жозефф зэрэг шилдэг сүлжмэлийн дизайнеруудаас суралцаж, дэргэд нь туршлага хуримтлуулсан. Үүний ачаар би сүлжмэлийн ертөнцийг бүхэлд нь панорамагаар харж сурсан. Энэ миний хувьд маш үнэ цэнэтэй туршлага байсан юм. Үүний дараагаар би freelancer буюу чөлөөт ажилтан маягаар ажиллаж, энэ явцдаа Gianfranco Ferré, Max Mara болон бусад сүлжмэлийн салбарын гол брэндүүдтэй хамтарч ажилласан.

Таны төрөлх Режо Эмилия хот нь сүлжмэлийн салбартай хэрхэн холбогддог тухай илүү дэлгэрэнгүй ярихгүй юу.

1950-аад оноос эхлэн Италийн Капри арал болон Режо Эмилия хот нь анх сүлжмэлийг урлагийн гар хийц болгон хөгжүүлж, аажмаар үйлдвэрлэлийн түвшинд хүргэж чадсан байдаг. Режо Эмилияд тухайн үеэс эхлээд хүмүүс нь бүгд ямар нэгэн байдлаар сүлжмэлтэй холбогдож, энэ талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй, бүгдээрээ маш бүтээлч байсаар ирсэн. Бүтээгдэхүүний үйлдвэрлэлтийн анхан шатнаас эхлээд будах, хатгамал ба чимэглэл хийх гээд төрөл бүрээр хөгжүүлэх, хамгийн тансаг зэрэглэлийн сүлжмэлийн бүтээгдэхүүн урлах бүхий л судалгааг хийж, нарийн урлагт нь суралцсан хүмүүс байдаг.

Үүнтэй холбогдуулан ярихад би мөн чөлөөт ажлынхаа хажуугаар Ромын мэргэжлийн загвар зохион бүтээгч нарын сургуульд багшилдаг юм. Энэ сургуульд дизайнер болох хүсэлтэй хүмүүс дэлхийн өнцөг булан бүрээс ирж суралцдаг. Гэтэл сургууль нь Ромд байрладаг ч сургуулийн судалгаа хийж, архиваа бэлддэг гол газар нь Режо Эмилияд байдаг юм. Ийм л чухал ач холбогдолтой газар гэх үү дээ.

Харин Гоёо брэндтэй та хэзээнээс хамтран ажиллаж эхэлсэн бэ?

Энэ удаагийн намар-өвөл 2019 цуглуулга нь миний Гоёотой хамтран бүтээсэн хоёр дах цуглуулга болж байна. Би сая анх удаа Монголд хүрэлцэн ирсэн хэдий ч өмнө нь Гоёо-гийн мэргэжилтнүүд Италид ирэх байдлаар бид ажилладаг байлаа. Би энэ компанитай ажиллахдаа үргэлж маш баяртай байдаг. Учир нь энэ төслийн хүрээнд би дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн түүхий эд болох ноолуурыг өөрийн ажилдаа нэвтрүүлж, сүлжмэлийн салбарт хуримтлуулсан туршлага, мэдлэгээ энэхүү материал дээр хэрэгжүүлэх бүрэн боломжтой байгаадаа их сэтгэл догдолж байгаа.

Монгол улсад ирээд би ноолуурыг самнахаас эхлээд ноолуур бүтдэг бүх үе шатыг өөрийн нүдээр харан танилцаж, маш сонирхолтойгоор дотор нь орж мэдэрч чадаж байна. Монгол орны байгаль, хүрээлэн буй орчин надад үнэхээр гайхалтай санагдсан. Үүнээс гадна Монгол улсад ноолуурын хамгийн сүүлийн үеийн технологийг хослуулж чадсан ийм том үйлдвэрүүд байгааг хараад биш маш их гайхширч баярласан.

"Байгальд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийн энэ үйл явцыг, мөн Монголын соёлын түүхийг маш олон удаа дэлхий нийтэд ярих хэрэгтэй"


Таны бодлоор Гоёо болон бусад Монголын томоохон ноолуурын брэндүүд дэлхийн тансаг зэрэглэлийн брэндүүдтэй энэ зэрэгцэх түвшинд байна уу?

Тийм ээ. Монголын ноолуурын салбарын эдгээр үйлдвэрүүд дэлхийн түвшинд гарч, дэлхийн том том брэндүүдтэй нэг түвшинд явж чадна гэдэгт би итгэж байна. Эдгээр компаниудад орчин үеийн сэтгэлгээтэй, дэлхийн түвшинд нийцэхүйц нарийн мэдрэмжтэй, олон орноор аялж мэдлэг туршлага хуримтлуулсан олон чадварлаг залуус ажиллаж байна. Ийм ч учраас Монголын брэндүүд дэлхийн зах зээлийн нэгээхэн хэсгийг эзэлж чадах хангалттай нөөц боломжтой гэж би харж байгаа. Ялангуяа сүүлийн үед дэлхийд хамгийн хэрэгцээтэй байгаа байгальд ээлтэй үйлдвэрлэлийн арга замыг би Монголд олж харлаа. Байгальд ээлтэй атлаа сүүлийн үеийн чиг хандлагыг дагасан шинэлэг загварууд бүтээж байгаа нь гайхалтай.



Таны ажигласнаар бид байгальд ээлтэй үйлдвэрлэлээ улам бүр хөгжүүлж, илүү хариуцлагатай байхын тулд юу хийх ёстой вэ? Сайжруулах зүйлс бий юу?

Би эдгээр өдрүүдэд Гоёо брэндийн бүх үйл ажиллагаатай танилцаж, ноолуурыг бүр анхан шатнаас нь эхлээд эцсийн бүтээгдэхүүн бий болж байгаа бүх шат дамжлагыг харлаа. Би харсан зүйлээ дэлхийн бусад орнууд, зах зээлүүдэд таниулахыг хүсэж байна. Эдгээр Монголын ноолуурын компаниуд нь ирээдүйд дэлхийн зах зээлд гарах үндсэн түлхүүр гэж би шууд харсан. Яагаад гэхээр сүүлийн үед дэлхий даяар дэлгэрээд байгаа чиг хандлагын дагуу өндөр зэрэглэлийн хэрэглэгчид ямар нэгэн худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүний ард ямар процесс явагдаж байна, үнэхээр байгальд ээлтэй эсэх дээр маш их анхаарал тавьж сонголтоо хийдэг болсон. Харин анхан шатнаасаа эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртлээ байгальд ямар ч хор нөлөөгүй арга замаар үйлдвэрлэгдэж байгаа эдгээр бүтээгдэхүүнүүдийг олон улсын худалдан авагчид маш ихээр таашаах болно. Эдгээр компаниуд яг одоо баримталж байгаа энэ арга замаараа дэлхийн зах зээлд нэвтэрч, алдарт хүрэх бүрэн боломжтой.

Тэгвэл бидний олон улсад илүү танигдах дараагийн алхам юу байх ёстой гэж та бодож байна?

Хамгийн түрүүнд өөрсдийгөө тодорхойлох identity бий болгох хэрэгтэй. Өөрсдийгөө таниулан мэдүүлэх хэрэгтэй. Ноолуур хэрхэн бүтдэг тэр уламжлал, тэр дундаа нүүдэлчин соёлтой малчид ноолуурыг боловсруулах үйл явцад ямар оролцоотой байна вэ гэдгийг харуулах ёстой. Байгальд ээлтэй ноолуур үйлдвэрлэлийн энэ үйл явцыг мөн Монголын соёлын түүхийг маш олон удаа дэлхий нийтэд ярьж, таниулж мэдүүлэх хэрэгтэй. Үүний зэрэгцээ мэдээж хэрэг байгальд ээлтэй ноолуураа хэрхэн бүтээлч байдлаар, орчин үеийн чиг хандлагуудтай хослуулж байна вэ гэдгээ харуулах учиртай. Энэ бол хамгийн түрүүнд хийх алхам юм. Энэ алхмыг хийж чадсанаар бид цаашдын амжилтын үндсэн суурийг тавьж өгөх болно.

Таны хэлсэнчлэн одоо үеийн хэрэглэгчид байгаль орчны бохирдол, хөдөлмөрийн шударга нөхцөл зэрэг асуудлуудад санаа тавьж бүтээгдэхүүний ард явагдаж байгаа процессыг илүү чухалчилдаг болсон. Ийм ч учраас ихэнх fast fashion компаниудын борлуулалт буурч, ер нь л бүтээгдэхүүнүүд чанараараа шигшигдэж байгаа харагдаж байна. Энэ үед ноолууран бүтээгдэхүүний статус ямар түвшинд байна вэ?

Fast fashion компаниуд ер нь жинхэнэ загвар гэдэг зүйлийн үнэ цэнийг алдагдуулж байсан. Тэд байгаль орчинд ээлтэй байх талаар санаа зоволгүйгээр бүтээгдэхүүнийг маш олноор нь үйлдвэрлэж, бага зардлаар их бүтээгдэхүүн гаргах баримтлалаар явж ирсэн. Гэхдээ энэ чиг хандлага нь одоо өөрчлөгдөж, дэлхийн хэрэглэгчид илүү ухаалаг болж байна. Хэрэглэгчид ухаалаг болохын зэрэгцээ илүү чанартай, удаан эдэлгээтэй, мөн мэдээж биднийг тодорхойлж чадах гоёмсог хийцтэй бүтээгдэхүүнүүд бусдаас онцгойрон үлдэж байна. Ийм ч учраас ирээдүйн ухаалаг хэрэглэгчдэд бодит утгаараа тохирч байгаа, хэрэглээнд нь нийцэх, шаардлага хангах гол бүтээгдэхүүн бол миний бодлоор яахын аргагүй ноолуур юм.

Ихэнх олон улсын брэндүүд ноолууран бүтээгдэхүүнийг өндөр үнээр борлуулдаг. Харин Монголд томоохон үйлдвэрлэгчид маань ноолуурыг маш боломжийн үнээр олонд санал болгодог. Харин таны бодлоор ноолуурын бодит үнэлгээ ямар байх ёстой вэ?

Би үүнийг маш том давуу тал гэж харж байгаа. Олон улсын зах зээлд ноолуур өндөр үнээр худалдаалагддаг ч энэ нь эргээд хэрэглэгчдийн тоог хязгаарлаж маш бага хүрээний хүмүүст хүрч байгаа сул талтай. Харин монголчууд эсрэгээрээ боломжийн үнээр ноолуурыг хүргэж байна гэдэг нь олон улсын зах зээлийн маш том хэсгийг эзлэх боломж байна гэсэн үг.

 

"Өндөр зэрэглэлийн хэрэглэгчид ямар нэгэн худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүний ард ямар процесс явагдаж байна, үнэхээр байгальд ээлтэй эсэх дээр маш их анхаарал тавьж сонголтоо хийдэг болсон"


Гоёо брэндэд зориулж бүтээсэн намар-өвөл 2019 цуглуулгынхаа талаар бидэнд ярина уу. Энэ удаагийн цуглуулга юугаараа онцлог болсон бэ?

Энэ цуглуулгадаа би орчин үеийн завгүй бүсгүйчүүдэд өдөр тутмынх нь амьдралыг хөнгөвчлөх, биед эвтэйхэн байх сүлжмэлийн шийдлүүдийг гаргаж өгсөн. Хөдөлгөөн хорихгүй, тав тухтай байдлыг хамгийн ихээр чухалчилсан. Цуглуулгад ерөнхий гурван өнгө давамгайлж байгаа нь саармаг өнгөнүүд, хүйтэн хөх цэнхэр өнгөнүүд болон тэмээн бор, тод улбар шар гэх мэт дулаан өнгөнүүд юм. Эдгээр гурван өнгө нь эмэгтэйчүүдийн амьдралын бүх үе мөчид тохиромжтой, амралтын өдрөөр зугаалахад ч тэр, ажилдаа өмсөхөд ч тэр нийцдэг тул ийнхүү онцолсон юм.

Гэхдээ биед эвтэйхэн байдлын хажуугаар би загваруудад маш нарийн сүлжмэлийн технологиудыг бүтээлч байдлаар нэвтрүүлж өгсөн нь цуглуулгын гол онцлог байх болов уу. Энгийн загваруудтай харьцуулбал харьцангуй их ажиллагаа шаардсан, бүтээхэд амаргүй загварууд энэ цуглуулгад багтсан. Сүлжээс болон оёдлын хувьд технологийн түвшинд маш амаргүй, ажиллагаа шаардсан загварууд байгаа юм. Гоёо харин тэдгээр технологийн нарийн шийдлүүдийг төвөггүй олж, миний хүсэж төсөөлснөөр загваруудыг хийж өгсөн нь үнэхээр гайхалтай. Ерөнхийдөө Гоёо брэндтэй хамтарснаар бид олон улсад өрсөлдөхүйц онцгой загварууд бүтээхийг зорьж байгаа.

Тодруулбал ямар сүлжмэлийн техник ашигласан, ямар загварууд байгаа вэ?

Маш олон шинэлэг технологийн шийдлүүдийг оруулж өгсөн загварууд байгаагаас хоёр онцгой загварыг дурдъя. Нэгдүгээрт сүлжмэл бүтээгдэхүүн атлаа хоёр талаар өмсөж болох загварууд бий. Ийм загварыг яаж хийдэг вэ гэхээр хоёр өөр өнгийн болон нарийн ба бүдүүн гэх хоёр өөр дээжийн утас ашиглаж, хоёр өөр сүлжмэлийн гейчээр ажилласнаар удаан эдэлгээтэй, хоёр байдлаар өмсөж болох загвар бүтдэг юм. Мөн хоёрдугаарт сүлжмэл хийцтэй пальто байгаа. Энэ нь төдийлөн түгээмэл байдаггүй загварын шийдэл бөгөөд биед маш эвтэйхэн байдаг давуу талтай.

Яг одоо олон улсын сүлжмэлийн зах зээлд ямар чиг хандлагууд ноёрхож байна вэ? Та дизайнер хүний хувьд түр хугацааны трендүүдийн талаар ямар бодолтой байдаг вэ?

Чиг хандлага мэдээж дагна. Гэхдээ ноолуур бүтээгдэхүүн дээр онцолж хэлэхэд ноолуур бол ганцхан улирал өмсөөд больдог биш, харин нэг улирлаас илүү давсан, удаан хугацаагаар хэрэглэгддэг үнэт бүтээгдэхүүн юм. Тийм учраас бид улирлын цуглуулга гэсэн шинж байдлаас илүүтэйгээр маргааш, нөгөөдөр цаашлаад дараа жил өмсөж болох тийм л загварыг бүтээхийг чухалчилдаг. Тэгэхээр орчин үеийн атлаа удаан хугацаанд шинэлэг байдлаа алдахгүй загвар гаргах тал дээр бид их хэмжээний судалгаа хийдэг байгаа.

Яг одоо сүлжмэлийн салбарт Америкийн дизайнерууд ерөнхий чиглэлийг тавьж байна. Ялангуяа Жозеф ба Фиби Файло нар орчин үеийн сүлжмэлийн концепцыг тодорхойлж байгаа гэж хэлж болно. Фиби Файлогийн Celine брэндийн хүрээнд хэдэн жилийн өмнө гаргаж байсан цуглуулгууд маш хээнцэр. Одоог хүртэл түүний гаргасан энэ чиглэлээр сүлжмэлийн салбар явж байгаа. Би эдгээр дизайнеруудаас маш их урам зориг авдаг юм.

Фиби Файлогийн нэвтрүүлсэн тэрхүү контемпорари, ухаалаг хувцаслалтын салшгүй нэг хэсэг нь ноолуур байдаг. Та ч мөн Гоёогийн шинэ цуглуулгыг тэрхүү орчин үеийн эмэгтэйд зориулсан гэлээ. Тэгвэл тэр эмэгтэйн стилийг цөөн үгээр хэрхэн тодорхойлох вэ?

Би орчин үеийн эмэгтэйг юуны түрүүнд маш олон зүйлийн микс гэж хэлнэ. Тэрээр мэдээж хэрэг дэгжин. Гэхдээ тэр загварт өөрийгөө тохируулж биш харин загварыг өөрийн амьдралдаа тохируулан тэнцвэрийг олж хувцасладаг. Өөрөөр хэлбэл тав тухаа нэн тэргүүнд тавьдаг атлаа мэдрэмжтэй байдлаа алддаггүй.

 

"Миний бодлоор Монгол улс яг одоо маш их боломжоор дүүрэн идэвхтэй цаг үе дээрээ ирээд байна"


Өнөөдөр хэрэглэгчдийн сэтгэлгээ өөрчлөгдсөнөөр тансаг байдал гэх ойлголт ч мөн хувирч байна. Та Luxury гэх энэ үгийг одоо хэрхэн тодорхойлох вэ?

Би энэ үгийг орчин үед хоёр зүйлээр тодорхойлно. Нэгдүгээрт материал болон түүхий эдийн үнэ цэнэ. Ялангуяа бидний хувьд ноолуур бол маш үнэт түүхий эд юм. Хоёрдугаарт хүн болон байгаль орчинд хандаж байгаа хандлага. Бүтээгдэхүүн дээр ярихад тухайн бүтээгдэхүүн ямар байдлаар боловсруулагдаж, яаж бидний гарт хүрч байна вэ. Бүр анхан шатнаас нь хэрэглэсэн материал, үйлдвэрлэлийн арга барил гээд компанийн ёс зүй маш чухал. Өнөөдөр тансаг зэрэглэлийн хэрэглэгчид эдгээр зүйлийг чухалчилж байгаа.

Гоёо та бүхний хамтын ажиллагаа цаашид үргэлжлэх үү?

Энэ хамтын ажиллагаа маань цаашид улаан хугацаанд үргэлжилнэ гэж найдаж байгаа. Миний бодлоор Монгол улс яг одоо маш их боломжоор дүүрэн идэвхтэй цаг үе дээрээ ирээд байна. Гагцхүү зөв шийдлээ олоод хэрхэн ямар сонголт хийхээс шалтгаалж та бүхний ирээдүй ямар чиглэл рүү явах нь тодорхойлогдох болно. Тийм учраас би Монгол улсыг зөв чиглэлээ олоод яваасай гэж маш их хүсэж байгаа. Монголд ирсэн энэ туршлага маань мартагдашгүй байлаа.

Ноолуурын зах зээлээ тэлэх боломжийг та ярьж байна уу?

Зөвхөн ноолуур гэлтгүй аялал жуулчлалын өнцгөөс харахад ч тэр дэлхийн бусад орнуудаас тэс өөр уур амьсгал энд байна. Тэс ондоо мэдрэмжийг эндээс олох боломжтой нь үнэхээр гайхалтай. Ер нь л маш олон боломжууд байна. Гэхдээ онцлохыг хүсэж байгаа нэг зүйл нь Монгол улс яг одоо энэ байгаа чигээрээ, нүүдэлчин соёлоороо дамжуулж байгальд ээлтэй орчин үеийн техник технологитой хослуулсан загварлаг бүтээгдэхүүн гаргаж байгаа энэ арга замаа баримтлаад яваасай. Энэ нь миний бодлоор олон улсын тавцанд гарах үндсэн түлхүүр байх болно. Яагаад гэвэл та бүхэнд маш гайхалтай соёл түүх байдаг болов ч үнэнийг хэлэхэд барууны орнуудад хангалттай танигдаагүй байдаг. Энэ сайхан баялаг соёл түүхээ таниулаасай гэж би хүсэж байна.

Бидэнтэй ярилцсан танд баярлалаа. Дахин уулзаж яриа өрнүүлэх завшаан гарах байх гэж найдаж байна.

Баярлалаа. Би энэ оронд ирээд хэдхэн хоногийг өнгөрүүлж амжлаа. Явж амжаагүй байж л дахин ирмээр санагдаж, олон зүйл үзэхийг хүсэж байна. Энэ орны гайхалтай байгалийн үзэсгэлэнгүүдийг харахыг хүсэж байна. Мөн монголчууд маш найрсаг хүмүүс байна. Дэлхий түвшинд аялж судалгаа хийж хэрэгжүүлж байгаа олон чадварлаг залуус байна. Энэ өдрүүдэд сэтгэл маань маш их догдоллоо.

цааш үзэх