Хайх

Тори Берч: “Эмэгтэйчүүд яагаад амбицтай байхаас айдаг вэ?”

Тори Берч: “Эмэгтэйчүүд яагаад амбицтай байхаас айдаг вэ?”

Miroslava Duma x Tory Burch: Buro 24/7-гийн тусгай видео төслийн нээлт

Text: Buro.Mongolia


Зураг:

Бюро 24/7-гийн тусгай ярилцлагад дизайнер Тори Берч түүний марк хэрхэн амжилтанд хүрснийг, бизнес болон гэр бүлийн халамж хайрыг хэрхэн зохицуулахыг, орчин үеийн технологи загварын салбарыг хэрхэн өөрчилж байгааг, мөн эмэгтэйчүүд яагаад амбицтай байхаас айх ёсгүйг ярьж өглөө

Мирослава Дума Америкийн алдарт дизайнер ба амжилттай бизнес хатагтай Тори Берчтэй уулзлаа. Tory Burch брэндийн Нью-Йорк дахь төв оффист болсон уг ярилцлагын бүрэн хувилбарыг бид та бүхэнд хүргэж байна.

Шинэ цуглуулгаа бүтээхдээ та юунаас урам авч ажилласан бэ? Энэ удаагийн загваруудаас цоо шинэ гоо зүйн чиглэл мэдрэгдэж байсан...

Хоёр жилийн өмнө би компанийхаа гүйцэтгэх захирал ба бүтээлч захирлын албан тушаалыг давхар хашдаг байлаа. Харин саяхан би туслах гүйцэтгэх захирал ажилд авснаар брэндийнхээ бүтээгдэхүүнд илүү их төвлөрөх боломжтой болсон. Бүтээгдэхүүн бий болох үйл явц ба ирээдүйн хөгжил, дэвшилд би урьд өмнөхөөсөө илүү нарийн бас нягт оролцоотой байх нь үнэхээр сонирхолтой байсан шүү. Бид үргэлж бүтээгдэхүүнээ илүү хөгжүүлэхийг зорьж ажилладаг ч одоо энэ тал дээр бүр ч их анхаарч байгаа. Миний бодлоор сүүлийн үед хүмүүсийн худалдан авалт буурч байна. Тиймээс бид илүү их онцгой бүтээгдэхүүн гаргаж, тэдгээрийг бага тоо ширхгээр санал болгох хэрэгтэй байна. Бид тэмүүлэл бий болгохыг хүсдэг. Бүтээгдэхүүн бүр хүний сэтгэлийг хөдөлгөх чадвартай байх ёстой юм.

Тори Берч: “Эмэгтэйчүүд яагаад амбицтай байхаас айдаг вэ?” (фото 1)

Намар-өвөл 2016 цуглуулгын хамгийн гоё загваруудын нэг бол яахын аргагүй туник байсан. Загварын салбарын бусад хүмүүстэй ярилцаж байхад туник тэдэнд ч бас их таалагдсан байна лээ. Энэ загварын талаар дэлгэрэнгүй ярина уу?

Цуглуулга дээр ажиллахдаа "Бид анхнаасаа хэн байсаар ирсэн бэ?" мөн "Бидний ДНХ ямар вэ?" зэрэг асуултуудыг өөртөө тавьсан. Миний гар доор туник загвар хамгийн эхний өдрөөс эхлээд байсан. Парисын бөөний захаас 6 доллароор худалдаж авсан уг туник тийм ч сайн материалтай биш боловч үнэхээр гайхамшигтай хэлбэр дүрстэй санагдсан. Ээж бас эмээ минь ийм маягийн загвар их өмсдөг байсан юм. Тэд усан бассейнаас гарч ирмэгцээ туник өмсөөд, үсээ арагш боож, ямар ч хичээл зүтгэл гаргаагүй хэрнээ маш дэгжин харагддаг байж билээ. Тиймээс би туник загвараас урам авч, цуглуулгаа бүтээж эхэлсэн. Ерөнхийдөө намрын цуглуулга бидний өмнөх хаврын цуглуулгын үргэлжлэл болж, мөн брэндийн ДНХ-г өөртөө агуулсан байгаа. Туник загвар үргэлж манай брэндийн салшгүй нэгэн хэсэг байх болно.

Тори Берч: “Эмэгтэйчүүд яагаад амбицтай байхаас айдаг вэ?” (фото 2)

Туслах гүйцэтгэх захирлын талаар ярьсных нэг зүйл асуумаар санагдлаа. Та компаний бүтээлч бас гүйцэтгэх захирлын үүргийг хэрхэн хослуулж ажилладаг вэ?

Бид үүнийг тархины зүүн ба баруун тал гэж нэрлэдэг. Хоёр үүрэг давхар хариуцсанаар чи аливаа зүйлийн бүрэн дүр зургийг олж харах боломжтой болдог. Хэрвээ ямар нэгэн бүтээгдэхүүн амжилтгүй болбол би тийм ч их сэтгэлээр унадаггүй. Учир нь би зөвхөн дизайнер гэлтгүй мөн бас бизнес эмэгтэй юм. Гэхдээ нөгөөтэйгүүр бүтээгдэхүүнээ амжилттай байлгахын тулд бүтээлч чадвараа аль болох тэлэх хэрэгтэй. Энэ хоёрдмол байдал надад их таалагддаг. Хэрэглэгчийнхээ хүсэлд нийцүүлэхийн зэрэгцээ мөн өөрийнхөө мөн чанарыг алдалгүй ажиллана гэдэг их сонирхолтой.

Эх хүний хувьд та мөн өөрийн карьераа гэр бүлийн үүрэгтэйгээ зохицуулах шаардлага гардаг байх. Та бол ямар нэгэн зүйл бүтээхийг хүссэн атлаа үүний хажуугаар бас хүүхдийнхээ хажууд байж, тэдэнтэйгээ ярилцаж, амьдралынх нь бүх чухал үеүүдийг хамт даван туулдаг сайн эх хүн байхыг зорьсон дэлхийн бүх эмэгтэйчүүдэд урам хайрлах чадвартай, маш амжилттай жишээ юм. Таны хүүхдүүд одоо том болцгоож байна. Магадгүй хүүхэд том болох тусам илүү амар болдог байх. Гэхдээ Орост "Жижиг хүүхдүүд жижиг бэрхшээл, харин том хүүхдүүд том бэрхшээл үүсгэдэг" гэх үг байдаг...

Тийм ээ, бидэнд ч бас ийм хэллэг бий. Энэ үнэхээр үнэний ортой шүү. Би өөрийнхөө дуртай ажлаа хийх үед өөрийгөө гурав дах удаагаа жирэмсэн болсноо мэдсэн. Төд удалгүй би дөрвөөс доош насны гурван хүүтэй болж, тухайн үед маш чухал шийдвэр гаргах шаардлага гарсан юм. Учир нь тэр үед би LVMH группийн Loewe маркад ажилладаг байсан бөгөөд тэд надад маркийн АНУ дахь үйл ажиллагааг хариуцсан захирлын суудлыг санал болгосон. Би саналыг нь хүлээж авбал өөрийнхөө хүссэн шиг сайн ээж байж чадахгүйг мэдэж байсан тул тухайн үед татгалзсан хариу өгсөн. Ийм зэргийн шийдвэрлэх мөч карьертаа анхаарал тавьдаг аливаа бүсгүйн амьдралд хэзээ нэгэн цагт тохиодог байх гэж би боддог. Мэдээж хэрэг карьерт тийм ч их санаа зовнидоггүй бүсгүйчүүд ч бас бий. Энэ нь огтхон ч муу зүйл биш юм. Харин би бол тухайн үед хүүхдүүдийнхээ анхны гэсэн чухал мөчүүдийг алгасалгүйгээр хамт байхыг хүссэн тул ажлаасаа гарч, дараагийн гурван жилийн турш гэртээ хүүхдүүдээ харсан. Тэр үед би нэг л өдөр өөрт чухал, хүссэн зүйлээрээ ажиллана гэдгээ мэдэж байсан бөгөөд тэрхүү хугацаанд одоогийн бизнесийнхээ санааг олж авсан юм. Төслөө эхлүүлэх үед миний хөвгүүд бүгд сургуульд орсон байсан. Мөн эхний хоёр жил би гэрээсээ ажлаа хийдэг байлаа. Ингэснээр би ажил, гэр бүлийнхээ үүргийг зов зохистой зохицуулахыг хичээсэн. Энэ нь тийм ч амархан даалгавар биш ч та өөрт чухал зүйлсийнхээ дэс дарааллыг тодотгож, цаг хугацааны хүснэгт гаргаж, хуваариа нягт баримталж, юутай ч байсан хүүхдүүдээ ямагт нэгдүгээрт тавьж байх хэрэгтэй. Миний хөвгүүд таны хэлсэнчлэн одоо том болцгоосон тул намайг амьдралд нь арай бага оролцоосой гэж хүсдэг болсон байх (инээж байна). Тэд илүү их биеэ дааж, аялж зугаалах дуртай болсон. Ерөнхийдөө Нью-Йорк хотод хүүхдүүдээ өсгөнө гэдэг амаргүй зүйл. Би тэднийг даруу төлөв зантай, юмны үнэ цэнийг ойлгодог, сониуч, идэвх чармайлттай болгохыг хичээж өсгөсөн. Гэхдээ мэдээж хэрэг тэд гадны нөлөөнд автаж, өөрийн гэсэн үзэл бодлоо бий болгож эхэлдэг. Хүүхдийн нас бүр өөр, өөр бэрхшээл авчирдаг гэж үнэн шүү.

Тори Берч: “Эмэгтэйчүүд яагаад амбицтай байхаас айдаг вэ?” (фото 3)

Магадгүй ийм нөхцөл байдалд орсноор та амьдралынхаа чухал зүйлсийн дэс дарааллыг илүү сайн ойлгож, өнөөдөр ийм гайхамшигтай өөрийн гэсэн төсөл хэрэгжүүлсэн байх. Тэр үед та өөр шийдвэр гаргасан бол магадгүй хэзээ ч өөрийн бизнесээ хөгжүүлэлгүй, LVMH-д эхлүүлсэн карьераа үргэлжлүүлэх байсан байх тийм үү? Та энэ талаар юу гэж бодож байна?

Хэрвээ арван гурван жилийн өмнө та надаас ирээдүйд юу хийх вэ гэж асуусан бол би мэдэхгүй л гэж хариулах байсан. Гэхдээ миний хувьд карьер үргэлж их чухал байсаар ирсэн. Би үргэлж ямар нэгэн бизнес эхлүүлж, амьдралын хэв маягийг хамарсан олон улсын брэнд үүсгэхийг хүсдэг байсан. Гэхдээ тухайн үед би яг ямар чиглэлээр явахыг хүсч буйгаа сайн тодорхойлоогүй, ихэнх тохиолдолд хэлж байгаа зүйлээ ч сайн ойлгодоггүй байсан гэхэд хилсдэхгүй байх. Миний энэхүү төсөлд маш их хэмжээний хүч хөдөлмөр ордог ч би хийж буй зүйлдээ үнэхээр хайртай. Тухайн үед үгүй гэж хэлсэндээ хэзээ ч харамсдаггүй шүү.

Та олны танил хүн ч гэлээ хувийн амьдралаа нууц хэвээр үлдээж чадсан нэгэн. Яаж ингэж чадсан бэ?

Би анх бизнесээ эхлүүлэхдээ энэ талаар их тунгааж үзсэн. Учир нь би маш нууцлагдмал хүн юм. Хүнд хэцүү даалгавар шийдвэрлэхийн зэрэгцээ мөн компаний нүүр царай байна гэдэг миний хувьд нэлээд амаргүй байсан. Хувийн амьдрал, гэр бүлээ олны нүднээс хамгаалахыг хүсвэл анхнаасаа л их хатуу зарчим баримтлах хэрэгтэй санагдсан. Би үргэлж сэтгүүлчдэд миний хувийн амьдралыг оролдож болохгүйг сануулж, тогтсон хил хязгаарыг давахгүй байхыг сайтар ойлгуулдаг байсан. Гэхдээ энэ нь их нарийн асуудал л даа. Хүмүүс бодит зүйл харахыг хүсдэг. Тэгэхээр чи хүмүүсийн нүдэнд нэг хүн, харин бодит байдал дээр өөр хүн байж болохгүй. Чи өөрийгөө бүхэлд нь биш ч, өөрийнхөө ямар нэгэн хэсгийг хүмүүст зориулах хэрэгтэй болдог.

Тори Берч: “Эмэгтэйчүүд яагаад амбицтай байхаас айдаг вэ?” (фото 4)

Та бол дэлхийн бүсгүйчүүдэд урам өгдөг маш чадварлаг эмэгтэй. Энэ том бизнесийн ертөнцөд эрчүүдтэй нэг түвшинд ажиллах ямар байна вэ?

Эцэг эх маань миний ах нарт бас надад энэ амьдралд хичээвэл юунд ч хүрч чадна гэх үзэл суулгаж өгсөн. Хэрвээ та нар зорилгоо тодорхойлж, хөдөлмөрлөж чадвал мөрөөдлөө биелүүлж чадна гэж тэд хэлдэг байсан. Тиймээс би хэзээ ч хүний хүйс ямар нэгэн ажилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж боддоггүй. Гэхдээ би анх бизнесээ эхлүүлж байхад New York Times сонинд манай компани болон миний тухай нэгэн нийтлэл гарсан. Миний сайн найз болон хүндэлж явдаг бүсгүй маань тэр нийтлэлийг уншсаныхаа дараа надад "Сайхан нийтлэл болсон байна. Гэхдээ чи амбиц гэдэг үгнээс зайлсхийгээд байгаа юм шиг санагдлаа" хэмээн хэлж байсан. Түүний үгс надад их хүчтэй нөлөөлсөн. Яагаад эмэгтэйчүүд амбицтай байж болохгүй гэж би бодож эхэлсэн. Тиймээс би энэ байдлыг өөрчлөхөөр шийдсэн. Миний бодлоор чи амбицтай байхын тулд ширүүн байх албагүй. Дэгжин маягаар хүссэн зүйлдээ хүрч болно шүү дээ. Би ийм аргачлалаар л амьдрахыг хүссэн. Аливаа зүйлд тайван хандах хэрнээ, мөн хажуугаар нь үргэлж гүн утга бас зорилготой үйлдэл хийж байхыг зорьсон. Гэртээ хариад ажлаа "унтрааж" байх нь бас их чухал санагддаг. Сайн ээж байна гэдэг их хүч хөдөлмөр ордог даалгавар шүү дээ.

Та технологийн ертөнцтэй хэрхэн хамтран ажилладаг вэ?

Би анхнаасаа л технологийн ертөнцөд их сонирхолтой байсан. Ойролцоогоор арван нэгэн жилийн өмнө компаниа үүсгэн байгуулахдаа би цахим худалдаагаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Тэр үед хүмүүс намайг солиорчихсон гэж бодож, хэн ч онлайнаар эд зүйлс худалдаж авахгүй шүү дээ хэмээн ятгадаг байлаа. Орчин үеийн технологи зах зээлийн нийлүүлэлтийн гинжин холбоонд хэрхэн нөлөөлж байгааг харах би дуртай. Би хамт олондоо энэ талаар үргэлж сануулж, компаниа хэрхэн илүү их технологид тулгуурласан болгох вэ гэж эргэцүүлэн боддог.

Харин олон нийтийн сүлжээний талаар та ямар бололтой байдаг вэ? Энэ нь бидний өдөр тутмын амьдралыг байлдан дагуулж байна шүү дээ...

Олон нийтийн сүлжээ манай компанийг хөгжихөд их тусалсан. Бид өнөөдрийн дэлхийн алдартай сошиал тавцангуудыг хамгийн эрт хэрэглэж эхэлсэн брэндүүдийн нэг юм. Ингэснээр бид шинэ хэрэглэгчид татаж, хэрэглэгчидтэйгээ шууд харилцаа үүсгэж, тэднээс санал хүсэлт авах боломжтой болсон. Бид уламжлалт сурталчилгаа гэхээс илүү олон нийтийн сүлжээнд тулгуурлаж компаниа босгож чадсан гэхэд хилсдэхгүй байх.

Тори Берч: “Эмэгтэйчүүд яагаад амбицтай байхаас айдаг вэ?” (фото 5)

Таны ажил ба амьдралд ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлж чадсан XX зууны эмэгтэй бизнес эрхлэгчдээс жишээ болгон дурдана уу?

Тийм ээ, юуны түрүүнд Эсте Лаудерыг онцлохыг хүсч байна. Би түүний түүхийг сайн мэдэхийн зэрэгцээ мөн Estée Lauder компанитай хамтарч байсан туршлагатай. Тэр бол өөрийнхөө гайхамшигт гүрнийг маш жижиг зүйлээс эхлүүлж чадсан, гэр бүл ажил хоёроо төгс зохицуулдаг байсан чадварлаг бизнес эмэгтэй юм. Тэр мөн үргэлж нийгэм ба байгаль орчиндоо хувь нэмэр оруулахыг хүсдэг, маш эрч хүчтэй бүсгүй байсан. Нийгэмд эерэг нөлөө үзүүлэх нь миний хувьд маш чухал. Түүнчлэн миний ээж надад их нөлөө үзүүлсэн. Тэр өдөр тутмын ажил эрхэлдэггүй байсан ч өөрийнхөөрөө их бизнес ухаантай эмэгтэй байсан юм. Тэр 1970-аад онд гэнэтхэн л цэцгийн бизнес эхлүүлж, тэр үедээ хамгийн анхны органик цэцгийн хүрээлэн бий болгож байсан. Түүний энэ бүтээлч байдал надад маш их урам өгсөн.
Энтрепренершип гэдэг нь зөвхөн бизнестэй холбоотой зүйл биш юм. Энэ нь таны амьдралын хэв маяг болж, таны сониуч зангийн илэрхийлэл болж өгдөг. Сониуч зан бол таны бүхий л амьдралын турш хэрэг болох зүйл. Би өөрийгөө үргэлж сониуч зантай байж, энэ занд илүү их суралцаасай гэж хүсдэг.

Таны амьдралдаа сонсож байсан хамгийн шилдэг зөвлөгөө юу вэ?

Анх компаниа эхлүүлж байхад хүмүүс маш их эргэлзэж, сөрөг сэтгэгдэл хэлж, хоосон санаа хэрэгжүүлж байна хэмээн дургүйцдэг байсан. Тэр үед эцэг эх маань надад хүчтэй бас тэвчээртэй байхыг сануулж, сөрөг сэтгэгдлийг ердөө л орчин тойрны хамааралгүй шуугиан хэмээн үзэхийг зөвлөдөг байсан. Би хүмүүжлээсээ шалтгаалаад ч тэр үү сөрөг нөлөөнд нэг их автаад байдаггүй. Ерөнхийдөө өөрийгөө иймэрхүү зүйлээс тусгаарлахыг хичээдэг.

Арван жилийн дараах таны ирээдүй ямар харагдаж байна вэ?

Арван жилийн дараа юу болохыг тодорхой хэлж мэдэхгүй ч, бидний өнөөдрийн гаргаж байгаа шийдвэр бүр урт хугацааны үр дагавартай гэдэгт би итгэдэг. Би мэдээж хэрэг компаниа улам их хөгжүүлэхийг хүсч байна. Гэхдээ энэ нь энгийн нэг хөгжил дэвшил биш, харин ач холбогдолтой, стратегийн зорилттой хөгжил байгаасай гэж хүсдэг. Миний бодлоор хэрвээ бид хүсэх юм бол ирээдүйд одоогийнхоосоо дөрөв дахин том компани болон хувирч чадна. Гэхдээ үнэндээ би компаниа тийм болгохыг хүсэхгүй байна. Үүнээс илүүтэйгээр би илүү өвөрмөц, онцгой компани бий болгохыг зорилгоо болгосон. Мөн мэдээж хэрэг юм бүхний анхдагч нь байхыг тэмүүлж байгаа. Тэр дундаас технологийн ертөнцөд илүү анхаарлаа хандуулан ажиллах болно.

цааш үзэх