Хайх

Эрэгтэй хувцас загварт нөлөөлдөг гол алдартнууд: Тимоти Шаламе, A$AP Rocky болон бусад

Эрэгтэй хувцас загварт нөлөөлдөг гол алдартнууд: Тимоти Шаламе, A$AP Rocky болон бусад

Эрэгтэй загварын гол төлөөлөгчид

Text: Бюро 24/7


Эрэгтэй хувцас загварын салбарт шинэчлэлт хийж буй залуус

Тимоти Шаламе

Эрчүүдэд зориулсан GQ сэтгүүл залуу жүжигчин Тимоти Шаламег эрэгтэй хувцас загварын ирээдүй хэмээн тодорхойлоод байна. Учир нь Тимоти Шаламе Алтан Бөмбөрцөг 2019 наадамд оролцохдоо ажилчдад зориулсан бэхлэвч мэт загвартай "гоёлын" бүс өмссөнөөр тэйлор хослол, дэгжин хэв маяг ноёрхдог улаан хивсний хувцаслалтын уламжлалд хувьсгал авчирсан юм. Мөн Тимотигийн хувцаслалт төдийгүй үс засалт ч хүртэл энэ оны чиг хандлагаар нэрлэгдээд байна.

Жейден Смит

Ердөө 17 настайдаа Louis Vuitton брэндийн нүүр царайгаар тодорч, GQ, Icon сэтгүүлүүдийн нүүр хуудсан дээр заларч байсан Жейден Смит загварын салбарт андроген хувцаслалтаараа олны анхаарлыг татдаг. Өргөн загварын футболка, hoodie цамц, бариу загварын жийнс болон үзэмжгүй пүүзийг гинж, бээлий зэрэг аксесуартай хослуулан өмсдөг түүний стилиэс заримдаа эмэгтэйлэг өнгө аяс мэдрэгдэнэ.

A$AP Rocky

"Fashion Killa" гэх нэршлийг анх гаргаж ирсэн рэппер A$AP Rocky бол эргэлзээгүй эрэгтэй загварын гол төлөөлөгчдийн нэг билээ. Шинэ уран бүтээл бүртээ сонирхолтой дүр төрх бүрдүүлдэг тэрээр сүүлийн үед шинэ чиг хандлагыг бий болгогч нэгэн болоод байгаа. Хамгийн сүүлд гэхэд л тэрээр залуусыг "бабушка" төрх бүрдүүлэн хувцаслахыг уриалсан юм.

Харри Стайлс

Гудамжны хувцаслалт эрчээ авсан өнөө үед өдөр тутамдаа эсрэгээрээ хээ угалз болсон тод өнгийн хослол өмсөх дуртай нэгэн Харри Стайлсаас өөр бараг үгүй л болов уу. Харри Стайлс сүүлийн жилүүдэд Харрис Рид гэх залуу стилисттэй хамтран ажиллах болсон ба Харригийн хувцаслалт, имидж бүрдүүлэлтийг загварын салбарын мэргэжилтнүүд өндрөөр үнэлж, Gucci, Saint Laurent, Burberry брэндүүд нүүр царайгаараа сонгоод байгаа билээ.

Эзра Миллер

Moncler-ийн даашинз загварын куртка, өөдсөөр хийсэн эмээгийн бүтээлэг мэт хүрэм, оргилуун дарс мэт харагдах аксесуар гээд үргэлж сонирхолтой байдлаар дүр төрхөө бүрдүүлдэг Эзра Миллер өөрийгөө "квир" буюу ямар нэг хүйсэд хамрагддаггүй гэдгээ зарласан ба түүний стиль ч бас квир байдлын илэрхийлэл ажээ.

цааш үзэх