Хайх

Шилдэг 50 эрэгтэй моделиос онцлох 5 залуу

Шилдэг 50 эрэгтэй моделиос онцлох 5 залуу

Text: А.Баясал


Зураг: http://models.com/rankings/ui/Top50Men

 

Шилдэг 50 эрэгтэй моделиос онцлох 5 залуу (фото 1)

Сача М Баеэ

Франц гаралтай хөл бөмбөгчин, модел Сача нь Burberry брэндийн 2011 хавар зуны цуглуулгын рекламанд тоглосноороо шилдэг эрэгтэй 50 моделийн жагсаалтанд орж эхэлсэн. Түүнээс хойш тэрээр Tommy Hilfiger, Gap, Jourdan Dunn, American Eagle зэрэг брэндүүдийн нүүр царайг илтгэх болжээ. Түүний даруу, дөлгөөн царай бусад өнгөт арьстай эрэгтэй моделуудаас ялгарах гол онцлог нь юм. Тэр  хүчирхэг, догшин царайнаас илүүтэй тогтуун, тайван дүр төрх гаргаж хувирдаг. Өнгөт арьстай классик залуугийн дүрийг түүнээс илүү гаргах модел ховор аж. Парис, Лондон, Милан, Барселона, Лос Анжелос гэх загварын нийслэл болсон таван хотын агентлагуудтай тэрээр гэрээтэй ажилладаг байна. Загварын тайзнаа Сача Moschino, Vivienne Westwood, Dolce & Gabbana, Emporio Armani, Calvin Klein, Burberry брэндүүдүүдийн цуглуулгыг танилцуулж байжээ.

Шилдэг 50 эрэгтэй моделиос онцлох 5 залуу (фото 2)

Майлс МкМилан

Түүний мэдрэмтгий хэрнээ фотоген сайтай дүр төрхөөр брэндийнхээ нүүр царайг бүрдүүлэх гэж хамгийн алдартай дизайнерууд захиалга өгдөг. Америк гаралтай Майлс зурганд маш их сэтгэл хөдлөл, утга агуулга өгүүлж чаддагаараа алдартай. Энэ нь магадгүй түүний ижил хүйстнээ сонирхдог бэлгийн чиг хандлагатай нь холбоотой байх. Эр хүний нүдээр, дээр нь эмэгтэй хүнийх мэт эмзэг, мэдрэмтгий нүдээр нэгэн зэрэг харж чаддаг байх нь жирийн хүнээс хоёр дахин илүү мэдрэмтгий болгодог байхыг үгүйсгэх аргагүй юм. Майлс МкМилан Нью-Йорк, Парис, Милан, Барселона, Берлин гэх таван хотод загварын агентлагтай гэрээ байгуулан ажиллаж байна. Тэрээр TopShop, Paul Smith, Tommy Hilfiger, Armani Exchange, Jeremy Scott, Karl Lagerfeld, Lucky Brand, Anna Sui, Diesel зэрэг олон брэндийн цуглуулгыг танилцуулж, тайзан дээр алхжээ. 

Шилдэг 50 эрэгтэй моделиос онцлох 5 залуу (фото 3)

Рэйбэн Рамаш

Dior Homme-гийн бүтээлч захирлаар ажиллаж байсан, одоо Saint Laurent Paris-ын бүтээлч захирал хийж буй дизайнер, зурагчин Эди Слиман түүний анхны зураг авалтыг хийж байжээ. Түүнээс хойш Эди Слиман Австрали гаралтай Рэйбэнийг дэмжиж, Saint Laurent-ын шоунуудад оролцуулах болсон. Тэрээр одоо Нью-Йорк, Парис, Лондон, Милан, Барселона, Копэнхаген, Хамбург, Токио зэрэг хотуудад гэрээт модел хийдэг ба сүүлийн жилүүдэд маш эрэлттэй байгаа эрэгтэй моделуудын нэгд тооцогдож байна. Түүний ховсдож буй мэт нууцлаг дүр төрх фото модел болоход нь маш ихээр нөлөөлсөн бөгөөд гүн цэнхэр нүд нь улам чимж өгдөг. Тэрээр  Diesel, Paul Smith, Sisley, Rick Owens, Saint Laurent зэрэг брэндуудын нүүр царайгаар ажиллаж байжээ.

Шилдэг 50 эрэгтэй моделиос онцлох 5 залуу (фото 4)

Грифон Оши

Дизайнер Эди Слиман түүнийг анх амьд хөгжмийн хамгийн алдартай фестивалиудын нэг Coachella-гаас олж харжээ. Америк гаралтай рок залуу түүнээс хойш алдартай брэндүүдэд фото модел хийх болсон байна. Одоо тэрээр Нью-Йорк, Лондон, Милан, Барселона, Лос Анжелос, Токио зэрэг хотуудад гэрээт моделоор ажилладаг. Та Louis Vuitton, Valentino, Dior Homme, Topman, Ermenegildo Zegna, JW Anderson, Paul Smith зэрэг брэндүүдийн шинэ цуглуулгын сурталчилгааны зураг авалтуудаас 1990-ээд оны, урт үсний засалттай Грифон Ошигийн зургийг олж харах болно. Фото моделийн зах зээлд ширүүн, хөмсгөө зангидсан төрх тэр бүр харагддагүй ч хэрвээ та Грифоны зургуудыг сонирхвол түүний ширүүн, өрөмдсөн харц загвартай хэрхэн нийцэж буйг олж харах болно. 

Шилдэг 50 эрэгтэй моделиос онцлох 5 залуу (фото 5)

Пиеро Мэндэз

Испани гаралтай, буржгар үстэй залуухан эр өнгөрсөн зун Прада брэндийн шоуг нээн алхаснаараа олны анхааралд өртөж эхэлсэн юм. Түүнээс хойш тэрээр Balenciaga брэндийн нүүр царайг илтгэх болсон. Пиеро мөн Calvin Klein Jeans-ын нүүр царайгаар тодорсон ба сурталчилгааны зураг авалтыг алдарт зурагчин Марио Сорренти хариуцан хийж байжээ. Түүний Евро-Афро маягийн буржгар үс нь моделийн зах зээлд өөрийн гэсэн өнгө аясыг нь бий болгожээ. Урт нүд, дур булаам уруул, эрүүний ясны бүтэц нь түүний бусдаас онцгойрох гол давуу талууд нь юм. Пиеро одоо Нью-Йорк, Барселона, Парис, Милан, Токио хотуудад гэрээт моделоор ажиллаж байна.

цааш үзэх