Хайх

Calvin Klein брэндийн бүтээлч захирал Раф Симонс албан тушаалаа орхилоо

Calvin Klein брэндийн бүтээлч захирал Раф Симонс албан тушаалаа орхилоо

Calvin Klein болон Раф Симонс нарын байгуулсан гэрээ 6 сарын дараа дуусах байжээ

Text: Бюро 24/7


Зураг:
Зураг:

2016 оны наймдугаар сараас эхлэн Calvin Klein брэндийн бүтээлч захирлын суудлыг хашсан дизайнер Раф Симонс албан тушаалаа орхихоор боллоо. Тодруулбал Раф Симонсын Calvin Klein брэндтэй байгуулсан гэрээ зургаан сарын дараа дуусах байсан ч брэндийн алсын хараа болон дизайнерын бүтээлч арга барил хоорондоо үл нийцэж байгаа тул уг шийдвэрт хүрсэн байна. 

Түүнчлэн Calvin Klein брэндийг эзэмшигч PVH корпорацын ерөнхийлөгч Эммануэль Чирико 2018 оны гуравдугаар улирлын тайландаа Calvin Klein олон нэр төрлийн загвар гаргасан ч борлуулалт төлөвлөж байснаас бага байсан тухай дурдсан юм.

Загварын салбарын "Оскар" гэх тодотголтой CFDA-ын шилдэг дизайнерын өргөмжлөлийг хоёр ч удаа хүртэж байсан Раф Симонс Calvin Klein брэндийн бүтээлч захирлаар томилогдсон даруйдаа брэндийн логонд шинэчлэлт хийн, бүтээлч чиглэлийг цоо шинээр тодорхойлж байсан. Түүнчлэн Calvin Klein Collection гэх өндөр зэрэглэлийн цуглуулгын нэрийг Calvin Klein 205W39NYC болгон өөрчилсөн ба Calvin Klein Jeans чиглэл доор илүү олон нэр төрлийн загвар гаргасан билээ. Мөн Энди Уорхолын нэрэмжит сантай хамтран нэмэлт цуглуулгууд гаргаж, Милли Бобби Браун, Пэрис Жексон зэрэг залуу одууд болон Кардашьяны гэр бүлийг брэндийн нүүр царайгаар сонгож байсан юм.

Одоогийн байдлаар Calvin Klein брэндийн бүтээлч захирлын албан тушаалд хэн томилогдох тухай, мөн тус брэнд Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцох эсэх нь тодорхойгүй байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх