Хайх

Дизайнер Раф Симонс шинэ төслөө танилцуулж байна

Дизайнер Раф Симонс шинэ төслөө танилцуулж байна

Calvin Klein-ыг орхисноос хойш анх удаа ярилцлага өглөө

Text: Buro.Mongolia


Дизайнер Раф Симонс The Guardian сэтгүүлд ярилцлага өгч, шинээр хэрэгжүүлж буй төсөл болоод загварын салбарын тухай санал бодлоо хуваалцлаа. Энэ нь түүний өнгөрөгч оны арван хоёрдугаар сард Calvin Klein брэндийн бүтээлч захирлын албан тушаалыг орхисноос хойш өгсөн анхны ярилцлага болж байгаа юм.

Энэхүү ярилцлагадаа тэрээр Данийн Kvadrat хэмээх бөс бараа үйлдвэрлэгч компанитай хамтран бөс материал болон тавилгын цуглуулга гаргаж буйгаа онцолсон ба Миланы дизайны долоо хоног дээр шинэ цуглуулгаа дэлгэхээр болжээ. Ингэхдээ инсталляци эсвэл үзэсгэлэн хэлбэрээр бус харин үзэсгэлэнгийн танхимыг кафе хэлбэрээр засч тохижуулан, тэрхүү кафед цуглуулгаа танилцуулах гэнэ. Ингэснээр зочид түүний бүтээсэн тавилга, бөс материалуудтай илүү тухтай танилцах боломжтойг онцолсон юм. "Би өөрийгөө хэзээ ч мэргэжлийн хувцас дизайнер хэмээн цоллож байсангүй. Магадгүй уг мэргэжлийг эзэмшээгүй учраас тэр байх" хэмээн Раф Симонс юуны учир бөс материал, тавилгын төсөл хэрэгжүүлж буй шалтгаанаа тайлбарлалаа.

Үүний зэрэгцээ Kvadrat компанитай хамтран хэрэгжүүлж буй уг төсөл загварын салбартай харьцуулбал тайван, амар амгалан мэдрэмж өгч буйг хэлсэн юм. "Урьд өмнө нь дизайнерууд шинэ цуглуулгаа цөөн хэдэн мэргэжлийн хүмүүст танилцуулж, түүний дараа шинэ цуглуулгын тухай мэдээ сэтгүүлд гарч, дэлгүүрт худалдаалагдаж эхэлдэг байсан бол өнөө үед хүссэн хүн бүхэн цуглуулгатай шууд танилцаж, худалдаанд гарах үед аль хэдийн өөр зүйлсийг сонирхож эхэлсэн байдаг. Маш хурдтай өрнөх энэ байдал сэтгэл догдлуулмаар ч загварын салбарт хор хөнөөл учруулах магадлалтай" хэмээн ярьжээ.

Раф Симонс болон Kvadrat компанийн хамтран нээж буй кафе нь Милан хотын GARAGE VENTUNO үзэсгэлэнгийн танхимд дөрөвдүгээр сарын 8-14 өдрүүдэд нээгдэхээр болжээ.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх