Хайх

Дизайнер Софи Теле шинэ тэргүүн хатагтай Мелания Трампыг хувцаслахаас татгалзсан уриалга гаргалаа

Дизайнер Софи Теле шинэ тэргүүн хатагтай Мелания Трампыг хувцаслахаас татгалзсан уриалга гаргалаа

Ил захидлаар дамжуулж

Text: Buro.Mongolia


Зураг:

Мишель Обамаг тэргүүн хатагтай болсноос хойш түүнийг одоо хүртэл хувцаслаж ирсэн франц гаралтай АНУ-ын дизайнер Софи Телле Меланиятай хэзээ ч хамтрахгүй гэж амлалаа

Мишель Обамагийн хамгийн хайртай дизайнеруудын нэг болох Софи Телле саяхан олон нийтэд хандсан ил захидал бичиж, удахгүй тэргүүн хатагтай болох гэж буй Мелания Трампыг хувцаслахгүй болохоо зарлалаа. Тэр мөн уг захидалдаа загварын салбарын мэргэжил нэгтнүүдээ түүний жишээг дагаж, Меланиятай хамтран ажиллахгүй байхыг уриаллаа.

"Олон талт байдал ба хувь хүний эрх чөлөөг хүндэлдэг хүний хувьд би өөрийн брэндээ дараагийн тэргүүн хатагтайтай ямар нэгэн харилцаа холбоотой байлгахыг хүсэхгүй байна. Трампын сурталчилж буй арьс өнгө ба хүйсээр ялгаварлах болон бусад орны хүмүүсийг үзэн ядах үзэл нь бидний эрхэмлэдэг үнэт зүйлстэй огтхон ч нийцэхгүй байна. Тиймээс би мэргэжил нэгт дизайнеруудаа надтай адилхан шийдвэр гаргахыг уриалъя" хэмээн Телле өөрийн захидалдаа өгүүлжээ.

Софи Теллег Ralph Lauren, Calvin Klein, Diane von Furstenberg, Donna Karan, Marc Jacobs, Tory Burch, Vera Wang, Michael Kors ба Prabal Gurung брэндүүд дэмжих өндөр магадлалтай. Учир нь ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эдгээр дизайнерууд ард иргэдийг Хиллари Клинтонд саналаа өгөхийг нээлттэйгээр уриалж байсан юм.

Тодруулж хэлэхэд дизайнер Меланияд зориулсан захиалгын хувцас хийхээс татгалзаж байгаа юм. Харин Мелания брэндийн дэлгүүр лүү өөрийн биеэр орж, худалдан авалт хийхэд мэдээж хэрэг хэн ч саад болж чадахгүй.

"Улс төртэй орооцолдох нь утгагүй хэрэг гэдгийг би мэдэж байгаа ч манай компанийн хамт олон өөрсдийн урлагийн эрх чөлөөг маш ихээр эрхэмлэдэг бөгөөд хэрэглэгчидтэйгээ аль болох үнэнч шударгаар хандахыг хичээдэг. Бид хүнлэг, хүлцэнгүй хандлагыг дэмждэг. Бидэнд байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйл бол эв нэгдэл юм" хэмээн дизайнер захидлаа төгсгөжээ.

 

цааш үзэх