Хайх

Эди Слиман өөрийн шүүмжлэгчдийг баригдмал үзэлтэй гэлээ

Эди Слиман өөрийн шүүмжлэгчдийг баригдмал үзэлтэй гэлээ

Дизайнер олны шүүмжлэлд хариу өгчээ

Text: Бюро 24/7


Францын Celine брэндийн шинэ бүтээлч захирал Эди Слиманы танилцуулсан анхны цуглуулга их хэмжээний шүүмжлэлд өртөөд байгаа. Эди энэ албан тушаалд томилогдохдоо дизайнер Фиби Файлог орлосон бөгөөд Файло брэндэд ажилласан хугацаандаа өөрийн цэмцгэр, минимал стилиэрээ олны хүндэтгэлийг хүртээд байсан юм. Харин Эди удирдлагыг гартаа авсан даруйдаа тайзнаа богино даашинз ба рок-н-ролл хүрэм өмссөн залуу моделиудыг гаргасан нь мэдээж олны дунд шуугиан үүсгэсэн билээ.

Олон хүн шинэ цуглуулгыг харан Celine брэндийн төгсгөл ирлээ хэмээн дургүйцсэн төдийгүй зарим нь бүр Эди Слиманыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай харьцуулан түүнийг эмэгтэй хүнийг дорд үзсэн хэрэгт буруутгасан юм.

Харин үүний хариуд Эди францын нэгэн нэвтрүүлэгт ярилцлага өгч, эдгээр шүүмжлэлийг хэрхэн хүлээн авч буйгаа ярьжээ.

"Ийм зэргийн шүүмжлэлийг сонсоод би үргэлж гайхширдаг. Хүмүүс үргэлж л өөр хэн нэгний тухай ярьж байдаг. Тэгээд ч шоуны уур амьсгал маш хөнгөн бөгөөд баяр баясгалантай байсан. Гэтэл тэрхүү хөнгөн, амарлингуй чанарыг орчин үеийн нийгэм буруушаадаг болсон. Би яг л ийм зүйлтэй Saint Laurent ордонд байхдаа тулгарсан" хэмээн Эди Слиман яриагаа эхлүүлсэн юм.

"Энэ бол улс төр, ашиг сонирхлын зөрчил, бүлэглэл, урьдчилан таамаглах боломжтой хандлага, мөн хуучинсаг болоод пуритан үзэл бодлын хэтрүүлэг юм. Бидний цаг үеийг хүчирхийлэл тодорхойлж байна. Анх нийгмийг нэгтгэх, харилцаа холбоо үүсгэх зорилготойгоор бий болж байсан олон нийтийн сүлжээнүүд одоо юу юунаас илүү өдөөн хатгалгааны газар болон хувирчээ. Одоо ямар нэгэн хэмжээ хязгаар гэж үгүй болсон. Үзэн ядалт дэлгэрч, бүх зүйлийг эзэгнэж байна".

Үүний дараа дизайнер шинэ цуглуулгынхаа даашинзуудын талаар, бүр тодруулбал хэтэрхий богино хэмээн шүүмжлэлд өртөөд буй загваруудынхаа талаар хэлэлцлээ. "Одоо тэгэхээр эмэгтэй хүн хүссэн ч богино юбка өмсөж болохгүй гэсэн үг үү? Намайг Трамптай харьцуулж байгаа нь утгагүй, хошин санагдаж байна. Учир нь миний загваруудыг өмссөн эмэгтэйчүүд эрх чөлөөтэй бас хэнэггүй. Тэд хүссэнээрээ хувцаслах эрхтэй".

"Америкт зарим хүмүүсийн хувьд би эрэгтэй хүн гэдэг нь л аль хэдийн асуудал болж байна. Бүр тодруулбал эмэгтэй хүнийг орлохоор ирсэн эрэгтэй хүн гэдэг нь л дургүйцэл төрүүлээд байх шиг. Эрэгтэй хүн эмэгтэйчүүдэд зориулан хувцас бүтээх нь асуудал гэж үү?" хэмээн Эди Слиман асуулт тавилаа.

Үүнээс гадна нэвтрүүлгийн үеэр хөтлөгч Celine-ы толгой групп LVMH-ийн ерөнхийлөгч Бернар Арногоос шинэ цуглуулгын талаар асуутал Бернар "Надад цуглуулга үнэхээр таалагдсан!" гэж хариулсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх