Хайх

Fyre фестивалийг сурталчилсан Кендалл Женнер болон бусад моделиудыг шүүхэд өгчээ

Fyre фестивалийг сурталчилсан Кендалл Женнер болон бусад моделиудыг шүүхэд өгчээ

Text: Buro.Mongolia


Хоёр жилийн өмнө үзэгчдийг хууран мэхлэн шуугиан тарьж байсан Fyre хөгжмийн фестивалийн хэрэг одоо хүртэл хаагдаагүй байна. Энэ удаад фестивалийн дампуурлын хэргийг хариуцан ажиллаж байгаа өмгөөлөгч Грегори Мессер шүүхэд өргөдөл гарган Кендалл Женнер, Эмили Ратаковски болон бусад алдартнуудыг сурталчилгааны төлбөр болгон хүлээн авсан мөнгөн дүнг эргүүлэн төлөхийг хүсчээ.

Тодруулбал Кендалл Женнер өөрийн Instagram хуудаснаа Fyre фестивалийг сурталчилсан нэг пост оруулахын төлөө $275,000 авсан бөгөөд тухайн үед төлбөртэй пост оруулж байгаагаа тодруулаагүй төдийгүй фестивалийн тайзнаа Канье Уэст дуулах мэт ташуу ойлголтыг дагагчиддаа төрүүлсэн учир ийнхүү фестивалийн төлөөлөгчид төлсөн мөнгөн дүнгээ буцааж авах хүсэлтэй байгаа аж. Тэд мөн ижил шаардлагыг Эмили Ратаковскид тавьж нэг постын төлбөр болгож хүлээн авсан $299,000 эргэн төлөхийг хүсчээ. Грегоригийн онцолж буйгаар Эмили мөн л пост оруулахдаа фестивалийн төлбөртэй сурталчилгаа хийж буйгаа тодорхой заагаагүй байна.

Үүнээс гадна Fyre Media компани фестивалийн тайзнаа дуулах гэрээтэй байсан Migos хамтлаг, рэппер Lil Yachty ба Rae Sremmurd нарт нийт $350,000, Blink-182 хамтлагт $500,000, Pusha T, Desiigner ба Tyga нарт нийт $730,000 урьдчилан төлсөн байсан бөгөөд энэ зардлаа ч бас нөхөх хүсэлтэй байгаа аж.

Эргэн сануулахад Рэпер Ja Rule, бизнесмен Билли МакФарленд нарын 2017 онд зохион байгуулсан Fyre хөгжмийн наадам $450-$12,000 долларын үнэтэй тасалбар худалдаанд гарган өөрсдийгөө тансаг зэрэглэлийн оны шилдэг фестиваль хэмээн сурталчилсан ч тасалбар худалдан авсан хүмүүс арал дээр хүрэлцэн ирэхэд уран бүтээлчид, орон байр, тэр ч бүү хэл хоол унд гээд амлаж, сурталчилсан бүх зүйлс нь худал болж таарсан юм. Билли МакФарленд хүмүүсийг хууран мэхэлсэн хэргээр зургаан жилийн ял аван хоригдож байгаа билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх