Хайх

Кендалл Женнер загварын тайзан дээр алхахдаа ямар бэрхшээлтэй тулгардаг вэ?

Кендалл Женнер загварын тайзан дээр алхахдаа ямар бэрхшээлтэй тулгардаг вэ?

Загвар өмсөгчийн фокусыг юу алдагдуулдаг вэ

Text: Ө.Тодгэрэл


Орчин үеийн хамгийн амжилттай загвар өмсөгчдийн нэг Кендалл Женнер The Tonight Show нэвтрүүлэгт оролцохдоо олон сонирхолтой зүйлс ярьлаа

Загвар өмсөгч Кендалл Женнер өөрийн 21 насандаа дэлхийн олон том загварын тайзан дээр алхаж үзсэн туршлагатай. Тэр дэлхий даяар цацагддаг Victoria's Secret-ийн тайзнаас эхлээд Fendi ордны 90 жилийн ойн баярт зориулсан Ромын Треви усан оргилуур дээрх кутюр загварын шоу гээд олон томоохон арга хэмжээнд оролцоод авсан. Ингээд харахад хангалттай их туршлага хуримтлуулсан залуу бүсгүй өнөөдөр загварын тайзнууд дээр ямар ч санаа зовних, сандрах зүйлгүй мэргэжлийн түвшинд алхдаг болсон байх гэж бодогдмоор. Гэтэл Кендаллын мэдэгдэж буйгаар түүнд одоо хүртэл фокус алдаж, анхаарал сарних тохиолдол тайзан дээр гардаг бөгөөд үүний гол учир түүний гэр бүлд оршдог аж.

Өчигдөр орой "The Tonight Show" нэвтрүүлэгт оролцсон Кендалл Женнер хөтлөгч Жимми Фэллонтой ярилцахдаа өөрийгөө загварын тайзан дээр гарсан үедээ хэзээ ч үзэгчдийн суудал руу хардаггүйг онцлон хэлсэн байна. Эхний эгнээнд ямар ч алдартан суусан бай, тэр хэзээ ч, юу ч болсон үзэгчид рүү хардаггүй аж. "Анхны загварын шоунд оролцох үеэсээ эхлэн би өөртөө хэзээ ч, бүр хэзээ ч үзэгчид рүү харах ёсгүй гэдгийг бат хэлсэн" хэмээн Кендалл ярьжээ. Гэхдээ түүний ээж, дүү хоёр эхний эгнээнээс дэмжин, орилж байх үед түүнд төв царай гаргах бага зэрэг хүндрэлтэй байдаг бололтой.

 

"Кайли, ээж хоёр загварын шоунд хүрэлцэн ирсэн үед тэдний орилж байгаа нь надад сонсогддог. Заримдаа би тэвчилгүй бага зэрэг мишээчихдэг. Гэхдээ би тэдэн рүү хэзээ ч хардаггүй" хэмээн Женнер тайлбарласан байна.

Ээж, дүү хоёр нь түүнийг дэмжин, "орилдог" гэдэг нь огтхон ч хэтрүүлэг биш юм. Өнгөрсөн улиралд Alexander Wang-ийн шоун дээр Кайли том эгчийгээ алхаж буйг хараад үнэхээр л маш чанга реакц үзүүлснийг доорх бичлэгээс харж болно.

Гэрийнхэн нь түүнийг хааяа сандрахад хүргэдэг ч Кендалл ээж Крис ба аав Кейтлин нарт урам зориг хайрлаж, ийм зэргийн амжилттай карьер бий болгоход тусалсанд талархаж явдгаа илэрхийллээ. "Миний мөрөөдөл биеллээ олсон. Бүх зүйл үнэхээр гайхамшигтай байгаа, тэр дундаа сүүлийн гурван жил миний хувьд олон сайхан зүйлсээр дүүрэн өнгөрлөө. Тийм ээ, би үнэхээр аз жаргалтай байгаа. Энэ нь миний эцэг, эхийн ач тус юм" хэмээн тэр хуваалцжээ.

цааш үзэх