Хайх

Дэлхийн брэндүүдэд самнасан ноолуур нийлүүлэгч Ханбогд Кашимер ХХК загварын салбарт нэрийн брэнд үүсгэлээ

Дэлхийн брэндүүдэд самнасан ноолуур нийлүүлэгч Ханбогд Кашимер ХХК загварын салбарт нэрийн брэнд үүсгэлээ

Монголын загварын салбарт шинэ нэр

Text: Buro.Mongolia


Ноолууран бүтээгдэхүүний үндсэн түүхий эд болох самнасан ноолуурыг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж дотоодын ба гадны зах зээлд гаргадаг байсан Ханбогд Кашимер ХХК үйлдвэрээ өргөжүүлэн, анхны ноолуураар урласан загваруудаа танилцууллаа. 21 жилийн арвин туршлагатай Ханбогд Кашимер компани анх удаа ноолуураар хийсэн загвар гаргаж буй нь энэ бөгөөд брэнд хөгжүүлэлт дээр Италийн зөвлөх компанитай хамтран ажиллаж байгаа бол загвар зохион бүтээлтийг Германы дизайнеруудтай хамтран биед эвтэйхэн, дулаахан, тав тухтай байх шинэлэг загварын ноолууран хувцсыг үйлдвэрлэж эхлээд байна. Ханбогд Кашимерийнхэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлээс гадна Америк болон Европын зах зээлд гаргахаар төлөвлөж буйгаа онцоллоо. Түүнчлэн шинэ мянганы залууст зориулсан "Амун" брэндээ хөгжүүлж буйгаа ч дурдсан юм.

Дэлхийн брэндүүдэд самнасан ноолуур нийлүүлэгч Ханбогд Кашимер ХХК загварын салбарт нэрийн брэнд үүсгэлээ (фото 1)

Намар-өвөл 2019 улиралд зориулсан цуглуулгад сул эсгүүртэй даашинз, өргөн өмд, oversize загварын цамц, өвөрмөц сүлжмэлээр баяжуулсан сонгодог эсгүүртэй пальто, хөнгөхөн мэдрэмж төрүүлэх нимгэн ноолууран цамц зэрэг ямар ч үед өмсөхөд тохиромжтой, хүн бүрийн шүүгээнд зайлшгүй байх загварууд багтжээ. Харин өнгөний хувьд ноолууран эдлэлийн тансаг шинж чанарыг илтгэх цагаан ба цайвар шаргалаас гадна тод шар, ягаан, хүрэн ягаан гэх мэт тод өнгийн загварууд ч мөн цуглуулгад багтсан байлаа.

Ханбогд Кашимер компанийн зорилго хувь хүний хөгжлийг эрхэмлэн, байгальд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэлийн орчинг бүрдүүлэн дэлхийд өрсөлдөхүйц чанартай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэж Монгол улсынхаа хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахад оршдог байна. Энэ зорилгынхоо хүрээнд үйлдвэрийн аюулгүй таатай орчинг бүрдүүлэхэд онцгой ач холбогдол өгсөн нь үйлдвэртэй танилцах явцад анзаарагдаж байлаа. Тухайлбал үйлдвэрийн орчинд шилэн хаалтууд хийж өгсөн нь самнах хэсгийг шууд дээрээс нь харах боломжийг бүрдүүлж өгсөн нь үйлдвэр гэхээсээ илүү уран бүтээлчдийн урланд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрүүлсэн юм.

Түүнчлэн Ханбогд Кашимер компани нь концепцийн хувьд ч гэсэн ёс зүйтэй, хариуцлагатай үйлдвэрлэгч байхыг эрмэлзэн ажилладаг бөгөөд нийгмийн хариуцлагатай худалдан авалт хийхийг хүсэмжлэх болсон Европын хэрэглэгчдийг гол сегментээ болгон ажиллаж байгаа юм байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд өрх толгойлсон эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахыг зорьж ажилладаг бөгөөд ажиллагсдынх нь 90 хувь эмэгтэйчүүд ажээ. Энэ дашрамд дурдахад үйлдвэрээ өргөжүүлж ноолууран хувцас үйлдвэрлэх болсноор 200 гаруй ажлын байр шинээр бий болгож нийтдээ 400 гаруй ажиллагсадтай болжээ.

Ханбогд Кашимер компани нь бэлчээрийн тэнцвэртэй байдлыг хангах, бэлчээрийг нөхөн сэргээх, ноолуурын худалдааг малчдаас жижиглэн худалдаачдад хүргэх хүрээнд үйл ажиллагаа явуулдаг Ноос ноолуурын тогтвортой хөгжил /SFA/ хэмээх ашгийн бус олон улсын байгууллагын гишүүн бөгөөд тус байгууллагатай нягт хамтран ажилладаг байна.

Ханбогд Кашимер ХХК
Үйлдвэрийн хаяг: Сонгино хайрхан дүүрэг 20-р хороо товчооны гудамж 87
Утас: 7509-5588, 7507-5588

 


цааш үзэх