Хайх

Mongolia
Оны онцлох үйл явдал: Рианнагийн шинэ брэндийн талаар бид юу мэдэх ёстой вэ

Оны онцлох үйл явдал: Рианнагийн шинэ брэндийн талаар бид юу мэдэх ёстой вэ

Fenty тансаг зэрэглэлийн хувцас загварын брэнд

Text: Бюро 24/7


Дуучин Рианна ба LVMH групп нар хамтран Fenty нэртэй тансаг зэрэглэлийн хувцас загварын брэнд гаргах болсноо саяхан олон нийтэд зарласан билээ. Брэндийн төв офис Парист байрших бөгөөд анхны цуглуулга тун удахгүй буюу тавдугаар сарын 22-нд танилцуулагдахаар болжээ. Үүнтэй холбогдуулан BURO шинэ брэндийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

LVMH группийн тэргүүн Бернар Арногийн онцолсноор Рианна маш чадварлаг бизнес эрхлэгч төдийгүй бусдыг гайхалтай удирддаг манлайлагч юм. Дуучин бүсгүйн үүсгэн байгуулсан Fenty Beauty брэнд томоохон амжилтад хүрч чадсан тул Арно түүнд итгэж, группийн харья дор хувцас загварын брэнд гаргах боломжийг олгожээ. Энэхүү төсөлд талууд тус бүрдээ 30 сая еврогийн хөрөнгө оруулалт хийсэн байна.

 

 

Брэнд ямар бүтээгдэхүүн гаргах вэ?

Эмэгтэй, эрэгтэй ба хүүхдийн хувцас, гутал, аксесуар. Эх сурвалжуудын мэдээллэж буйгаар Рианна мөн нүдний шил, спорт эд зүйлс, lifestyle бүтээгдэхүүнүүд, гэрийн декор болон офист зориулсан эд зүйлс гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Гэхдээ энэ мэдээллийг албан ёсоор бататгаагүй байгаа билээ.

Брэндийн цуглуулгууд дээр хэн ажиллах вэ?

LVMH групп шинэ брэндэд зориулан өмнө нь Louis Vuitton ба Celine орднуудад ажиллаж байсан чадварлаг хүмүүсийг нэг баг болгон бүрдүүлсэн байгаа. Тодруулбал 2007 оноос хойш Louis Vuitton-д ажилласан туршлагатай брэндийн эмэгтэй ready-to-wear чиглэлийн захирал Вероник Гебел, мөн Рианнагийн хувийн стилист болон Fenty Corps компанийн бүтээлч захирал Жалил Вивер, Louis Vuitton-ы эрэгтэй ready-to-wear чиглэлийн материалын дизайнер Жеймс Бозли нар Fenty төсөл дээр ажиллаж буйгаа мэдэгдээд байгаа юм. Бернар Арногийн онцолсноор Fenty-д өөр, өөр үндэстний маш өргөн хүрээтэй хамт олон бүрдсэн байгаа нь брэндийн гол давуу талуудын нэг болох аж.

Fenty брэнд загварын салбарт хэр нөлөөтэй байх вэ?

Юуны түрүүнд Fenty брэндийг үүсгэн байгуулснаар Рианна LVMH группийн харья доорх загварын ордныг удирдах анхны өнгөт арьстай эмэгтэй болон түүхэнд бичигдэж байгаа юм. LVMH буюу Moët Hennessy-Louis Vuitton нь дэлхийн хамгийн том тансаг зэрэглэлийн групп бөгөөд Dior, Louis Vuitton, Fendi, Kenzo, Celine, Marc Jacobs, Loewe болон бусад олон шилдэг брэндүүдийг эзэмшдэг байгаа.

Анх 1987 онд үүсгэн байгуулагдсан LVMH групп өөрийн түүхэндээ ердөө ганц брэнд шинээр гаргаж байсан туршлагатай бөгөөд тэрхүү брэндээ (Christian Lacroix) 2005 онд зарсан байдаг. Групп залуу дизайнеруудад боломж олгон шинэ брэнд гаргахын оронд эртний алдарт загварын орднуудыг худалдан авч, чадварлаг дизайнеруудыг бүтээлч захирлаар нь томилдог уламжлалтай. Жишээ нь тэд Николя Гескьерийг 2014 онд Louis Vuitton руу томилж, 2013 онд Жонатан Андерсоныг Loewe-гийн бүтээлч захирал болгож, чадварлаг Эди Слиманд ч хүртэл нэрийн брэнд гаргаж өгөлгүй Celine руу хуваарилсан байдаг. Харин Рианнад ийнхүү ховор боломжийг олгосон нь Fenty брэнд загварын салбарт чухал ач холбогдолтой байхыг нотолж байгаа юм. Бүх зүйлийг өөрөөр хийж, эмэгтэй бүрийн биеийн галбир болоод өвөрмөц гоо үзэсгэлэнг магтан сайшаах дуртай Рианна Fenty брэндээрээ загварын салбарт шинэ дүрмүүд тогтоох нь тодорхой биз ээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх