Хайх

Раф Симонс Calvin Klein-ий шинэ чиглэлийг тодорхойллоо

Раф Симонс Calvin Klein-ий шинэ чиглэлийг тодорхойллоо

Дизайнерын анхны сурталчилгаа

Text: Ө.Тодгэрэл


Хоёрдугаар сарын 10-нд буюу маргааш дизайнер Раф Симонс Calvin Klein брэндэд зориулсан анхны цуглуулгаа Нью-Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд танилцуулах болно. Үүнтэй холбогдуулан шинэхэн бүтээлч захирал өөрийн анхны сурталчилгааг дэлгэж, загварын ордныг ирээдүйд ямар чиглэл рүү хөтлөхөө харууллаа.

Хавар-зун 2017 улирлын "American Classics" хэмээн нэрлэгдсэн уг сурталчилгаа нь брэндийн бэлгэ тэмдэг болсон сонгодог загварууд болон модерн чиглэлийн уран зургууд дээр суурилсан байна. Зураг авалт Майами дахь Rubell Family Collection музейд хийгдсэн бөгөөд загвар өмсөгчид XX ба XXI зууны алдарт уран бүтээлч Энди Уорхол, Дэн Флавин, Ричард Принс ба Стерлинг Руби нарын ховор бүтээлүүдийн дэргэд зургаа даруулжээ.

"Энэхүү сурталчилгаагаар дамжуулан бид дотуур хувцас ба жийнсэн өмд гэх Calvin Klein брэндийн гол түлхүүр загваруудад хүндэтгэл үзүүллээ. Эдгээр зүйлс нь поп соёл ба урлагийн ертөнцийн салшгүй нэгэн хэсэг юм" хэмээн Раф Симонс өөрийн Instagram хуудсандаа бичжээ.

Өмнөх бүтээлч захирлын удирдлага доор Calvin Klein брэнд орчин үеийн "It" залуус болох Кендалл Женнер, Белла Хадид ба Жастин Бибер нарыг сурталчилгааны нүүр царайгаар тодруулж байсан бол Раф Симонс олонд танигдаж амжаагүй загвар өмсөгчдийг гол дүрээр сонгож, бүх анхаарлыг модель биш харин хувцас ба урлаг дээр хандуулахыг хичээсэн байна.

Сайтар анзаарвал сурталчилгааны зургууд дээр мөн брэндийн шинэхэн лого тавигдсан байгаа. Симонсын энэхүү өөрчлөлт танд ямар санагдаж байна?

Раф Симонс Calvin Klein-ий шинэ чиглэлийг тодорхойллоо (фото 1)

 

цааш үзэх