Хайх

Ugg брэнд Y/Project ордонтой хамтарснаар сонгодог загвараа шинэчиллээ

Ugg брэнд Y/Project ордонтой хамтарснаар сонгодог загвараа шинэчиллээ

Өвдөг давсан урттай, гурав давхарласан түрийтэй гэнэтийн загварууд таныг гарцаагүй гайхшруулна

Text: Buro.Mongolia


Зураг:

Ugg брэндийн гуталгүйгээр өвлийн улирлыг төсөөлөхийн аргагүй. 2000-аад онуудын эхэн үед тренд болж, тэр цагаас хойш бидний хөлийг дулаан байлгаж ирсэн энэхүү алдарт брэнд нь өөрийн сонгодог загвараа төдийлөн өөрчилдөггүй бөгөөд саяхныг хүртэл нэгэн хэвийн, уламжлалт дизайнаа гаргасаар байсан билээ. Харин хэдхэн цагийн өмнө Парис хотод зохион байгуулагдсан Y/Project брэндийн эрэгтэй загварын шоуны үеэр Ugg сонгодог дизайнаа шинэчилж, өвөрмөц гутлууд танилцууллаа.

Тодруулбал Ugg брэнд Францын Y/Project загварын ордонтой хамтарснаар өвдөг давсан урттай, хэлбэргүй түрийтэй гутал, гурав давхарласан түрийтэй загвар, мөн үслэг углааш гээд нийт гурван дизайн гаргажээ. Хамгийн гол нь эдгээр гурван загвар нь бидний сайн мэдэх, цайвар бор өнгөтэй Ugg-гийн сонгодог гутлаас үүдэлтэй юм.



Загварын салбарт яг одоо гудамжны хувцас давамгайлж, дизайнерууд "муухай" гэх ойлголтыг тренд болгож байгаа энэ үед Ugg-гийн гутал ч бас уг давлагаанд ийнхүү нэгдэж байна.

"UGG брэндийн сонгодог гутал бол түүхэн дэх хамгийн алдартай гутлуудын нэг яах аргагүй мөн. Энэ гутлын цаг үе үл хамаарсан, сонгодог дизайн дэлхийн өнцөг бүрт танигдсан. Y/Project ордон амаргүй даалгавар хүлээн авах дуртай. Бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш үргэлж гэнэтийн загвар гаргаж, хэвшмэл зүйлсийг эвдэж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хуулиудыг зөрчиж, хүмүүсийг өдөөн хатгасаар ирсэн. UGG-гийн сонгодог загварыг шинэчилснээр бид тус брэндийн онцгой түүхийг магтан дуулахыг зорьсон" хэмээн Y/Project-ийн бүтээлч захирал Гленн Мартенс мэдэгджээ.

Шинэ загваруудын үнэ $300-$1400 хооронд хэлбэлзэх бөгөөд энэ оны намраас эхлэн худалдаалагдах болно.

Ugg брэнд Y/Project ордонтой хамтарснаар сонгодог загвараа шинэчиллээ (фото 1)Ugg брэнд Y/Project ордонтой хамтарснаар сонгодог загвараа шинэчиллээ (фото 2)

цааш үзэх