Хайх

1990-ээд оны супермоделиуд: Өнгөрсөн ба одоо цагт

Бидний сайн мэдэх алдарт моделиуд нэг ч нас нэмээгүй мэт харагдана

Text: Бюро 24/7


Кейт Мосс

1990-ээд оны супермоделиуд: Өнгөрсөн ба одоо цагт (фото 1)

Өнгөрсөнд: Анх 14 настайдаа Нью-Йоркийн Жон Кеннедигийн нэрэмжит нисэх буудал дээр загварын скаутын хараанд өртсөнөөр карьераа эхлүүлсэн Кейт Мосс төд удалгүй тэрсүүд, сахилгагүй супермодель гэдгээрээ олонд танигдсан билээ. Тэрээр байж болох бүхий л брэндүүдтэй хамтран ажиллаж, Жонни Депптэй болзож, өөрийн гранж стиль ба ижил төрлийн этгээд зан чанараараа алдаршсан юм.

Одоо цагт: Өдгөө 44 настай Мосс одоо ч моделиор ажиллаж, давхар өөрийн гэсэн хувцас дизайн бүтээж, саяхан загварын салбар дахь хамгийн өндөр цалинтай загвар өмсөгчөөр тодорсон байгаа. Мосс Topshop брэндэд зориулан хэд, хэдэн цуглуулга бүтээсэн ба Longchamp-тай хамтран цүнхний цуглуулга гаргасан туршлагатай.

Синди Кроуфорд

1990-ээд оны супермоделиуд: Өнгөрсөн ба одоо цагт (фото 2)

Өнгөрсөнд: 1990-ээд он гарахад Синди аль хэдийн олонд сайн танигдсан, нэр хүндтэй модель болсон байсан. Тэрээр тоолшгүй олон сэтгүүлийн нүүрийг чимж, богино хугацаанд жүжигчин Ричард Гиртэй амьдралаа холбож, Pepsi-ний алдарт сурталчилгаанд тоглож, хэдэн жилийн турш MTV сувгийн House of Style нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилласан билээ.

Одоо цагт: Өнөөдөр Синди хэд, хэдэн амжилттай тавилгын цуглуулга гаргаж, J.C. Penney брэндэд зориулан гэр ахуйн эд зүйлсийн цуглуулга зохион бүтээж, Becoming нэртэй ном бичиж, саяхан Acqua Minerale San Benedetto компанийн албан ёсны төлөөлөгчөөр сонгогдсон билээ. Синди мөн Meaningful Beuaty нэртэй косметик брэнд үүсгэн байгуулсан бөгөөд өөрийн охин Кайя Герберийн загвар өмсөгчийн карьерт нь төвлөрдөг байгаа.

Наоми Кэмпбелл

1990-ээд оны супермоделиуд: Өнгөрсөн ба одоо цагт (фото 3)

Өнгөрсөнд: 16 насандаа моделийн карьераа эхлүүлсэн Наоми Кэмпбелл бол бүх цаг үеийн хамгийн нөлөө бүхий супермоделиудын нэг юм. Францын Vogue сэтгүүл, Time сэтгүүл, мөн Vogue сэтгүүлийн есдүгээр сарын дугаарын нүүрэнд гарсан анхны Африк-Америк гаралтай загвар өмсөгчөөр тодорсон Наоми Prada-гаас эхлээд Ralph Lauren хүртэлх бүхий л томоохон брэндүүдийг төлөөлж ирсэн.

Одоо цагт: 48 настай Наоми нэг ч нас нэмээгүй мэт одоо ч өөрийн гоо үзэсгэлэн, загвар өмсөгчийн ур чадвараараа энэ салбарыг байлдан дагуулсаар байна. Тэрээр саяхан Zac Posen брэндийн тайзнаа алхаж, Burberry ба Agent Provocateur брэндүүдийн сурталчилгаанд оролцсон юм.

Тайра Бэнкс

1990-ээд оны супермоделиуд: Өнгөрсөн ба одоо цагт (фото 4)

Өнгөрсөнд: 1990-ээд онд Тайра телевизийн хөтлөгч мэргэжлээ хараахан эхлүүлээгүй байсан ч тухайн үед загварын салбарыг шуурга мэт байлдан дагуулж байв. 15 насандаа загвар өмсөж эхэлсэн тэрээр GQ болон Sports Illustrated Swimsuit Issue сэтгүүлийн нүүрийг чимсэн анхны Африк-Америк моделиор тодорсон юм. Мөн Тайра Victoria's Secret брэндийн сахиусан тэнгэрээр 10 гаруй жил ажилласан билээ.

Одоо цагт: Өнөөдөр бид Тайра Бэнксийг America's Next Top Model нэвтрүүлгийн ерөнхий продюсер, хөтлөгч, шүүгч дүрээр нь сайн мэднэ. Бэнкс мөн хэд, хэдэн ном бичиж, өөр нэгэн телевизийн шоуны ажлыг эхлүүлж, Tyra Beauty нэртэй косметик брэндээ үүсгэн байгуулсан байгаа.

Клаудия Шиффер

1990-ээд оны супермоделиуд: Өнгөрсөн ба одоо цагт (фото 5)

Өнгөрсөнд: Клаудия анх 1987 онд 17 настайдаа загварын салбарт хөл тавьсан бөгөөд 1990 он гарахад аль хэдийн супермоделийн өргөмжлөлөө хүртсэн байсан. Түүнийг дизайнер Карл Лагерфельд Chanel брэндийн нүүр царайгаар сонгож, олон брэндүүд албан ёсны төлөөлөгчөөрөө тодруулж, олон сэтгүүл нүүр хуудасныхаа зураг авалтад урьж байсан билээ.

Одоо цагт: Өнөөдөр Шиффер кино найруулагч Мэттью Вонтой амьдралаа холбон гурван хүүхдийн ээж болсон билээ. Тэрээр заримдаа Chanel, Ferragamo, Alberta Ferretti ба Yves St. Laurent брэндүүдтэй хамтран ажилладаг бөгөөд одоо хүртэл хамгийн олон сэтгүүлийн нүүр хуудсанд гарсан загвар өмсөгчийн рекордыг эзэмшдэг юм.

Линда Евангелиста

1990-ээд оны супермоделиуд: Өнгөрсөн ба одоо цагт (фото 6)

Өнгөрсөнд: Линда загвар өмсөгчийнхөө карьерыг 1980-аад онд эхлүүлсэн ч 90 онд үсээ маш зоригтой богино боб стилиэр тайруулснаар алдар нэрийг олсон билээ. Тэрээр Revlon, Donna Karen, Versace брэндүүдийн нүүр царай болсон төдийгүй нэгэн удаа сэтгүүлд ярилцлага өгөхдөө өдрийн $10,000-аас доош үнэлгээтэй ажлын захиалгыг хэзээ ч авдаггүй болохоо мэдэгдэж байсан юм.

Одоо цагт: Линда нэгэн үед загварын салбараас хөндийрөн хэсэг хугацаанд амарсан ч удалгүй эргээд моделийн карьераа үргэлжлүүлж, Moschino ба Dolce & Gabbana брэндүүдийн сурталчилгаанд оролцсон билээ. Саяхан тэрээр Erasa брэндийн бүтээлч захирлаар томилогдсон юм.

Кристи Тарлингтон

1990-ээд оны супермоделиуд: Өнгөрсөн ба одоо цагт (фото 7)

Өнгөрсөнд: Кристигийн 1990-ээд онуудад үргэлжилсэн амжилттай карьер түүнийг бүх цаг үеийн хамгийн алдартай моделиудын нэг болгосон билээ. Тэрээр Calvin Klein, Missoni, Chanel, Valentino, Revlon брэндүүдийн нүүр царай болж байсан бөгөөд Кэмпбелл, Евангелиста нарын хамтаар 90-ээд оны "алдарт гурвал"-ын нэгт тооцогддог байсан юм.

Одоо цагт: 1990-ээд онуудаас хойш Тарлингтон маш ихийг бүтээж чадсан. Тэрээр олон нийтийн эрүүл мэнд чиглэлээр магистрын зэргээ хамгаалж, Харвардын Олон улсын Эрүүл мэндийн зөвлөлд ажиллаж, жирэмсэн эмэгтэйчүүд ямар эрсдэлтэй тулгардаг тухай өгүүлэх "No Woman No cry" нэртэй баримтат кино гаргаж, Nuala ба Mahnuala нэртэй хоёр спорт хувцасны брэнд үүсгэн байгуулж, Sundari гэх арьс арчилгааны брэндийн албан ёсны хамтрагчаар томилогдсон билээ.

Эмбер Валлетта

1990-ээд оны супермоделиуд: Өнгөрсөн ба одоо цагт (фото 8)

Өнгөрсөнд: 1990-ээд онд Эмбер маш алдартай загвар өмсөгч байсан. Тэрээр Vogue сэтгүүлийн нийт 16 дугаарын нүүр хуудсанд гарж, Giorgio Armani, Chanel, Gucci, Versace ба Prada брэндүүдийн нүүр царайгаар тодорч байсан.

Одоо цагт: Та магадгүй Валлеттаг загвар өмсөгч гэхээс илүү жүжигчний дүрээр таних байх. Тэрээр 2000-аад онуудад жүжигчнээр ажиллаж эхэлсэн бөгөөд "What Lies Beneath", "Hitch", "The Spy Next Door" кинонуудад дүр бүтээгээд амжсан юм.

Карла Бруни

1990-ээд оны супермоделиуд: Өнгөрсөн ба одоо цагт (фото 9)

Өнгөрсөнд: Италийн алдарт загвар өмсөгч Карла Бруни 90-ээд онуудад Guess, Christian Dior, Givenchy, Paco Rabanne, Karl Lagerfeld, John Galliano, Yves Saint-Laurent, Chanel ба Versace гээд бараг бүх брэндүүдтэй хамтран ажилласан. Тухайн үед Бруни хамгийн өндөр цалинтай моделиудын нэгд тооцогддог байсан бөгөөд 1997 онд загварын салбараас гарахаар шийдэн хөгжмийн карьераа эхлүүлсэн юм.

Одоо цагт: 2000-аад онуудын эхэн үед Бруни хөгжмийн карьертаа түлхүү анхаарсан ба хажуугаар нь цөөн хэдэн жүжигчний ажил хийгээд амжсан. Харин 2008 онд Бруни Францын ерөнхийлөгч Николас Саркозитой хуримаа хийн улс төрийн ертөнцөд нэвтэрсэн билээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх