Хайх

Эдгээр 50-аас дээш насны загварлаг эмэгтэйчүүд танд эрх чөлөөтэй хувцаслах урам зориг өгнө

Эдгээр 50-аас дээш насны загварлаг эмэгтэйчүүд танд эрх чөлөөтэй хувцаслах урам зориг өгнө

Text: Buro.Mongolia


Үргэлж маш хурдтай өөрчлөгдөн хувьсаж байдаг загварын ертөнц зөвхөн шинэ ба залуу бүхэн дээр төвлөрдөг мэт санагдаж болох ч үнэндээ загвар гэдэг зүйл бүх насны хүмүүсийг хамарсан, байж болох хамгийн универсал ойлголтуудын нэг юм. Бид хаана ч байсан, хэн ч байсан, хэдэн настай ч байсан хамаагүй загвараас таашаал авдаг бөгөөд загвараар дамжуулан өөрийгөө илэрхийлэх бүрэн эрх чөлөөтэй байдаг. Үүний нэгэн баталгаа болгож бид 50-аас дээш насны дийлдэшгүй стильтэй 16 эмэгтэйг танилцуулж байна.

Мэй Маск

Space X болон Tesla компанийн үүсгэн байгуулагч Элон Маскын ээж Мэй Маск бол 50 гаруй жилийн хугацаанд моделиор ажилласан маш нарийн мэдрэмжтэй эмэгтэй юм. Тэрээр анхаарал татам ээмэг, хоолойтой цамц, уруулын будаг зэргээрээ алдартай билээ.

 

Элисон Уолш

Загварын сэтгүүлч мэргэжилтэй Элисон Уолш бол олон эмэгтэйчүүдийн загварын шүтээн юм. Тэрээр сканди, минимал хэв маягаар хувцасладаг ч заримдаа гэнэтийн тод өнгө, өвөрмөц хээгээр төрхөө баяжуулах дуртай.

 

Грейс Ганэм

Канадын Монреаль хотод суурьшдаг Грейс Ганэм бол хувийн дасгалжуулагч юм. Тэрээр хамгийн сүүлийн үеийн тренд дагуу хувцасладаг ч үргэлж цэмцгэр, цэгцтэй харагдаж чаддаг.

 

Люсинда Чемберс

Их Британийн Vogue сэтгүүлийн загварын хэлтсийн хуучин захирал Люсинда 30 гаруй жил загварын салбарт ажилласан тул өөрийн стилиэ бүрэн тодорхойлж чадсан нэгэн. Том хүзүүний зүүлт, тод свитер цамц, минимал дизайнтай гутал зэрэг нь түүний нэрийн хуудас юм. Люсинда өөрийнхөө зургийг Instagram хуудаснаа нийтэлдэггүй ч түүний @lucindachambers хаягаар орон загварын шинэлэг санаа, урам өгөх элдэв янзын зурагнуудыг сонирхоорой.

 

Изабель Хупперт

Жүжигчин Изабель Хупперт бол жинхэнэ франц шик хэв маягийн төгс жишээ юм. Тэр үргэлж хичээл зүтгэл гаргаагүй атлаа загварлаг харагддаг онцгой авьяастай нэгэн.

 

Лин Слейтер

Нью-Йоркийн социологийн профессор Лин Слейтер өдгөө 63 настай хэдий ч ямар ч насны бүсгүйд загварын хичээл заах чадвартай. Түүний тав тухтай байдлыг эрхэмлэдэг стиль хүн бүрт урам өгнө.

 

Колин Хайдеманн

Колин Хайдеманн маш дэгжин хэрнээ хошин мэдрэмжтэй хувцасладаг. Түүний стилиэс Грейс Келли ба Одри Хепберн нарын алдарт хэв маягийг олж харах боломжтой.

 

Линда Фарго

Нью-Йоркийн алдарт Bergdorf Goodman дэлгүүрийн дэд ерөнхийлөгч, эмэгтэй хувцасны хэлтсийн захирал Линда Фарго ихэвчлэн ирвэсний хээтэй хувцас өмссөн байгаа харагддаг. Тэр мөн Dior-ын Holiday нэртэй улаан уруулын будагт дуртай бөгөөд ерөнхийдөө мөнхийн сонгодог стилийг эрхэмлэдэг.

 

Рената Жаздзык

"Ven's Wife Style" блогын үүсгэн байгуулагч Рената Жаздзык өөрийн ухаалаг бөгөөд эмэгтэйлэг стилиэрээ таны сэтгэлийг шууд л булаана. Түүний Instagram хуудаснаас өдөр тутмын хувцаслалтын санаа аваарай.

 

Мелани Кобаяаши

Ванкувер хотод байршдаг Мелани Кобаяаши бол "Bag and a Beret" блогын үүсгэн байгуулагч юм. Өдгөө 53 настай тэрээр винтэж хувцсыг тод, өнгөлөг загваруудтай хослуулах дуртай.

 

Карин Ройтфельд

Францын Vogue сэтгүүлийн алдарт ерөнхий редакторыг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тэрээр одоо хувийн сэтгүүлээ гаргадаг бөгөөд бүхий л томоохон зураг авалт, төслийн ард стилистээр ажилласнаар чиг хандлага тодорхойлогчдын нэг болсон билээ.

 

Уэнди Пакер

"Fashion over Fifty" блогын үүсгэн байгуулагч Уэнди загварлаг хувцаслалтын санаа өгөхөөс гадна хэрхэн эерэг хандлагатай өтлөх талаар үнэтэй зөвлөгөөнүүд өгдөг байгаа.

 

Натали Массене

Net-a-Porter онлайн дэлгүүрийн үүсгэн байгуулагч Натали Массенег загварын хатан хаан хэмээн нэрлэж болно. Түүний бүрдүүлсэн төрх бүр үргэлж маш дэгжин байдаг.

 

Сара Жейн Адамс

Зоригтой, эрх чөлөөтэй хувцаслах дуртай эмэгтэйчүүд үнэт эдлэлийн дизайнер Сара Жейн Адамсаас жишээ аваарай. Тэр хамгийн тод өнгө, хамгийн өвөрмөц хээг нэг дор өмсөн загварлаг төрх бүтээж чаддаг. 

 

Лу Кенни

Загвар өмсөгч ба йогийн багш Лу Кенни сонгодог, өөртөө итгэлтэй, ухаалаг стилийг хэнээс ч илүү гарамгай бүрдүүлдэг.

 

Софи Фонтанель

Таны зайлшгүй мэдэх хэрэгтэй бас нэгэн франц эмэгтэй бол сэтгүүлч Софи Фонтанель юм. Тэр энгийн эсгүүр, саармаг өнгийг ашиглан хичээл зүтгэл гаргаагүй шик хувцаслалтыг бий болгодог.

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх