Хайх

Энэ улиралд Zara брэндээс ямар худалдан авалт хийх вэ?

Энэ улиралд Zara брэндээс ямар худалдан авалт хийх вэ?

Таны анхааралдаа авах хэрэгтэй тренди загварууд

Text: Buro.Mongolia


Хамгийн сүүлийн үеийн чиг хандлагын дагуу хувцаслах дуртай бүсгүйчүүд шинэ улирлын худалдан авалт хийх бүртээ Zara брэндээр шагайдаг уламжлалтай болсон. Боломжийн үнэтэй, тренди хувцас борлуулдаг Zara брэнд нь дизайнеруудын танилцуулах шинэ загваруудыг асар хурдан хөврүүлэн масс зах зээлд нэвтрүүлдэг тул саяхан тайзнаа үзэгдсэн шинэлэг элементүүд, томоохон хотуудын гудамжинд харагдах загварлаг шийдлүүд бүгд аль хэдийнэ Zara-гийн дэлгүүрүүдэд өрөгдсөн байгаад эргэлзэх зүйл үгүй. Харин 2019 оны хаврын улиралд Zara-гаас ямар худалдан авалт хийх хэрэгтэйг бид энэхүү нийтлэлдээ онцолж байна.

Неон өнгийн загвар

Нүд гялбам тод, хурц неон өнгөнүүд энэ оны дулаан өдрүүдийн гол чимэг болно. Зоригтой нэгэн нь хөлөөсөө толгой хүртэл неон өнгөөр хувцаслаж болох бол илүү даруухан нэгэн нь жийнсэн өмд эсвэл хар өнгийн хувцастай хослуулах биз ээ.

1990-ээд оны спорт хувцас

Дугуйчны шоорт, панама малгай, tie-dye эффекттэй хувцас, болхи пүүз гээд 1990-ээд оныг санагдуулам спорт шийдэлтэй загварууд эртний сайхан дурсамжуудыг сэргээхийн зэрэгцээ биед эвтэйхэн байх том давуу талтай шүү. Энэхүү трендийг хэрэгжүүлэхдээ тод өнгө гэхээс илүүтэйгээр саармаг өнгөөр дагнавал илүү цэмцгэр төрх бүрдэх болно.

Тод өнгийн хослол

Пиджак ба брюк өмдний хослол нь аль хэдийнээ өөрийн ажил хэрэгч, уйтгартай тодотголоосоо ангижирч одоо хаана ч, ямар ч үед өмсөж болох тренди хувцас болж хувирсан. Тэр дундаа ягаан, ногоон, шар зэрэг тод өнгийн хослолууд таныг яг л борооны дараах солонго мэт өөдрөг, баясгалантай харагдуулна. 

Нарийн оосортой сандаал

Намхан эсвэл дунд зэргийн өсгийтэй, нарийн оосортой, минимал сандаал нь таныг Кэрри Брэдшоу шиг загварлаг, дэггүй мэдрэхэд тусална. Могойн арьсны хээтэй, тод өнгөтэй гээд маш өргөн сонголт бий шүү.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх