Хайх

Хэллоуины хувцаслалт ба нуур будалтын санаанууд

Хэллоуины хувцаслалт ба нуур будалтын санаанууд

Бүгдийг нэг доороос

Text: Ө.Тодгэрэл


Жил ирэх тусам илүү өргөн хүрээнд тэмдэглэгдэх болсон Хэллоуины баяр тун удахгүй болно. Жилд ганцхан удаа өөрийн галзуу, этгээд, нуугдмал зан чанарыг илчлэх боломж олгодог энэхүү баяраар та ямар дүрд хувирах гэж байна?

Сүнснүүд чөлөөлөгдөж, зомбинууд хүмүүсийн дунд алхаж, хаа сайгүй хулуу үзэгдэх аймшгийн баяр хаяанд ирлээ. Хэллоуин болохын хэдхэн хоногийн өмнө бид одоо хүртэл хувирах төрхөө бодож олоогүй уншигчиддаа зориулж, эцсийн мөчийн санаануудыг бэлдлээ. Урьд өмнө нь энгийн туулайн чих зүүснээр үдшийг аргацаадаг байсан бол энэ удаад аль болох дүрдээ бүрэн хувирч, найз нөхөд, гэр бүл ба ажлын хамт олноо гайхшруулаарай. Хэтэрхий тачаангуй эсвэл ухаангүй тэнэг харагдахаас айх хэрэггүй. Яагаад гэвэл ийм боломж дараа жил хүртэл дахин олдохгүй шүү!

Алдартнуудын Хэллоуины хувцаслалт

"Бүхнээ зориул, үгүй бол гэртээ харь" гэх уриан доор жил бүр Хэллоуины баярыг тэмдэглэдэг Холливүүдын алдартнууд үргэлж биднийг гайхшруулдаг. Хэллоуины хатан хаан гэгддэг Хайди Клумаас эхлээд реалити од Ким Кардашьян хүртэл олны танил хүмүүс заримдаа бие, биенээсээ санаа авч, заримдаа кино урлагийн алдарт бүтээлүүдийг амилуулж, эсвэл өөрийн дүр төрхөөрөө маш ухаалаг хошигнол гаргадаг. Барби хүүхэлдэйн дүрд хувирсан Рита Ора, Мэрилин Монро болсон Синди Кроуфорд, эсвэл "101 гөлөг" киноны Круэлла Де Вилээс ялгагдахааргүй харагдах Игги Азалия нар та бүхэнд ямар нэгэн шинэлэг санаа өгөх биз ээ.

Киноноос сэдэвлэсэн Хэллоуины төрхүүд

Хэллоуины хувцаслалтын хамгийн амархан санаанууд бидний нүдний өмнө бэлэн байж байдгийг мартаагүй биз. Зурагт эсвэл компьютерын дэлгэцээс олдох дүр төрхүүдээс та алийг нь сонирхож байна вэ? Breakfast at Tiffany's-ийн хар даашинз ба сувдан зүүлтээр гоёсон үзэсгэлэнт Одри Хепберн, Pulp Fiction-ийн богино хар үс, захтай цагаан цамц ба гарт барьсан тамхиараа алдаршсан Миа Уоллес, Game of Thrones-ын урт цагаан үстэй луугийн эх Дейенерис Таргариен гэх зэрэг алдарт дүр төрхүүд таныг бусдаас өвөрмөц атлаа үзэсгэлэнтэй харагдуулна.

Хэллоуины нүүр будалт

Хэллоуины үдэшлэг дээр хүн бүрийн анхаарлыг татах, үнэхээр гайхамшигтай дүр төрхтэй очихыг хүсч байвал нүүр будалт танд гарцаагүй хэрэг болно. Таны аймшгийн эсвэл тачаангуй төрхийг дараагийн түвшин рүү аваачих Хэллоуины нүүр будалт жил ирэх тусам улам бодитой болж байна. Доорх зургууд дээр харагдах зарим будалтыг та гэрийн нөхцөлд контур, нүдний тень ба бага зэрэг гялалзсан сааны ачаар хийх боломжтой бол бусдыг нь зөвхөн мэргэжлийн нүүр хувиргагчдын уран гар хэрэгжүүлж чадна.

цааш үзэх