Хайх

Street style одууд шиг загварлаг харагдах есөн нууц

Street style одууд шиг загварлаг харагдах есөн нууц

Бүсгүй бүрийн анхааралд

Text: Ө.Тодгэрэл


Долоо хоног бүрийг загварын долоо хоног мэт тооцож, өдөр бүр гэрээсээ гарахдаа street style одууд шиг загварлаг харагдахыг хүсч байвал доорх есөн аргачлалыг анхааралдаа аваарай

Олон давхарлаж хувцаслах

Орчин үеийн "It" бүсгүйчүүдийн загварлаг харагддаг гол нууцуудын нэг бол олон давхарлаж хувцаслах урлаг юм. Тэд шүүгээн дэх хувцаснуудаа байж болох бүхий л аргаар хооронд нь хослуулж, давхарлаж, гэнэтийн төрх бүрдүүлдэг. Хамгийн гол нь уран сэтгэмжээ ажиллуулах хэрэгтэй. Тухайлбал энэ зун тренд болж буй унтлагын загвартай slip даашинзыг дангаар нь өмсөхийн оронд дотор нь урт ханцуйтай хоолойтой цамц, эсвэл энгийн футболк давхарлах хэрэгтэй. Жийнсэн өмдийг даашинзтай, свитерийг захтай цамцтай хослуулах, мөн пальто дотроо богино хүрэм эсвэл цув өмсөх гээд л асар олон боломж бий. Юутай ч өдөр тутмын хувцаслалтдаа одооноос туршилт хийж эхлээрэй. Та хүссэн төрхөө гаргах эрх чөлөөтэй шүү дээ.

Олон төрлийн хээ хослуулах

Цэцгэн, абстракт, дөрвөлжин, амьтдын, судалтай гээд загварын салбарт тоо томшгүй олон төрлийн хээ бий. Та тэд бүгдийг хооронд нь зоригтой хослуулаад үзээрэй. Ингэж хувцаслахдаа хамгийн гол анзаарах зүйл бол гаргах дүр төрхийнхөө ерөнхий өнгийг аль болох жигд, нэг төрлийн туяатай байлгахыг хичээх хэрэгтэй. Олон төрлийн хээ олон өнгөтэй хосолбол хэтэрхий "галзуу" харагдах магадлалтай шүү. Ерөнхийдөө хавар-зуны улиралд нягт байршилтай толгой эргэм хээнүүд тренд болж байгаа. Gucci-гийн цуглуулгыг санаж байгаа биз дээ?

Анхаарал татам гутал/цүнх/хүрмээр гоёх
Street style зурагчдын анхаарлыг татах хамгийн хялбар аргуудын нэг бол бусдаас ялгарах гутал, эсвэл цүнх, эсвэл хүрэм өмсөх явдал юм. Өвөрмөц хэлбэртэй, хээ угалзтай, тод өнгөтэй загварууд таны бүхэл төрхийг сэргээх болно. Анхаарал татам гутал сонгох гэж байвал богино тайралттай жийнс эсвэл юбка өмсөж, гутлаа ил гарган, гайхуулаарай. Харин хүрэм сонгох бол ямар ч цаг агаарт тохируулан өмсөх боломжтойг санаарай.

Нэг өнгөөр хувцаслах

Сонгодог ч гэлээ бага зэрэг уйтгартай хар өнгөнөөс аль болох татгалзаж, зөөлөн пастель, nude эсвэл цагаан өнгө сонгохыг зөвлөж байна. Хөлөөсөө толгой хүртэл нэг төрлийн туяатай хувцас өмссөнөөр та маш цэмцгэр, бас эмэгтэйлэг харагдах болно.

Кет өмсөх

Спорт хэв маягтай кетийг "high fashion" харагдуулах боломжгүй гэж бодох нь маш хуучинсаг үзэл юм. Дэлхийн өнцөг булан бүр дэх street style одууд загварлаг харагдахын тулд заавал ч үгүй өндөр өсгийтэй чамин гутал биш, харин энгийн кет өмсөх боломжтойг ойлгож, чөлөөт уур амьсгалтай хэрнээ нэгэн зэрэг бас дэгжин төрх бүрдүүлж байна.

Хэмжээс алдагдсан деталь нэмэх

Хэтэрхий том ханцуйтай, хэтэрхий өргөн загвартай, хэтэрхий том хэмжээтэй, аль эсвэл тэгш хэмгүй тайралттай хувцаснууд бас л олны анхаарлыг тань руу татах болно.

Жийнс бас дахин жийнс сонгох
Жийнс хэзээ ч моодноос гарахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Сүүлийн хэдэн улирлын турш зөвхөн skinny гэлтгүй, мөн бусад маш олон төрлийн жийнсэн өмдний загварууд тренд болж байгаа тул хүссэнээ сонгох л үлдлээ. 1990-ээд оны "ээжийн" загвар, 1970-аад оны трапеци эсвэл богино тайралттай, өргөн, хайчилбартай, хээ хатгамалтай гээд төрөл бүрийн загварыг street style одууд онцолж байна. Түүнчлэн бас жийнсэн материалтай даашинз, хүрэм, юбкаг сонгож болохыг бүү мартаарай.

Хувцас ба аксесуараа чимэглэх

Цүнх ба хувцасны унжлагатай зүүлт, наалт, сүлбээр чимэглэл нь энгийн зүйлийг хувийн зан чанарт тохируулсан, содон болгоход тусалдаг. Уран сэтгэмжээ ашиглан дахин давтагдашгүй загварууд бий болгох боломж танд бий.

Хээтэй хослолыг өөртөө итгэлтэйгээр өмсөх

Шинэ улирлын томоохон трендүүдийн нэг бол хээтэй хослол юм. Энэ давлагаа бас л Gucci брэндийн ачаар гарч ирсэн бөгөөд, загварлаг бүсгүйчүүдийг байлдан дагуулж байна. Уйтгартай саарал эсвэл хар хослолын оронд нягт хээтэй, тод өнгийн загвар өмсөж, их хотын гудамжинд өнгө нэмээрэй.

цааш үзэх