Хайх

Загварын ертөнцөд шинэ нэр: Лондон дахь Mandkhai брэнд

Загварын ертөнцөд шинэ нэр: Лондон дахь Mandkhai брэнд

Дизайнер Ж.Мандхай

Text: Ж.Чинбат


Загварын ертөнцөд ноолууран хувцсыг Chloé, Zara гэх зэрэг олон алдартай брэнд хийж байгаа. Тиймээс энэ өрсөлдөөнтэй зах зээлд Монгол ноолууран бүтээгдэхүүнээр нэвтрэн орж, өөрийн орон зайгаа хэрхэн олох вэ гэдэг олон дизайнерын хувьд ур, ухаанаа сорих талбар болоод байгаа юм. Яг ийм зорилготой нэгэн шинэ, залуу монгол дизайнерыг та бүхэнд танилцуулъя

Лондон хот, Wolf & Badger гэх концепт дэлгүүрт өнөөдөр бидний танилцах гэж буй Mandkhai брэндийн ноолууран хувцаснууд худалдаалагдаж байна. Энэ дэлгүүр нь шинээр гарч ирж буй залуу дизайнеруудын хувцаснуудыг олон нийтэд танилцуулдаг аж. Дизайнер Ж.Мандхай жилийн өмнөөс энд өөрийн загваруудаа борлуулж эхэлжээ. Тэрээр мөн Берлин хотод дан ноолууран хувцсаар дагнасан бутиктэй хамтран ажилладаг байна. Ж.Мандхайгийн гол онцлог бол Лондонд загварыг нь гаргасан контемпорари ноолууран бүтээгдэхүүн бөгөөд түүний бүх хувцас Монголд үйлдвэрлэгддэг. 

Загварын хувьд тэрээр олон төрлийн сонирхолтой хээ ашиглан, ноолууран хувцасны ерөнхий ойлголтыг өөрчлөхийг зорьжээ. Энэ нь түүний 2016 хавар, зуны загварт орсон пастель цэнхэр, ягаан өнгөнүүд, 1970-аад он санагдуулам богем уур амьсгал, торон нэхээс зэрэг орчин үеийн залуу эмэгтэйд тохирох загваруудаас нь харагдана. Мөн 2016 оны намар, өвлийн загварууд нь ноолууран топ, даашинз, пальто, өмд, юбка зэрэг эмэгтэй хүний өдөр тутамд өмсөж болох хувцаснуудаас бүрджээ. Эдгээр загварууд нь хэт тансаг биш хэрнээ дундажаас дээгүүр түвшинд зориулагдсан юм байна.

"Би ноолуурын бизнес эрхэлдэг гэр бүлд төрж өссөн учраас багаасаа л хувцас загварын салбарт ажиллана гэж боддог байлаа" хэмээн тэр нэгэн ярилцлагадаа дурдсан байв. Харин түүнийг саяхан Улаанбаатарт цөөн хоногоор ирээд байхад нь бид уулзаж, түүний дизайнер болсон түүх болон ирээдүйн зорилгыг нь дэлгэрүүлэн сонирхсон юм. 

Ж.Мандхай Берлинд есөн жил сурч, дунд сургуулиа дүүргээд, дараа нь Лондонд фэйшн дизайнер, маркетингийн чиглэлээр мэргэжил эзэмшжээ. Тэр суралцаж байх хугацаандаа Лондонд олон залуус шинэлэг, гоё санаатай гарч ирдэг ч удалгүй хөл дээрээ тогтож чадалгүй зогсдогийг олж харсан байна. Тиймээс өөрөө ноолууран хувцсанд төвлөрсөн, шинэлэг хэрнээ, олон улирал өмсөж болдог загваруудаа зах зээл дээр амжилттай гаргахын тулд хосолсон мэргэжил сонгожээ. 

Одоогоор Ж.Мандхай гурван цуглуулга танилцуулаад байна. Тэгэхдээ ноолууран хувцсаар улирал бүр шинэ цуглуулга гаргах нь учир дутагдалтай гэж тэр үздэг учраас тогтмол байдаг үндсэн загваруудаа хавар-зун, намар-өвлийн улиралд шинэчилж байхаар төлөвлөжээ.  Энэ нь ч хэрэглэгчийнхээ хүслийг ойлгож, алгуурхан баяжуулж байхад тохиромжтой хувилбар бололтой.

"Ноолуур үнэтэй материал учраас шинэ брэндүүд үүгээр туршиж үзэх нь ховор.  Гэвч миний хувьд энэ бол маш сонирхолтой материал. Дээр нь надад ноолуур ашиглан хувцас хийх нь үнэхээр гоё мэдрэмж төрүүлдэг. Би тренд болж байгаа зүйлсэд тааруулан ажиллахаас илүүтэй хүмүүст сэтгэл ханамж бэлэглэх, урт удаан эдэлгээтэй хувцас хийж өгөхийг хүсдэг. Мөн бүх насны эмэгтэйчүүдэд тохирох, олон төрлийн загварууд хийхийг эрмэлздэг юм. Олон худалдан авагчид маань дундаас дээш насны эмэгтэйчүүд байдаг л даа. Учир нь тэд ноолуурын чанарыг мэддэг. Гэсэн хэдий ч надад даашинз, топ, юбка зэрэг залуу хүн өмсөхөд тохиромжтой загварууд ч бий" гэж тэрээр нэмж тодотголоо.


Монгол чанартай ноолуур, загварлаг хувцас хоёр бол төгс зохицол.

 

Лондон дахь ирээдүйгээ Ж.Мандхай өөдрөгөөр харж байна. Мэдээж тэнд жилийн дотор өөрийн брэндээ амжилтанд хүргэж чадсан жишээ олон байгаа. Хамгийн гол нь үнэ, загвар хоёроороо бусдаас ялгарч чадах нь чухал. "Үүнийг хийхэд маш их ажиллах хэрэгтэй байгаа. Лондонд ноолуурын чиглэлээр ажилладаг газар олон ч бүх хувцсаар дагнасан нь ховор. Цаашдаа би эрэгтэй хувцас хийж, өөрийн брэндээ босгох хүсэлтэй байгаа" гэж тэр зорилгоо бидэнд хуваалцлаа.  

Үнэхээр Лондон олон үндэстний сонирхолтой хүмүүсээр дүүрэн тул тэнд хүмүүс маш чөлөөтэй сэтгэж, хувцасладаг. Магадгүй тийм болохоор Ж.Мандхайгийн том хэмжээстэй эмэгтэй пальтог ихэвчлэн эрэгтэй хүмүүс худалдан авчээ. Хэрэв хос хүйсийн сонирхлыг татаж чадаж байгаа бол юнисекс хувцасны сонголтод шинэ ноолууран хэв маяг санал болгох нь бас нэг төрлийн давуу тал болж болох юм . Мэдээж монгол дизайнерууд Европ хүмүүст зориулж хувцас хийхдээ аль болох нимгэн, торон хийх хэрэгтэй болно. Үүнийг Ж.Мандхай минимал, богем, үдшийн гээд олон төрхтэй хослуулсан байсан. Тэгэхээр цаашдаа ч олон сонирхолтой зүйлс сэдэж, зорьсондоо удахгүй хүрнэ гэдэгт бид итгэлтэй байна. 

цааш үзэх