Хайх

2017 оны чиг хандлага: Өвөрмөц эсгүүртэй захтай цамц

2017 оны чиг хандлага: Өвөрмөц эсгүүртэй захтай цамц

Сонгодог цагаан цамцны шинэлэг хувилбар

Text: Бюро 24/7


Зураг:

Захтай цамц бол маш олон талын давуу талтай, юниверсал хувцас юм. Саяхныг хүртэл бид минимал дизайнтай цагаан цамцны ноёрхлыг ажигласан. Энэхүү биед эвтэйхэн, энгийн загварыг Calvin Klein брэндийн 1990-ээд оны сурталчилгаан дээр гардаг шиг цэнхэр жийнсэн өмдтэй хослуулж болохоос гадна мөн нарийн хуниас бүхий өвдөг давсан урт юбкатай зохицуулан өмсөхөд сайхан харагддаг. Ерөнхийдөө та цагаан цамцыг ямар ч хувилбараар хослуулан өмссөн бай эцсийн үр дүн нь үргэлж энгийн атлаа загварлаг төрх гаргадаг маш том давуу талтай юм. Гэхдээ шинэ улиралд чиг хандлага бага зэрэг өөрчлөгдөж байна. Алдарт дизайнерууд бидэнд минимал загварын цамцыг шүүгээнийхээ хамгийн алсын буланд далд хийж, үүний оронд этгээд загвартай, хэтэрхий том хэмжээтэй, тэгш бус хэмтэй цамцнуудыг туршиж үзэхийг зөвлөлөө.

Эрэгтэй эсгүүртэй oversize загварын цамц

Эрэгтэй хүний шүүгээнээс цамц зээлдэн өмсөх нь тийм ч шинэлэг аргачлал биш хэдий ч энэ улиралд бүх дизайнерууд цамцны эсгүүр ба хэмжээнд анхаарлаа хандуулж, аль болох том ба өвөрмөц дизайнууд танилцуулж байна. Сонгодог цайвар цэнхэр өнгийн оффисын эрэгтэй цамцыг Jil Sander ба Vetements брэндүүдийн шоун дээр үзэгдсэн шиг өндөр суудалтай брюк эсвэл жийнсэн өмд дотор хийн, ханцуйгаа шуухгүйгээр сул тавин өмсөх хэрэгтэй. Демна Гвасалиягийн зөвлөгөөг дагахыг хүсвэл цамцныхаа дунд хэсгийн хэдэн товчийг товчлохгүйгээр үлдээж бас болох юм. Түүнчлэн Off-White брэнд бидэнд давхарлаж өмсөх аргачлалыг шинэ өнцгөөс харуулж, нэгэн зэрэг хоёр давхар цамц өмсөхийг зөвлөж байна. Харин Hood by Air марк уламжлалт дүрмийг ор тас мартаж, захтай цамцыг буруу харуулан өмсөж болохыг харууллаа. Бас нэгэн бидний анхаарлыг татсан өвөрмөц сонголт бол Balenciaga-гийн хаврын цуглуулгад багтсан 1970-аад оны уур амьсгалтай даашинз маягийн цамц юм. За ингээд энэ бүх сонирхолтой цамцнуудын аль нь танд хамгийн ихээр таалагдаж байна вэ?

Тэгш бус хэм

Шинэ улирлын гол трендүүдийн нэгээр тэгш бус хэм тодорсон байгаа. Уг трендийг зөвхөн хувцасны эсгүүр гэлтгүй мөн стилистик хандлагад хамааралтай гэдгийг анхааралдаа аваарай. Авангард шийдэлтэй архитектур дизайн санагдуулам хамгийн этгээд хувилбарыг Joseph маркийн хаврын шоун дээрээс олж харах боломжтой байсан бол Hood by Air ба Commes Des Garçons брэндүүд сонгодог цагаан цамц дээр туршилт хийсэн байлаа. Харин Off-White марк судалтай чиг хандлагыг дахин сэргээж, цамцны нэг ханцуйг аварга том хуниасаар чимж, нөгөөхийг нь энгийн эсгүүртэй хэвээр орхисон харагдлаа. Түүнчлэн Marques'Almeida зэрэг зарим дизайнерууд илүү хялбар зам сонгож, тэгш бус хэмтэй хар цамцыг хэрхэн шүүгээнийхээ бусад хувцастай зохицуулж болохыг үзүүлсэн байгаа.

Хуниас

Эртний романтик сэдвийг Dolce & Gabbana брэнд бүрэн утгаар нь хэрэгжүүлж, жижиг хуниаснуудаар бүрхэгдсэн эмэгтэйлэг цамц танилцууллаа. Харин Jacquemus ба Marques'Almeda маркууд өөрсдийн хайрт минимал хэв маягийг орхилгүйгээр том атлаа цэмцгэр хуниастай цамц тайзан дээрээ гаргалаа. Футуристик чиглэлээр хувцас урлах дуртай Louis Vuitton-ы Николя Гескьерийн хувьд гэвэл тэрбээр хуниастай цамцыг лакан арьсаар хийсэн брюк өмдтэй хослуулах шинэлэг аргачлалыг санал болголоо. Дизайнерын харуулсан этгээд төрх яг л "Blade Runner" киноны гол дүрийн бүсгүйн өмсгөл мэт харагдаж байлаа.



Танд энэ чиг хандлага таалагдаж байвал хавар-зуны улирал эхлэхээс урьтаж эдгээр загварлаг цамцнуудаас авч, өөрийгөө цоо шинэ дүр төрхөөр чимээрэй. 

цааш үзэх