Хайх

Ирэх хаврын таван чиг хандлага: Нью-Йоркийн загварын долоо хоногийн дүгнэлт

Ирэх хаврын таван чиг хандлага: Нью-Йоркийн загварын долоо хоногийн дүгнэлт

Ирэх хавар хэрхэн хувцаслахыг эндээс харцгаая

Text: Buro.Mongolia


Нью-Йорк хотод хавар-зун 2018 улирлын загварын долоо хоног амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ жил уг арга хэмжээнд оролцсон дизайнеруудын тоо эрс багасч, Америкийн загварын долоо хоногийн хувьд томоохон гарз учраад байна. Тодруулбал жил бүрийн хуваарьт уламжлал ёсоор оролцдог байсан Proenza Schouler, Rodarte, Altuzarra болон бусад хэд, хэдэн дизайнерууд энэ удаад Парис, Милан гэх зэрэг өөр хотууд руу шилжихээр шийджээ.

Харин загварын долоо хоногийн хамгийн ихээр анхаарал татсан дизайнеруудаар Раф Симонс болон Helmut Lang брэндийн бүтээлч захирал Оливер Шейн нар тодорсон юм. Тэд энэ улиралд өөрсдийгөө жинхэнэ шинийг санаачлагч гэдгээ баталж, бусдын эхлүүлсэн трендийг дагах биш харин өөрсдөө цоо шинэ чиг хандлагууд үүсгэн гаргалаа. Бусад дизайнеруудын хувьд гэвэл дөрвөлжин хээ, тод өнгө, power dressing хэв маягийн хослол гэх зэрэг нэгэнтээ олны дунд тархсан чиг хандлагуудыг илүү өвөрмөц байдлаар дэлгэрүүлжээ. Ингээд бид Нью-Йоркийн загварын долоо хоногоос дүгнэлт хийж, ирэх хаврын улиралд ноёрхох үндсэн таван чиг хандлагыг тодорхойлж байна.

Америк маягийн стиль

Бельги гаралтай дизайнер Раф Симонсын ачаар дизайнерууд Америк маягийн стилийг эргээд моодонд оруулахаар шийдэж, ковбой хувцаслалт, хөгжөөн дэмжигчдийн өмсгөл гэх зэрэг АНУ-г илтгэх таних тэмдгүүдийг цуглуулгадаа орууллаа. Ковбой хэв маягийн загваруудыг Calvin Klein, Coach 1941 брэндүүдээс олж харах боломжтой байсан бол, арван жилийн сурагч маягийн свитер цамцыг Monse брэнд танилцуулсан юм. Мөн 1990-ээд онд тренд болж байсан дөрвөлжин хээтэй товчтой цамцыг Public School, R13 ба Francesca Liberatore брэндүүд дахин сэргээлээ.

Ирэх хаврын таван чиг хандлага: Нью-Йоркийн загварын долоо хоногийн дүгнэлт (фото 1)

Хагас гэрэлтдэг материал

Хагас гэрэлтдэг материал энэ улиралд ч тэр, дараагийн хавар ч тэр загварлаг хэвээр байх болно. Биеийн хэсгүүдийг бараг бүхэлд нь харуулах тунгалаг материалтай даашинзуудыг Helmut Lang, Calvin Klein, Fenty x Puma, Calvin Klein ба Prabal Gurung брэндүүд санал болгосон. Харин дизайнер Виктория Бекхэм хагас гэрэлтэх юбка дотор урт цамц өмсөхийг уриалж, Марк Жейкобс хагас гэрэлтдэг материалаар цув хийж болохыг харуулсан юм.

Ирэх хаврын таван чиг хандлага: Нью-Йоркийн загварын долоо хоногийн дүгнэлт (фото 2)

Цайвар цэнхэр өнгө

Шар ба ягаан өнгийг орлохоор цайвар цэнхэр өнгө ирлээ. Тэнгэрийн цэнхрийг Hellessy, Tibi ба Caroline Herrera, кобальт цэнхрийг Tom Ford, Brandon Maxwell ба Diane von Furstenberg, тунгалаг цэнхрийг Helmut Lang мөн ногоон цэнхрийг Calvin Klein ба Prabal Gurung брэндүүд онцоллоо.

Ирэх хаврын таван чиг хандлага: Нью-Йоркийн загварын долоо хоногийн дүгнэлт (фото 3)

Дундаж урттай юбка

Өвдөгнөөс доогуурх дундаж урттай юбка Нью-Йоркийн загварын долоо хоногийн хамгийн гол трендүүдийн нэг байлаа. Тод өнгөтэй хувилбарыг Marc Jacobs, илүү сонгодог ба эмэгтэйлэг загварыг Victoria Beckham ба Carolina Herrera, харин хамгийн минимал хэв маягтай хувилбарыг Helmut Lang брэнд бүтээжээ.

Ирэх хаврын таван чиг хандлага: Нью-Йоркийн загварын долоо хоногийн дүгнэлт (фото 4)

Пастель өнгө


Ирэх хаврын улирал бүхэлдээ эмэгтэйлэг, зөөлөн хэв маягтай байх болно. Нью-Йоркийн загварын долоо хоногоос дүгнэлт хийхэд пастель өнгөнүүд тод өнгөнүүдийг ялан дийлэх шинжтэй байна. Зөөлөн ягаан туяаг Victoria Beckham, Hellessy, Jason Wu ба Tom Ford брэндүүд цуглуулгадаа оруулж, пастель цэнхрийг Michael Kors Collection, Sies Marjan ба Maryam Nassir Zadeh брэндүүд ашиглаж, харин бүүдгэр шарыг Delpozo ба Marchesa брэндүүд онцолжээ.

Ирэх хаврын таван чиг хандлага: Нью-Йоркийн загварын долоо хоногийн дүгнэлт (фото 5)

цааш үзэх